logo
Путиныг эсэргүүцэгчид

Путиныг эсэргүүцэгчид "ууртай" байна

2012/02/29
Ням гаригт Москва хотын төвд олон мянган иргэд цуглаж, Путин ирэх долоо хоногт болох сонгуульд өрсөлдөх гэж байгааг эсэргүүцсэн байна. 30 мянга орчим хүн 16 км урт цуваа үүсгэжээ.
Сөрөг хүчний удирдагч Евгения Чирикова хэлэхдээ "Бид хүмүүсийн ухамсрыг өөрчилснөөр чухал амжилтанд хүрч чадна, бидний тэмцэл бол эрх мэдлийн төлөөх тэмцэл биш, бид ард иргэдийн ухамсрыг өөрчлөхийг зорьж байна, Чеховын хэлснээр хүмүүс дарлагдсан байдлаасаа гарах ёстойгоо ойлгох хэрэгтэй" гэсэн байна.
Харин сөрөг хүчний нэр хүндтэй улс төрчдийн нэг болох Борис Немцов эрх баригч Нэгдсэн Орос намынхныг авилгад идэгдсэн хэмээн буруутгаж, тэднийг өөрсдийн эрх ашгийн төлөө ард түмнийг хууран мэхэлж байна гэж мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ "Эрх баригчид тайван жагсаал хийж байгаа ард түмнээсээ эмээж байна, тэд саналыг нь худалдаж авч чадахгүй хүмүүсээс айж байна, эрх мэдэлтнүүд зарц боол, увайгүй, ичгүүргүй хүмүүст дуртай, харин юунаас ч айхгүй хүмүүсээс тэд айдаг, биднийг дэмжигчдийн тоо нэмэгдэх тусам бид тэдгээр хулгайч, луйварчдаас хурдан салж чадна" гэсэн байна.
Энэ зуур Москва хотын төвд Путиныг дэмжигч хэсэг хүмүүс ч цуглажээ. Өнгөрөгч 12-р сард болсон парламентын сонгуулийн дараа Оросын иргэд Путиныг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм. Өнгөрөгч есдүгээр сард Путин Медведевтэй албан тушаалаа солих тухайгаа зарласныг олон хүн дургүйцэн хүлээж авсан. Гэхдээ урьдчилсан санал асуулгын дүнгээс үзэхэд хоёрдугаар сарын 12-ны байдлаар нийт сонгогчдын 55 хувь нь Путиныг дэмжиж байна. Тэгвэл сонгогчдын зургаан хувь нь Михайль Прохоровыг,  есөн хувь нь Генадий Зюгановыг, найман хувь нь Владимир Жириновскийг, таван хувь нь Сергей Мирновыг дэмжиж байгаа нь санал асуулгын дүнгээс харагдаж байна. 
Гуравдугаар сарын дөрвөнд болох ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нэр дэвшигчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш