logo
Мьянмарын анхны чөлөөт сонгууль дөрөвдүгээр сард болно

Мьянмарын анхны чөлөөт сонгууль дөрөвдүгээр сард болно

2012/02/25
Азийн орнуудын хувьд заан нь хүч болон сайн сайхан амьдралын бэлэг тэмдэг юм. Мьянмарын шинэ нийслэл Нейпидоу хотын оршин суугчдын хувьд заантай үзүүлбэр хамгийн сонирхолтойд тооцогддог. Олон жил цэргийн дэглэм ноёрхсон Мьянмар улс нь ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийн замаар аажмаар замнаж байгаа. Тэд саяхан шинээр Мьянмарын үндэсний уламжлалыг харуулсан загвартай аварга том парламентын ордон барьсан. Өнгөрсөн 3 дугаар сард иргэдийн төлөөлөл парламентад орж ирсэн ч цэрэг армийн нөлөө Мьянмарын парламентад давуу хэвээр байна. Учир нь 2008 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Парламентын гишүүдийн ¼ нь цэрэг армиас сонгогдсон төлөөлөгчид байх ёстой ажээ. Тиймээс нэг эгнээнд дан цэргийн дүрэмт хувцастай төлөөлөгчид, нөгөө эгнээнд иргэдийн төлөөлөл суудаг. Сөрөг хүчний улс төрчид энэ хуулийг өөрчлөхийг эрх баригчдаас шаарддаг байна. Гэхдээ Мьянмарт ардчиллын салхи бага зэрэг сэвэлзэж, ардчиллын бэлэг тэмдэг болсон Аун Сан Су Чийг гэрийн хорионоос гаргаж, улс төрийн хоригдлуудыг суллан зэвсэгт босогчидтой энхийн хэлэлцээр байгуулаад байгаа. Бараг хагас зуун жил Мьянмарын засгийн эрхэнд ноёрхсон цэргийн зөвлөл яагаад гэнэтхэн ардчилал руу тэмүүлээд эхэлсэн бэ гэсэн сонирхолтой асуулт гарч ирж байгаа. Мьянмарын хэвлэл мэдээлэл хариуцсан сайд У Кжо Хсаны ярьж байгаагаар ард иргэд өөрсдийн төлөөлөлтэй болохыг хүссэн хүсэл тэмүүллийг харгалзан үзэж эрх баригчид ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байгаа гэнэ. Мьянмар үнэхээр ардчилсан улс болж чадаж байна уу гэдэг нь ирэх 4 дүгээр сард болох Парламентын сонгуулиар харагдана. У Кжо Хсаныхаар бол энэ удаагийн сонгууль хамгийн анхны шударга чөлөөт ардчилсан байх нь. Мьянмарын Ардчиллын бэлэг тэмдэг Аун Сан Су Чи сонгуульд оролцохоо мэдэгдэж кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Улс төрч эмэгтэй сонгууль ялах магадлал өндөр. Хэрэв Аун Сан Су Чи ялвал гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх магадлалтай. Уг нь 1990-ээд онд түүний удирддаг ардчиллын төлөөх эвсэл ялж байсан боловч цэргийн эрх баригчид сонгуулийн үр дүнг  хүлээн зөвшөөрөлгүй түүнийг хорьж саатуулсан юм. Аун Сан Су Чи  нь Британийн колончлолын эсрэг Мьянмарын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг удирдаж байсан Аун Саны охин юм.     
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш