logo
Фүкүшима АЦС-ыг бүрэн аюулгүй болгоход 20-30 жил шаардлагатай

Фүкүшима АЦС-ыг бүрэн аюулгүй болгоход 20-30 жил шаардлагатай

2012/02/25
Цацраг идэвхит бодисоос хамгаалах тусгай хамгаалалтын хувцас бүхий хэвлэл мэдээллийн ажилтнууд өнгөрсөн оны 3 сард Японд цунамид өртөж, үйл ажиллагаа нь доголдсон Фүкүшима Дайчи АЦС-д очиж сурвалжлага бэлтгэсэн байна. Өнгөрсөн 3 сараас хойш 2 дахь удаа хэвлэл мэдээллийн ажилтнууд онцгой бүсэд нэвтэрсэн нь энэ байв. 10 метр өндөр, зарим хэсгээрээ 30 метрт өндөрт хүрч байсан хүчтэй цунами Фүкүшима АЦС-ын 6 реакторын хөргүүрийн системийг гэмтээснээр цөмийн реактор хэт халж хэд хэдэн удаа устөрөгчийн дэлбэрэлт болсон. Тэр даруйдаа  цацраг идэвхит бодис агаарт алдагдсан юм. Цацраг алдагдаж эхэлсний дараа Токиогоос зүүн хойш 240 орчим км зайд далайн эргийн дагуу амьдарч байсан 80 мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн юм. Цөмийн осол болсноос хойш одоог хүртэл Фүкүшима АЦС орчмын хүнсний бүтээгдэхүүн, загас, хүнсний ногооноос цацраг илэрсээр байгаа юм.  Фүкүшима АЦС-ын осол нь Украйны Чернобылийн  АЦС-ын дараа орох хамгийн их хор хохиролтой цөмийн осолд тооцогдож байгаа. Фүкүшима Дайчи станцын захирал нүүлгэн шилжүүлэгдсэн оршин суугчдаас уучлалт гуйсан юм. Шинжээчдийн үзэж байгаагийн 6 реакторын 3-т нь гэмтэл гарч цөмийн савханцарууд хэт улайсч хайлсан юм байна. Өнгөрсөн 12 сард Японы засгийн газар реакторуудын халалтыг бууруулж хяналтандаа авлаа гэж мэдэгдсэн. Гэсэн ч цацраг алдагдсан хэвээр байгаа аж. Фүкүшима АЦС-ын захирлын ярьж байгаагаар цөмийн савханцруудыг реактороос гаргаж авах нь маш хүндрэлтэй байгаа аж. Японы засгийн газар АЦС-ыг аюулгүй болгох төлөвлөгөө гарган боловсруулжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар станц орчмыг бүрэн цацраг бодисгүйжүүлэхэд 20-30 жил хэрэгтэй юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш