logo

"Лалын ахан дүүс" хөдөлгөөнийхөн нам байгуулав

2012/03/05
Одоогоор Египетэд улс төрийн гол хүчин болоод байгаа "Лалын ахан дүүс" хөдөлгөөнийхөн хөрш Ливи улсад нам байгуулсан тухай Ассошиэйтед Пресс агентлаг тус хөдөлгөөнийхний мэдэгдлийг иш татан дамжууллаа.
    Хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Мохаммед Гаирын хэлснээр, өнгөрсөн бямба гарагт Ливийн нийслэл Триполи хотод уг хөдөлгөөний 1400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй "Шударга ёс, хөгжлийн нам" байгуулагдсан байна. Шинэ намын тэргүүнээр Мисрата хотоос гаралтай Мохаммед Сованыг сонгожээ. Тэрбээр өмнө нь зочид буудлын менежерээр ажилладаг байсан бөгөөд Муамар Каддафийн дэглэмийн үед улс төрийн хэргээр найман жил шоронд хоригдсон байна.
    Гаирын хэлснээр мөн "Лалын ахан дүүс" хөдөлгөөн Ливид 1949 оноос байсан боловч Каддафийг засгийн эрхэнд байх хугацаанд хөдөлгөөний ихэнх удирдагч нь шоронд хоригдож эсвэл цөлөгджээ. Одоогийн байдлаар лалын шашинтнуудын хөдөлгөөний төлөөлөгчид Ливийн 18 хотод байна.
    Мэдэгдэлд дурдсанаар, Каддафийн эсрэг бослого хөдөлгөөнд ливичүүдийг араасаа дагуулсан зарим удирдагч "Лалын ахан дүүс" хөдөлгөөний төлөөлөгчид байсан боловч Ливийн шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд уг хөдөлгөөнийхөн багтаагүй ажээ.
    Өнгөрсөн жилийн төрийн эргэлтийн дараа эх орондоо эргэн ирсэн уг хөдөлгөөнийхнийг дэмжигчдийн дунд чинээлэг бизнес эрхлэгчид байгаа ба тэд шашны үнэт зүйлс дээр тулгуурласан нийгмийг байгуулах болно гэж лалын шашинтнуудын хөдөлгөөний төлөөлөгч ярьсан байна.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш