Бразилын алдарт Карнивал албан ёсоор эхэллээ. Уг бүжгийн наадам нь католик шашинтнуудын тооллоор улаан өндөгний баяр болохоос 46 хоногийн өмнө эхэлдэг бөгөөд муу муухайг үлдэн хөөж, сайн сайхан зүйлийг урин авчирч байгаа бэлэгдэл юм. Зарим Христийн шашинтнуудын хувьд Есүс Христийн эргэн ирэх эсвэл дахин амилахад зориулсан баяр гэж үздэг байна. Бразилын алдарт Карнивал 1641 оноос эхлэлтэй бөгөөд Португалийн колончлогчид анх Рио Де Жанейро хотод бүжгийн наадам зохиож байснаас үүдэлтэй юм. Бразилын Рио Де Жанейро болон Сан Паоло хотуудад томоохон хэмжээний Карнивал зохион байгуулагдаж, гадны зочин гийчний нүдийг хужирладаг байна. Карнивалыг самба бүжгийн сургууль зохион байгуулж, мэргэжлийн бүжигчид оролцдог. Энэ баяр нь Африк-Бразилын соёл иргэншлийг харуулдгаараа онцлогтой бөгөөд Бразилчууд энэ үеэрээ 7 хоног гаруй хугацаанд өдөр шөнөгүй бүжиглэж наргиж цэнгэдэг байна. Бразилаас гадна хөрш орнууд нь мөн Карнивал зохиодог. Дэлхийд хамгийн алдартай нь Бразилынх юм. Карнивал нь Рио Де Жанейро, Сан Паоло, Бахияа, Пернамбуко, Минас Гераис стилийнх зэрэг газар нутгийн байршлаараа ялгагдаж, дуу хөгжим, хэмнэл, бүжгийн төрлөөрөө ялгаатай байдаг байна. Бразил улс Карнивал зохиосноороо шар айрагны 1 жилийн худалдааныхаа 80 хувийг, Аялал жуулчлалын орлогын 70 хувийг олдог байна. Карнивалыг Бразилын засгийн газар дэмжиж, ард иргэдээ ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлүүлэхэд зориулж үнэгүй бэлгэвч тараадаг байна. Энэ жилийн бүжгийн наадамд зориулж Засгийн газар 3 сая орчим бэлгэвч үнэгүй тараасан байна. 2011 оны Рио Де Жанейрогийн Карнивалыг 4.9 сая хүн үзэж сонирхсны 400 орчим мянга нь гадны жуулчид байжээ.
Shuum.mn
Shuum.mn