logo
Иргэдэд газар өмчлүүлэх хугацааг сунгах санал гаргажээ

Иргэдэд газар өмчлүүлэх хугацааг сунгах санал гаргажээ

2012/03/05
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Одхүү, Н.Батбаяр, Х.Баттулга, Г.Баярсайхан нар санаачлан Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ.

Хуулийн төслийн гол зорилго нь Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хугацааг сунгаж, энэ ажлын явцыг эрчимжүүлэх зорилготой юм байна. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийн хүчинтэй үйлчлэх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд дуусах тул энэ хугацааг дахин таван жилээр 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгахаар төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын гишүүд 2008 онд Монгол Улсын өрх бүрт газар өмчлүүлэх тухай хуулийг өөрчилж Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль болгон өөрчлөх хуулийг санаачилж УИХ-аар батлуулсан юм. Тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж тэр үед хэвлэлийн бага хурал зарлан “Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх нь АН-ын олон жилийн хүсэл мөрөөдөл бөгөөд одоо биелэлээ оллоо” хэмээн мэдэгдэж байв.

Газар өмчлүүлэх хугацааг сунгаснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд Монгол Улсын 2,7 сая иргэний 90.81 хувь буюу 2,5 сая гаруй иргэн Үндсэн хууль, бусад холбогдох хуульд заасан эрхээ эдэлж газраа хувьчилж авах боломж бүрдэх юм байна.

Газар нутгийг Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуульд заасан Улсын газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэнд өмчлүүлэх газрын нөөцийн бодлогын хүрээнд газар, нутгийг дэд бүтэцжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн төвшинг ойртуулах, төвлөрлийг сааруулж, эдийн засгийн идэвхитэй бүсийг олон дахин тэлэх, иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан үндэсний эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны төвшний бодитой тогтвортой өсөлтийг хангах зорилгыг биелүүлэх боломж улам нэмэгдэх ажээ.

Мөн иргэд өөрсдийн өмчлөлийн газартай болсноор үл хөдлөх хөрөнгөтэй болох, үл хөдлөх хөрөнгөө санхүүжилтэд ашиглах, хойч үедээ өвлүүлэх процесс тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэх юм байна.

Энэ хуулийг санаачлагчид доорх үндэслэлээр уг хуулийн төслийг санаачилсан байна. Монгол Улсад өрхийн зориулалтаар газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2008 оноос тус тус мөрдөгдөж байгаа юм. Эдгээр хууль хэрэгжиж эхэлсэнээс хойших есөн жил гаруй хугацаанд нийт хүн амын дөнгөж 9,19 хувь нь газраа өмчилж авчээ.

2010 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 115525,9 мянган га буюу 73,86 хувь, хот, тосгон бусад суурины газар 620,6 мянган га буюу 0,39 хувь, зам, шугам сүлжээний газар 407,1 мянган га буюу 0,26 хувь,ойн сан бүхий газар 14297,9 мянган га буюу 9,13 хувь, усны сан бүхий газар 682,8 мянган га буюу 0,44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 24877,3 мянган га буюу 15,91 хувийг тус тус эзэлж байгаа юм байна. Энэ мэдээллээр иргэдэд өмчлөх боломжтой  хот, тосгон бусад суурин газрын нийт газар нутагт эзлэх хэмжээ ердөө ,.39 хувийг эзэлж буй аж.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойших хугацаанд буюу 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 255458 иргэн 28287,68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж авчээ. Мөн 2003 оноос 2011 оны эхний хагас жил хүртлэх ес жил орчмын хугацаанд улсын хэмжээгээр 28287,68 га газрыг 255458 иргэн хувьчилж авсан нь нийт хүн амын 9,19 хувийг, иргэдийн хувьчилж авсан газар нийт газар нутгийн 0,19 хувийг эзэлж байгаа ужээ.

Газраа хувьчилж авсан иргэдийн тоог засаг захиргааны нэгжээр гаргаж үзэхэд улсын дундаж 9,19 хувь байгаа бол, нийт хүн амын 45 орчим хувь оршин сууж буй Улаанбаатар хотод газраа хувьчилж авсан иргэд нийт оршин суугчдын 7,54 хувийг эзэлжээ. Хот суурин газарт ялангуяа нийслэлд газаргүйдээ биш дэд бүтэцтэй зах зээлд ойр, эдийн засгийн ач холбогдол өндөртэй газар багассантай холбогдож иргэд газар хувьчилж авах хүсэлтээ ирүүлсэн ч шийдэгдэхгүй байсаар байна гэж хууль санаачилсан гишүүд үзжээ.

Монгол Улс нэг иргэнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг ч улсын нийт газар нутгийн дөнгөж 0,075  орчим хувийг эзлэх нутаг дэвсгэр бүхий нийслэлд хүн ам хэт төвлөрснөөс, ихэнх нутагт хүн амын нягтаршил ихэд сийрэг болсон байна. Мөн энэ төвлөрлөөс хамаарч нийслэлд олон тулгамдсан асуудал бий болсон гэж гишүүд тайлбарлажээ.

“Аль ч оронд нийт газар нутгаа иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулснаар эрчимтэй хөгжих хэрээр иргэдийнх нь бодит амьжиргаа ч тогтвортой дээшилж байна. Зах зээлийн эдийн засгийн орнуудад иргэн бүр өөрийн гэсэн эзэмшлийн газартай болсноор үл хөдлөх хөрөнгөтэй болж, үл хөдлөх хөрөнгөө санхүүжилтэд ашиглах, хойч үедээ өвлүүлэх процесс тасралтгүй явагддаг. Мөн олон оронд газрын харилцааны талаар төрөөс баримтлах болон байгаль орчныг хамгаалах бодлогод “иргэдийн зохистой ашиглалт хамгийн сайн хамгаалалт” гэсэн зарчим зонхилох байр суурь эзэлдэг байна. Цаашид Монгол Улсын төр, засгаас газар нутгийг орчин үеийн техник, технологийн хөгжлийг сайтар ашиглан газар, нутгийг дэд бүтэцжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн түвшинг ойртуулах,төвлөрлийг сааруулж эдийн засгийн идэвхитэй бүсийг олон дахин тэлэх, улмаар газрыг иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулан үндэсний эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны төвшний бодитой тогтвортой өсөлтийг хангах зорилгыг биелүүлэх шаардлагатай байна.

Энэ зорилгын хүрээнд газрын харилцааны бодлогыг зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцүүлэн шинэчлэх, бусад орны төвлөрлийг сааруулах зорилгоор эдийн засгийн идэвхитэй бүсээ тэлсэн сайн туршлага, мэргэжлийн зөвлөх компаниудын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэн газрын тухай, хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу жил бүр улсын газрын нэгдмэл санд үнэлэлт, дүгнэлт гаргах, улсын газар зохион байгуулалтын болон хот, хот суурин газрын хот байгуулалтын төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Түүнчлэн газрыг дэд бүтэцжүүлэх ажлын хүрээнд төвлөрсөн бус бага, дунд оврын бие даасан дэд бүтцийг бий болгох байгаль орчинд ээлтэй тэргүүний технологийг ойрын үед нутагшуулах нь зүйтэй байна” гэж гишүүд үзжээ.

Газрын болон хот байгуулалтын тухай хууль, хот төлөвлөлттэй холбогдсон хууль, тогтоомжийн хүрээнд жил бүр Монгол улсын хэмжээнд Монгол улсын иргэн бүрт өмчлүүлэх газрын нөөцийг шинэчлэн тогтоож байх шаардлага зүй ёсоор урган гарчээ. Хэдийгээр Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх тухай хуулийн хүчинтэй мөрдөгдөх хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-нд буюу нэг жил орчмын дараа дуусах ч газрыг иргэдэд өмчлүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн цаашид иргэдэд өмчлүүлэх газрын нөөцийг бүрдүүлэх, дэд бүтэцтэй болгох зэрэг ажлын бэлтгэлийг хангах шалтгаанаар энэ хуулийн үйлчлэх хугацааг таван жилээр сунгах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш