Төрийн албан хаагч болчихвол,
-Ард түмнээ Арабын шейх шиг амьдруулна. Авлига авах нь бүү хэл үргэлж тэмцэнэ. Төр, түмэн олныхоо төлөө амь биеэ хайрлахгүй гээд Эзэн Чингис хааныхаа “Алд бие минь алжаавал алжаатугай. Ахуй төр минь бүү алдартуйгай” үгийг том жаазанд хийгээд, түүнийгээ өдөр бүр зурагтаар хэлж чадна. Зурагтаар гарахаас өөрөөр бол ард түмэндээ харагдахгүй, ар хударгаар нь “юм цохино”. Ажилдаа ороод хэсэг хугацаа өнгөрөхөд төрөл арилжсан мэт өөрчлөгдөнө. Автобусанд кондуктарт загнуулан, суудал гараасай гээд залбирч явдаг байсан бол төрийнхөө “буянаар”, түмнийхээ татварын мөнгөөр Жийп машин хөлөглөнө. Хамгийн үнэтэй ярьдаг 9911… дугаартай, ухаалаг утас барьчихаад л зогсоо ийш тийш залган, том том бизнес ярина. Утасныхаа мөнгөө хүртэл ядруухан яваа ард иргэдийнхээ татварын мөнгөөр төлүүлчихнэ. Юунд зарцуулахыг хянадаггүй, хаашаа урсаад байгааг мэдэхгүй атлаа татвар төлдөг даруухан ард иргэддээ баярлана. Үнэтэй рестаронд орох бүрийдээ “Миний өмнө байгаа тансаг хоолны мөнгийг төлж буй та бүхэндээ баярлалаа. Ард түмэн” гэж залбирна.
За тэгээд үдийн цайгаа өдрийн 13:00 цагаас маргааш өглөөний 09:00 цаг хүртэл ууж болж байна. Хүн сураглавал, тэр тусмаа сэтгүүлч бол юу гэж хэлэхийг үүдний жижүүртээ үг үсэггүй заагаад өгчихнө. Маргааш өглөө даргадаа юу гэж хэлэхээ орой ганц шил юм ууж суух сиймхийндээ бодчихно. Үнэмшүүлэхийн тулд ямар царай гаргахаа толинд хараад бэлдчихнэ. Хариуцлага тооцоод цалингаараа торговол огт тоохгүй. Тэр цалин гэгч амьдралд хүрдэггүй гэдгийг Монгол Улс практикаар олонтаа баталсан.
Бас хамаатан садангуудаа өөд татахын тулд бол амь биеэ хайрлахгүй. Ичих нүүрэн дээрээ шууд элэг наачихна. Намайг авлигач, идсэн уусан гэж иргэд хараавал тоохгүй. Би ганцаараа авлигач биш. Ард түмэн төрийн албан хашдаг хүн бүрт авлигач “цол” хүртээчихсэн хойно юунаасаа санаа зовох билээ. Авилгаа хэтрүүлээд баригдахаар бол Авлигатай тэмцэх газарт шалгуулчихна. Нотлох баримтгүй хүнийг тэд нар яах юм. Авлига авч байхдаа “Би тэдэн төгрөгний авлига авлаа гээд гарын үсэг зурсан биш. Айх юм алга. Шалгуулна, нэр төрөө цэвэрлүүлнэ гээд хэсэг шуугиулчихна.
Айх юм алга даа. Баян, тансаг амьдрал гэдэг төрийн өндөр албан тушаалтныг тойрч гардаггүй, ямагт дайрдаг тул тийшээ “шургамаар” байна. Танил тал байна уу, хүмүүсээ. Хөлсийг нь гомдоохгүй шүү. Хөлжихийг хүссэн хүний бүхний зорилго төрийн албан хаагч л болчихоод байхад би яагаад дутах ёстой гэж. Би төрийн албан хаагч болмоор байна.
Б.БИЛЭГ
"Ардын эрх" сониноос...