logo
Осама Бин Ладены амьдарч байсан байшинг нураалаа

Осама Бин Ладены амьдарч байсан байшинг нураалаа

2012/02/29
Пакистаны удирдлагууд Аль-Кайдагийн удирдагч агсан Осама Бин Ладены амьдарч байсан Абботаббад хот дахь байшинг нураах шийдвэр гаргажээ. Албаны хүмүүс энэ шийдвэрийн талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Барилгыг нураах ажил бямба гаригт шөнөөр эхэлжээ. Абботаббад хотын цагдаагийн ажилтан Карим Ханы хэлснээр гурван давхар барилгыг нураах ажлыг хотын удирдлагууд аюулгүйн хүчнийхэнтэй хамтран хийсэн байна. Америкийн тусгай хүчнийхэн өнгөрсөн оны тавдугаар хоёронд тусгай ажиллагаа явуулж, Абботаббад хотод гурван давхар харшид амьдарч байсан Бин Ладеныг хөнөөсөн юм. Тэрээр уг байшинд хэдэн жилийн турш амьдарч байсан байна. Барилгыг нураах үеэр цагдаа нар сэтгүүлчдийг болон оршин суугчдыг барилга руу ойртохыг хоригложээ. Барилгыг бульдозероор нурааж, нурангийг ачааны машинаар зөөсөн байна.
Албаны хүмүүсийн хэлснээр өнгөрөгч тавдугаар сард явуулсан тусгай ажиллагааны дараахан барилгыг нураах шийдвэр гаргасан ч засгийн газар Америкийн тусгай ажиллагааг мөрдөн шалгах комиссыг байгуулсан учраас нураах ажиллагааг хойшлуулжээ. Харин комисс ажлаа дуусгасны дараа барилгыг нураахаар болсон байна.
Америкийн армийн тусгай хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын хоёрны даваа гаригт Аль-Кайда террорист бүлгийн толгойлогч Осама Бин Ладеныг хөнөөсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү тусгай ажиллагааг явуулах тушаалыг гаргасан билээ. CIA буюу Америкийн тагнуулын төв газар Пакистаны нийслэлээс холгүй орших Абботтабад хотод бүгж байсан Бин Ладены талаарх мэдээллийг цуглуулж, тусгай ажиллагаанд туслалцаа үзүүлжээ. 40 орчим минут үргэлжилсэн тусгай ажиллагааны дараа Бин Ладены цогцсыг ДНХ-н шинжилгээнд оруулах зорилгоор Афганистан руу авч явсан бөгөөд цогцсыг 24 цагийн дотор далайд оршуулсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш