logo
МУГЖ Ж.Сүххуяг: Талийгаач эхнэрийн маань дүү хоёр өрөө байрыг минь авах гэж намайг “ганц худагт” хийсэн

МУГЖ Ж.Сүххуяг: Талийгаач эхнэрийн маань дүү хоёр өрөө байрыг минь авах гэж намайг “ганц худагт” хийсэн

2012/03/03

Амьдрал гэдэг гэрэл сүүдэртэй оршиж, зовлон жаргал, алдаа оноо, баяр гуниг, нулимс инээд хослож байдаг. Амьдралын бүхий л гэрэлтэй сүүдэртэй талуудыг туулж гарсан хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг. Монголын кино урлагт өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн энэ хүний амьдрал адал явдал, баяр гуниг, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн. “Тэргүүн” сонин энэ дугаарынхаа хойморт МУГЖ Ж. Сүххуягийг урьж, уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар илэн далангүй ярилцлаа.

-Танд болон танай гэр бүлд луу жилийн cap шинийн мэнд хүргэе. Cap шинэ хэр өргөн болов. Жилээс жилд золгох хүний тоо нэмэгдэж байна уу?

-Баярлалаа. Танай сонины хамт олонд болонд уншигчдадаа cap шинийн мэнд хүргэе. Cap шинэ их өргөн дэлгэр сайхан боллоо. Би айлын том, манай эхнэр бас айлын том нь учраас бүгд л бид хоёр дээр ирж золгоно шүү дээ. Цаг хугацаа гэдэг чинь ямар ч хурдан юм бэ. Би нэг мэдэхэд 53 нас хүрсэн өвөө болсон байна. Багш нартайгаа очиж золголоо, ахмадуудаа хүндэтгэж явбал буян нь надад ирэх байх.

-Та нэг хэсэг урлагаас хөндийрсөн. Харин сүүлийн үед кино урлагтаа эргэн ирж нэг хэсэг хүмүүсийг баярлуулж байгаа. Энэ онд ямар уран бүтээл дээр ажллаж байна?

- Би ерөөсөө урлагаас хөндийрөөгүй, урлаг ч надаас хөндийрөөгүй. Намайг чимээгүй байлаа гэж хүмүүс их ярьдаг. Яагаад чимээгүй байснаа би тайлбарлах албагүй. Өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэж л байсан. Хэвлэлээр миний тухай янз бүрээр л бичлээ. Муу дүрд тоглосон гэж ч муу хэлүүлж үзлээ. Би    амьдардгаараа амьдраад, үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, хүнээрээ байсан л гэж боддог. Гэхдээ авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Би кинонд тоглож чадна, авьяастай хэвээрээ байгаа. Заавал хаанд тоглох албагүй. Зүгээр л энгийн дүрд тоглож болно биз дээ. Энэ жил урлагийн бурхан намайг ивээж, их л завгүй байна. Богдын кинонд тоглолоо, “Нар сарны зааг”, “Өрлөг жанжин”, “Тусгаар тогтнол” зэрэг кинонуудад тоглолоо. “Тусгаар тогтнол” кинонд би зураачийн дүр бүтээсэн. Би уран зураг их сонирхдог. Гэхдээ надад нэг хүн “Урлаг бол шорлог биш, урлан бол жорлон биш” гэж хэлж байлаа. Тийм болохоор би шорлог, жорлон болохыг хүсдэггүй. Тэгээд л уран зураг зурах гэж хичээгээгүй юм. Одоо “Соён гэгээрүүлэгч” гээд шинэ телевизэд орчуулагын киноны дуу оруулаад л явж байна.

-Та урлагаас хөндийрөөгүй  юм байна. Тэгвэл Сүххуяг жүжигчин уран бүтээл хийгээгүй нэг хэсэг хугацаа өнгөрсөн байх аа?

-Тийм, уран бүтээл хийгээгүй. Алсаас харж байсан юм. Зах зээлийн нийгмийн эхэн үед талх хэдэн төгрөг, урлаг хэдэн төгрөг байлаа. Сүххуяг хаан биш ядуу жүжигчин шүү дээ. 1991 онд “Шинэ кино” компани гэж байгуулагдаад, нийлж найман кинонд туслах найруулагчаар ажилласан. Хөдөө, гадаа их явсан. Киногоо гаргах гэж бөөн юм болно. Тийм ажил хийж, ар гэрээ тэжээж байлаа. Амьдрал үнэхээр хэцүү байсан. Урлаг тэр үед нэг хэсэг золиосонд гарсан шүү дээ. Тиймээс л ард түмэнтэйгээ уулзаж, ойр байж чадаагүй байхгүй юу. Гэхдээ би урлагаас хөндийрч чадахгүй юм билээ. Манайх 11 дүгээр хороололд байхад би 100 айлын урланд орж будаг үнэртдэг байсан. Гипс үнэртэж, төмөр яаж хөөхийг харж өөрийгөө тайвшруулдаг байлаа.

-Та чинь тэгэхээр жүжиглэхээс гадна уран зураг бас зурдаг байх нь ээ?

-Миний аав уран Гомбожав гэдэг хүний удам юм билээ. Аав маань ч гэсэн гарын дүйтэй хүн байлаа. Түлээний мод аваад л боорцогны хэв хийчихдэг байсан. Тийм болоод ч тэр үү зураг зурдаг, сонирхдог байлаа. Багадаа зургийн дугуйланд явдаг байсан юм. Янз бүрийн л зураг зурдаг байлаа. Гэхдээ одоо надад нэг ч зураг байдаггүй юм. Зураг надад урлагийн амтыг анх мэдрүүлсэн. Сая үзэсгэлэнгээ нээсэн Цэнгүүнжав гээд зураач залуу миний хөргийг зурж өгсөн. Одоо манай гэрт байгаа.

-Одоо кинонд жижиг гэлтгүй дүрд тоглоход гайгүй мөнгө өгчихдөг болсон. Социализмын үед авах ёстой цалингаа л авдаг байсан уу. Таны хамгийн өндөр үнээр тоглосон ямар кино байдаг бэ?

-Би ерөөсөө шагнал мөнгө гэж горьдоггүй. Гэхдээ надад тодорхой хэмжээний цалин мөнгө өгөлгүй яах вэ. Хүн хийх ёстой юмаа хийчихээд хүнээс мөнгөө нэхэх хэрэгтэй биз дээ. Хийгээгүй байж хүнээс мөнгө нэхнэ гэдэг чинь ариун явдал уу. Театрын цалин, зургийн мөнгө, уран бүтээлийн шагнал гээд бас ч гайгүй авна. Одоо бол гэрээ байгуулчихдаг болсон байна лээ. Хамгийн сүүлд “Цагаан дуганы мөхөл” кинонд Цэрэндавга ах маань ярьж өгч байж нэг сая төгрөгөөр тоглосон. “Мандухай цэцэн хатан” кинонд тоглоод 9000 төгрөг авч байсан юм байна. Сүххуяг өнөөдөр нэр алдар, мөнгө хөөцөлдөөд явсан бол амьдрал нь сайхан л байх байсан. Даанч би тэгж яваагүй. Би мөнгөөр биш сэтгэл зүрхээрээ кинонд тоглодог юм. Уран бүтээлийг мөнгөөр үнэлж болохгүй.

-Та “Мандухай цэцэн хатан” кинонд тоглоод хоёр өрөө байраар шагнуулж байсан. Одоо тэр байрандаа амьдарч байна уу. Таныг тэр байраа зараад гудамжинд гарсан гээд л цуураад байсан?

-Би Мандухайд тоглоод хоёр өрөө байраар шагнуулсан. Намайг    Мандухайд тоглосны дараа “Гавьяат авах уу, байр авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Хашааны гавьяатаар яах вэ, байр авъя” гэж хэлээд л хоёр өрөө байр авсан юм. Түүнийгээ алдчихгүй амьдарч байгаа. Намайг архинд ороод, байраа алдсан гэж ярьдаг юм билээ.

-Танай хоёр охин багаасаа    кинонд тоглож байсан. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн үү?

-Хоёр охин маань “Хүйн холбоо” кинонд тоглож байсан юм. Том охин маань “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Удахгүй нэг телевизэд ажилд орох гэж байгаа. Манай охидуудад ээжийнх нь зан ааш их байдаг шүү.

-Та зээгээ кинонд тоглуулсан байсан уу. Энэ нь тохиодлоор кино хальсанд үлдчихсэн үү эсвэл та санал болгосон уу?

-Би “Ээжээ” кинонд өвөөгийн дүрд тоглосон юм. Энэ үеэр миний зээ төрж, би жинхэнээсээ өвөө болсон. Зээ маань төрөөд cap болж байхдаа энэ кинонд тоглосон. Тийм болохоор “Ээжээ” гэдэг кинонд тоглосондоо их бэлэгшээж байгаа. Ерөөсөө л нялх хүүхдийн зураг авах хэрэгтэй болсон юм л даа. Тэгээд л би зээгээ зураг авалтад нь оруулсан. Энэ киног хийж байгаа хүүхдүүд надад санал тавьсан юм. Би өөрөө залуу, оюутан байж үзсэн. Кино урлаг гэдгийг ойлгодог учраас туслахыг хичээсэн. Би хэзээний л урлагийн сэтгэлгээтэй хүн. Багш нар маань надад “Чи нэгдүгээр дамжаандаа жүжигчин, хоёрдугаар дамжаандаа гавьяат, гуравдугаар дамжаандаа Ардын жүжигчин, дөрөвдүгээр дамжаандаа хүн болоорой” гэж хэлж байсан. Тийм зарчмаар би хүн сэтгэлээ гаргаж, энэ залууст тусласан. Мөнгө төгрөг нэхээгүй. Намайг урьсанд баярлаж байгаа. Би кинонд тоглооч гэж урьсан хүн бүрт баярладаг.

-Та “Мөнхтэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэн, “Мандухай цэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр монголын кино түүхэнд мөнхөрсөн. Одоо дахиж ийм мундаг түүхэн дүр бүтээх болов уу. Уран бүтээлчээс ард түмэн үргэлж шинийг нэхэж байдаг?

-Намайг кинонд тоглоосой гэж олон хүн хүсч байсан байх. Би кинонд тоглохгүй удаж байгаад “Суудал” гэдэг жүжигг тоглосон. Б.Галааридын зохиолоор бүтсэн энэ жүжгийг Б.Мөнхдорж багш маань найруулж, намайг Их нирун улсын хаанд тоглуулсан юм. Жүжигт тоглоод гарч ирэхдээ их баярласан. Би баярлахаас гадна ард түмэн баярласан юм шүү. Тэр үед ядарсан нэг эмгэн дугтуйнд 100 төгрөг хийж өгчихөөд миний өмнө сөхөрхөд их гайхсан. Ард түмэн намайг ингэтлээ хүлээж байж дээ л гэж бодсон. Би тэр үеийг хэзээ ч мартдаггүй. Би хэзээ ч Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гуайн дээр гарч чадахгүй. Гэхдээ дээр нь гарахын төлөө тэмцсэн сэтгэл минь тэндээс харагддаг байх. Би Чилүгэндээ дэндүү хайртай. Хүний амьдрал өөрөө түүх байдаг. Дүрүүд бол зохиол. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн. Тэр 13 дугаар зууны түүхийг тухайн үед ард түмэнд хүргэж чадсанаараа би мөнхөрч болно. Тухайлбал А.Очирбат гуайг Итгэлт баян гэдэг биз дээ. Түүн шиг л намайг Батмөнх даян хаан гэдэг. Энэ түүх бүтээсэн юм биш. Миний мэргэжлийн онцлог юм даа.

-Ер нь та яагаад театраас гарсан юм бэ?

-Би Мандухайд тоглосны дараа 1987 онд “Хайрыг хайрла” жүжигт тоглосон. Тэр үед би тайзан дээрээс унаад бэртчихсэн юм. Миний бүдүүн, нарийн гэдэс, сэмж язраад дөрвөн удаа хагалгаанд орсон. Тэгэхэд И.Нямгаваа найруулагч байсан юм. Хагалгаанаас гараад театртаа нэг жил үйлдвэрчний хорооны дарга хийсэн. Нэг өдөр улс төрийн товчооны дарга ирлээ гэхэд нь би очиж тоглосон. Тэр тоглолтын дараа “Хүүхэд залуучууд”-ын театрын тайзыг үнсээд, үзэгчид надад бэлэглэсэн цэцгийг намайг эмчилсэн Бат-Оргил    эмчид өгснөөс болж хурлаар ороод халагдаж байлаа. Тэр цэцгийг эмчид биш Батмөнх даргад өгөх ёстой юм гэсэн. Харин нэг жил гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Б.Бапжинням, Б.Мөнхдорж, Н.Сувд гээд миний багш нар “Энэ хүн Монголын кино урлагт хэрэгтэй шүү” гэдэг сэтгэлээр эргэж ирж байлаа. Монголын урлагийнхан бүгд л эргэж ирдэг байсан. Бүгд “Чи босно шүү, кино урлагт хэрэгтэй байна” гэдэг байсан болохоор сэтгэлийн тэнхээтэй байж чадсан. Театраас гараад гурван cap болж байтал Б.Балжинням багш яриад “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрд тогло. “Энэ дүрд чи л тоглоно. Миний хүү л гаргаж чадна” гэж хэлсэн. Тэгж л би тоглосон юм. Гэхдээ багшийнхаа сэтгэлд хүртэл тоглож чадаагүй байх гэж дотроо боддог. Харин өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглосон.

-Сая театрын 80 жилийн ой болж нэлээн өргөн тэмдэглэлээ. Мэдээж танд урилга өгсөн биз дээ?

-Миний хань нэг хоногийн өмнө догдлоод л хувцсыг минь бэлдээд байсан. Даанч надад урилга ирээгүй. Би дотроо битүүхэн хүлээгээд л, гаднаа эхнэрээ тайвшруулаад л сууж байсан. Урилга ирээгүй.

-Таныг Чилүгэний дүрийг бүтээснээрээ алтан    үеийн жүжигчдийн ачийг нь хариулсан хүн гэж би боддог шүү?

-Дүр хэзээ ч давтагддаггүй. Одоо Цогт тайжийн дүрийг Ц.Цэгмэд гуай шиг бүтээх хүн нэг ч байхгүй. За яах вэ дуурайж болох юм. Харин Батмөнх даян хааны дүрийг надаас илүү бүтээх хүн гараад ирвэл би баярлана. Чилүгэний дүрийг ч бүтээх хүн гарч ирж болох юм. Залуу уран бүтээлчид чадалтай, авьяастай    болж. Үүгээрээ л ялгаатай. Тэр мундагуудыг давтах хүн байхгүй байхад надаас илүү тоглох хүн байхыг үгүйсгэхгүй.

-Гэхдээ л тан шиг бүтээнэ гэж байхгүй?

-Яах вэ дээ, тухайн үедээ л үзэгчид үнэлсэн юм байгаа биз. Хүмүүсийг үе үеэр нь ялгаж, зааглаж байна. Одоо намайг Чилүгэн, Батмөнх даян хаанд тоглосныг хэн мэдэх юм. Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг гэж таньдаггүй л байхгүй юу. Автобусанд суухад надаас мөнгө нэхдэг. Би гавьяатын тэмдгээ зүүгээд явахыг хүсдэггүй. Хүнээрээ л байхыг хүсдэг. Бидний мэргэжил чинь хүн судлал шүү дээ. Бид чинь зүгээр л энгийн ард түмний нэг хэсэг. Барилгачинтай л ялгаагүй. Барилгачин энэ барилгыг би барьсан шүү гэж үр удамдаа хэлнэ биз дээ. Түүн шиг би тэр кинонд тоглосон гэж хэлнэ шүү дээ. Амьдрал чинь ийм л энгийн. Өнөөдөр од гээд л яриад байна. Тэнгэрт л од байхаас газарт над мэтийн хүн л байдаг юм.

-Сүүлийн үед телевизээр солонгосын савангийн дууриас өөр кино гарахаа больсон болохоор алтан үеийн жүжигчдээ автобусны кондуктор хүртэл
танихаа байсан юм байлгүй дээ?

-Хүн нас ахина, өөрчлөгдөнө. Тэгээд л таньдаггүй юм байлгүй дээ. Гэхдээ би урлагт бүтээсэн дүрүүдээрээ л бахархаж, баярлаж явдаг. Дүрээрээ л үлдэнэ дээ гэж боддог болохоор хүмүүст гомддог юм байлгүй дээ. Би Ардын жүжигчин Ц.Гантөмөртэй таарахдаа өвдөгнөөс нь адис авдаг. Н.Сувдаа багшдаа үнсүүлдэг. Ард түмэн тэднийг над шиг л хүндэлдэг байх. Харин намайг хүмүүс танихгүй бол яахав дээ. Би группт байдаг болохоор үнэмлэхээ үзүүлээд л автобусанд явчихдаг.

-Таныг нэг хэсэг архичин боллоо, бараг л траншейнд амьдарч байна гэж шуугиж байсан?

-Тэр юу ч биш. Түүнээс ч илүү муу хэлж байсан. Монголын урлагийн бүх л хүмүүс тийм замаар замнадаг юм шиг байна лээ. Би архи уусан. Алдсан. Гэхдээ л амьдралаа эргүүлээд олоод авсан. Одоо сайхан л амьдарч байна.

-Таныг эхнэрийнхээ амийг хорлосон гэж хардаж “Ганц худаг”-т хүртэл суулгаж байсан?

-Үнэндээ би тийм хэрэг хийх хүн мөн үү. Хүнийг арай ч тэгж “алж” болохгүй л дээ. Цагдаа нар ч тэгж буруутгаж, хардаж шалгасан юм. Надад маш хүнд байсан. Талийгаач эхнэрийн маань дүү Налайхад байдаг хүүхэн, өргөмөл охиныг маань асрамжийн газарт өгчихөөд төрсөн охин, хоёр өрөө байрыг минь авах гэж л ийм муухай юм хийсэн юм билээ. Би хүн алж, хүрээ талаагүй. Манай талийгаач сүүлдээ траншейны хүмүүстэй нийлж уудаг болчихсон байсан. Бид гэртээ нийлж ууж байгаад найзынхаа нөхөртөө хамт гарч яваад зодуулсан юм.

-Таныг яг ямар үндэслэлээр хардах болсон юм бол. Таны талийгаач эхнэрийг сүүлийн үеүдэд архи их уудаг болсон гэдэг юм билээ?

-Эмэгтэй хүн чинь их өрөвдөлтэй юм билээ. Намайг архинаас гаргах гэж нададтай зэрэгцэж архи уусаар байгаад нэг мэдэхэд л архичин болсон байсан. Би тэр үед монголын кино урлагт гомдож архи уудаг байлаа. Д.Сэдэд багшид минь гавьяат өгөөгүй учраас Н.Энхбаяр ерөнхийлөгч рүү агсам тавьж байсан юм.

-Таныг “Ганц худаг”-т байхад хүмүүс яаж хандаж байв. Тэнд хэр удаан суусан бэ?

-Гурван cap болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаа гуайн эгч Ш.Итгэл гэдэг өмгөөлөгчид би их баярлаж явдаг. Хүн бүр намайг эхнэрээ хөнөөсөн гэж бодож байхад тэр хүн л “Сүххуяг хэзээ ч хүн алахгүй. Яагаад гэвэл миний хүргэнээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч байсан юм” гэж хэлээд намайг өмгөөлж байсан. Тэр хүнийг би ээж шигээ хүндэлдэг. Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.    Өнөөдөр тэр хүний хүчээр би зээгээ харлаа, өвөө боллоо. 8-15 жилийн ял төлөвлүүлчихсэн байхад бүх үнэн мөнийг нь ялгаж салгаж өгсөн. Гэхдээ тэр газарт чинь жинхэнэ хүмүүс, амьдрал, хүнтэй зөв харьцах соёл байдаг юм билээ. Гадаа байгаа орчныг хүн тэнд дотроо тээж байх ёстой юм гэдгийг мэдэрсэн. Түүнээс биш танхайраад, солиороод, орилоод байсан бол хэцүүдэх байсан биз. Хүний амьдралд гомдол, шанапал хоёр цуг явдаг юм гэдгийг тэнд байх даа л мэдэрч байлаа.

-Танд өмгөөлөгч авах мөнгө байгаагүй юм уу?

-Байгаагүй. Хэн ч намайг өмгөөлөхгүй, би өөрийгөө өмгөөлнө гэж байхад тэр хүн хүрч ирээд би чамайг үнэгүй өмгөөлнө гээд л өмгөөлсөн.

-Мөрдөнд байхад тантай хүмүүс яаж харьцаж байв. Бас нэртэй жүжигчин болохоор арай гайгүй хандана биз?

-Цагдаа    нар хуулийнхаа дагуу, хүмүүс хүн ёсоор харьцаж байсан. Даян хаан, Чилүгэн гэж харьцаж байгаагүй. Цагдаа нар намайг баривчлаад, гар дээр юм бичээд л оруулсан. Би долоо хоног нойргүй байсан. Ном уншиж л өнгөрөөдөг байлаа. Ж.Пүрэв гуайн “Манан будан” роман хэсэг хэсгээрээ л олддог байлаа. Бүхнийг мартахын тулд л тэр номоо уншина. Сүүлдээ за за тэр явдаг газар руу нь явъя даа гэж бодсон. Яг итгэл алдраад 45 хонож байхад Ш.Итгэл эгч ирж уулзсан. Тэгээд л жаахан сэтгэл сэргэсэн. Тэнд байхад долоо хоногт гурван удаа гадаа гаргадаг байсан. Д.Хишигээ, Я.Баярсайхан гээд хүмүүс надад тусалж байсан. Хүн хуулиа л дагавал болдог юм билээ. Гадаа гараад л тамхи татна. Зогсохоор өвдгөөр хатгуулдаг байсан. Тэр үед Дамбын Хишигээ “Сүхээ ах, та битгий “Алтан навч” татаад бай. Биед чинь муу. Та “Kent” тат гээд л блокоор нь өгдөг байсан. Хоёр охиндоо өгөөрэй гээд л мөнгө өгнө. Тамхи татаад зогсч байхдаа “Хүн амьдралдаа иймэрхүү юм үзэх хэрэгтэй. Тэгж байж л хат сууна” гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Гэхдээ л шүүх хурал дээр айсан шүү. Хоёр охиндоо санаа зовсон, айсан, хямарсан. Харин өнөөдөр үр хүүхэддээ харагдаад сайхан амьдарч байна. Энэ бол Ш.Итгэл өмгөөлөгчийн гавьяа.

-Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Таныг мандаж явахад нөхөрлөж байсан андууд ядрах цагт яаж хандаж байх юм?

-Би өөрийгөө ядарсан гэж хэлэхгүй. Хүмүүсийн хэлдэг шиг архинд живээд, сүйрсэн ч юм байхгүй. Намайг театрт байхад “ТАС” корпорацийнхан “Сансар” кино театрыг авчих гэж байсан. Тэгэхэд нь би урлагтаа үнэнч гээд аваагүй. Түүний дараа “Чилүгэн” гэж компанитай байсан. Захирлаар нь Мандухай, Чингисийн бүх хувцсыг хийсэн Оргодол гэдэг хүн байлаа. Сайхан залуу. Одоо хүртэл байгаа. Түүний үр хүүхдүүд манайхаар орж гардаг. Би тэр хүмүүстэй нийлээд багшдаа зориулж “Эргүнэ хунгийн домог” гэдэг кино хийсэн. Хүнийг мартдаггүй, хаядаггүй найз нөхөд гэж байдаг юм. Өөр бусдын тухай яриад яах вэ.

-Одоо та элэг бүтэн сайхан амьдарч байна. Энэ бүхэн одооны ханьтай чинь салшгүй холбоотой байх. Энэ хүнтэй яаж танилцсан юм бэ?

-Миний эхнэр чинь эмч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн хүн л дээ. Би ядарч явахад таарч, танилцаж намайг энэ амьдрапд дахин амьдрах итгэл хайрласан бурхан юм шүү. Бид ханилаад бараг дөрвөн жил болчихож. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй нийлсэн. Хоёр том маань тусдаа гарсан.

-Одоо найз нөхөдтэйгээ таарахаараа хааяа нэг татаж байгаа биз дээ?

-Ах нь нэг их уухгүй байгаа. Бие муу болохоор. Хааяа л нэг татах юм даа. Миний эхнэр сайн хүн. Анхаарал халамж ч сайн тавьдаг. Тэр хүнийг бодсон ч архи уугаад яваад байх учиргүй.

-Та чинь тал харавсан байх аа. Одоо таны бие тэнхээ гайгүй биз дээ?

-Миний бие зүгээр. Тал харваад дөрвөн жил болж байна. Ханийнхаа буянаар одоо сайхан л болж байна. Түүнээс биш нэг өвдөөд байхгүй шүү. “Харин ч шөнө дөл болтол кино үзээд эхнэртээ загнуулна шүү дээ.

-Та амьдралын хатуу хөтүү, зөөлөн зөвийг туулж ирсэн хүн. Таныхаар аз жаргал гэж юу вэ. Энэ олон жилийн дараа бодоход шүү дээ?

-Зээгээ харах л аз жаргал юм билээ. Би хараад л уйлсан. Зээдээ Есү гэдэг нэр өгсөн. Одоо зээгээ харах болгондоо уйлдаг. Амьдралын аз жаргал бол үр удмаа харах л юм билээ. Би охиноо хараад, зээгээ хараад л хамгийн их баярлаж байсан даа. Ах нь долоон жил хүүхэдгүй явсан. Тэгээд асрахаас хүүхэд өргөж авч байлаа. Тэр охин маань намайг өвөө болгосон. Охидууд маань бүгд л мэргэжилтэй болчихлоо. Хүн амьдралдаа нэг л шулуун шугамаар явах ёстой. Миний аав, Д.Сэдэд багш хоёр ч хэлдэг байсан. “Чи амьдралын нэг л шугамаар яв. Явах замдаа согтуу хүн шиг гуйваж болох юм. Гэхдээ хазайсан ч гэсэн шугамдаа орж, амьдралаа эргүүлж авах нь чиний ухаанаас шалтгаална” гэж. Би амьдралдаа алдаж, онож явсан. Гэхдээ тэр бүхнийг тоодоггүй. Харин аавыгаа баярлуулж чадаагүй дээ л өөртөө гомддог.

-Яагаад. Харин ч олон сайхан дүр бүтээж баярлуулсан юм биш үү?

-Үгүй. Аав минь баярлаагүй. Ээж минь ч баярлаж чадаагүй байх гэж боддог. “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагины дүрд тоглочихоод гараад ирэхэд ээж минь “Би арай ч ийм тахир дутуу хүүхэд төрүүлээгүй дээ” гэж хэлж байсан. Аав минь ээжийг дагуулаад юу ч хэлэлгүй автобусанд суугаад л явж байсан. Тэр явдлыг бодохоор л нулимс гардаг юм.

-Ярилцсанд баярлалаа

Л.Цэдэвсүрэн
Эх сурвалж: “Тэргүүн” сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш