Өнгөрсөн нэгдүгээр сар дэлхийн хөрөнгийн зах зээлийн хувьд таатай сар болж өнгөрлөө. Гэхдээ Азийн улсуудыг ярьж байна гэж бодож байвал эндүүрэл. Олны санааг зовоогоод байгаа Европ тивийг ярьж байна. Судалгаагаар Европын банкуудын зээлийн хэмжээ нэмэгдсэн. Хөгшин Европын улсуудын зээл тусламж авах нь буурсан. Хөрөнгө оруулагчдын хөрөнгө нэмэгдсэн гэсэн таатай дүн гарчээ. Олон удаагийн яриа хэлэлцээр, арга хэмжээнүүд авагдсаны дүнд Евробүс энэ удаад тэсч үлджээ. Евробүсийг аварсан гол баатраар Европын Төв Банкны шинэ ерөнхийлөгч Марио Драги тодроод байна. Хүмүүс түүнд ажилсаг “Супер Марио” гэдэг хоч өгөөд амжсан. Эдийн засгийн хүндрэлээс болж Европын холбоо тарж бутрах дээрээ тулаад байсан. Харин Европчууд бүсээ чангалж, эдийн засгийн зөв хэмнэлттэй бодлого явуулсны хүчинд одоо эдийн засаг нь сэргэх төлөв ажиглагдаж байна. Европын Төв Банкны үйл ажиллагаа тогтворжжээ. Инфляци буурч 2 хувь болсон. Марио Драгигийн явуулсан эдийн засгийн бодлогын дүнд Европын Төв Банк 500 тэрбум орчим долларын хөрөнгө босгож чадсан аж. Мөн Европын Төв Банк Европын 500 гаруй банкинд маш бага буюу 1 хувийн хүүтэй зээл олгож эхэлжээ. Бага хүүтэй зээлийн хүчинд Испани болон Италийн зээлээ буцааж төлөх чадвар нь нэмэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудын зээл авах нь багасч эдийн засаг нь тогтворжсон байна. Баркли санхүүгийн байгууллагын тооцоолж байгаагаар Европын Төв Банкны бага хүүтэй зээл эдийн засгийн микро төвшинд RBS, SG, BNP зэрэг Евробүсийн гол банкуудын ашиг, хуримтлалыг энэ жил 4 хувиар өсгөх тооцоо гараад байгаа аж. Европын хямрал 1930-аад оны дэлхийн хямралыг санагдуулж байсан. Харин Европын Төв Банкны ачаар энэ байдлаасаа гарч эргэлтийн хөрөнгөтэй болох төлөв ажиглагдаж байна. Төв Банк энэ сард 1 триллион долларыг зах зээлд гаргах гэж байна. Уг байгууллага Европын улсуудад зээл өгөхөөс татгалзаж, тэднийг эдийн засгийн реформ, төсвийн таналт хийхэд нь хяналт, шалгуур тавьж бага хэмжээний зээл олгож байна. Гэхдээ энэ нь Евробүсийн ирээдүйг бүр мөсөн шийдчихлээ гэсэн үг биш юм. Грект байдал хүнд хэвээрээ байгаа. Төв Банкны шаардлагын дагуу Грекийн засгийн газар их хэмжээний төсвийн таналт хийж байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсаар байгаа. Ямартай ч Евробүсийн орнуудын хувьд хонгилын үзүүрт гэрэл сүүмийх болсон байна.
Shuum.mn
Shuum.mn