logo
48-д багтах гэсэн улстөрчдийн тойргийн тулаан эхэлчихлээ

48-д багтах гэсэн улстөрчдийн тойргийн тулаан эхэлчихлээ

2012/03/06
Сонгуулийн хуулийн шинэ­чилсэн найруулгаар улс­төрийн хүчнүүд тол­хилцож байх зуур 48 тойргоо өмчилсөн ул­с­төрчид яс булаалдсан но­ход шиг хэмлэлдэж эхэллээ.
Ялангуяа орон нутгийн мандатыг багасгаж, хотын тойргийг томруулсан нь зарим улстөрчийг цус харвуулахад ойрхон байна. Нам нэгтэй нөхөд тойргоо булаацалдаж, нэг тогооноос хоолоо идэж чадахгүйд хүр­гээд байгаа тойргийн тулаанд намдаа хэн их мөн­гө хандивлаж, намын даргын хайр хүндэтгэлийг хүлээсэн нь ялах нь дамжиггүй.

Тиймээс энэ удаа аль тойрогт хэн хэн өрсөлдөхөөр ирэх сонгуульд бэлдэж байгаа талаар чих тавьсан юм. Ямартай ч одоогийн УИХ-д суугаа 76 эрхмээс нэлээд хэсэг нь хуучин тойргоо өөрчилж, зарим нь нэр дэвшихгүйд хүрчээ.
Тухайлбал, Өвөрхангай аймаг хоёр мандаттай болж АН-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нар нэр дэвшихээр болсон бол УИХ-ын гишүүн З.Энхболд Эрдэнэтээс нэр дэвшихээр намын даргадаа тойрог захиалсан сурагтай. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар санаархаад эхэлчихсэн.
Төв аймаг хоёр тойрогтой болж МАН-аас шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Су.Батболдын хэн нэг нь 28-д багтах тохироо одоогоор яригджээ. Харин АН-аас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын нэрс одоогоор яригдаж байна.
Сүхбаатар аймаг нэг мандаттай болж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэр дэвших захиалгаа өгсөн. Товчхондоо УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд нар тойргоосоо жийгдэж, 28-ын жагсаалтад багтахыг юу юунаас илүү эрмэлзэж буй гэх. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Одкон холдинг”-ийн захирал Л.Мөнхбатын “пи-ар”-ыг хийж явна. АН-аас “Монос”-ын захирал Ж.Эрдэнэчимэг, Засаг дарга Ж.Батсуурь нарын нэрс олон нийтэд тодорхой болсон.
Ховд аймаг хоёр ман­дат­тайгаас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар хүч үзэх ч аймгийн Засаг дарга Ж.Нямдаваа, Г.Адьшаа, У.Барсболд нар багагүй чөдөр тушаа болох гэнэ. АН-аас УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр,аймгийн намын дарга  Пүрэвдорж, С.Хүрэлсүх  нарын нэрс яригдах боллоо.
Дундговь аймаг нэг мандаттайгаас УИХ-ын гишүүн Х.Наранхүү нэр дэвших бол УИХ-ын гишүүн Р.Раш нийслэлийн Баянгол дүүргээс ирэх сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаасан сурагтай.    
Өмнөговь аймаг нэг мандаттай болж МАН-аас Х.Бадамсүрэн, Ц.Оюун­баа­тар, АН-аас Бат-Эрдэнэ, Ц.Баяр­сайхан нарын дунд бага­гүй тэмцэл өрнөсөн гэнэ.    
Дорнод аймаг хоёр мандат­тай болж МАН-аас УИХ-ын гишүүн Д.Одбаяр, БСШУ-ы дэд сайд Х.Ундармаа, НХХ-ийн дэд сайд Н.Ном­тойбаяр, АН-аас УИХ-ын гишүүн П.Ал­тангэрэл, С.Билэг­сай­хан нар хүч үзэхээр болжээ. 
Булганыхан будлиантай ч, будаан дээрээ зодоонтой гэгчээр нэг мандаттай болсон нь чамгүй хэрүүлийн алим шидчихлээ. Ямартай ч УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Ц.Гарамжав Э.Мөнх-Очир нарын албан ёсны өрсөлдөгчид байгаа­гаас гадна БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гүйгүүл морь шиг ээжийнхээ нутаг руу “зэсрэх” болсон нь МАН-ынх­ны өрсөлдөөнийг ширүүс­гэж өглөө. АН-д хүчтэй өрсөлдөгч байхгүй, одоо­гоор “Эрин интер­нейшнэл”-ийн захирал Я.Эрхэм­баяр, Буянгийн Б.Жар­гал­сайханы дүү Б.Бат­сай­хан, УИХ-ын гишүүн асан Р.Бадам­дамдины хүү Б.Бат­­түв­шин нарын нэрс сонс­тох боллоо. 
Увс аймаг хоёр мандаттай болж ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж жагсаалтын 28-д автоматаар орох цээжний тооцоо яригдах болов. АН-аас НХХ-ийн дэд сайд асан Д.Нямхүүгийн нэр тодорхой болжээ.
Хэнтий аймаг хоёр мандаттай. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нарын дунд тойргийн дайн эхэлчихсэн. УИХ-ын гишүүн Д.Арвины хувьд тойрог олдохгүй Баянзүрх дүүрэгт дэвших гэж хөөцөлдөж явна. АН-аас Хүдэрбаатар, экс Засаг дарга Ц.Жаргал, Г.Гарамгайбаатар нарын нэрс яригдаад эхэлчихсэн.
Завхан аймаг хоёр мандат­тайгаас УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол, Ш.Сай­хансам­буу хүчтэй байгаа бол УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирт ман­­дат­гүй хоцрох магадлал их байгаа гэнэ. АН-аас Засаг дарга Я.Санжмятав, “ХААН” банкны дэд захирал Д.Батсайхан, “Мон­­гол шуу­дан” банкны захирал асан З.Нарантуяа, Шинэ­­­­баатар нар эртнээс сон­гуу­лийн­­хаа бэлтгэл ажилдаа гар­сан.
Дорноговь аймаг нэг мандаттай болж “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн эхнэр Г.Эрдэнэчулуун, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, АН-аас УИХ-ын гишүүн Я.Бат­суурь, Засаг дарга П.Ган­хуяг нарын нэрс яриг­даж байна.  
Баянхонгор аймаг хоёр мандаттайгаас МАН-аас УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Г.Зан­даншатар, “MCS”-ийн Л.Элдэв-Очир, “Мон лаа” компанийн захирал Ж.Энхсайхан нарын нэрс яригдаад эхэлчихсэн. АН-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр дэвших нь тодорхой. Хөвсгөл аймаг хоёр мандаттай болж “MCS”-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан УБГ-ын дарга асан Б.Мөнхбаатар, АМХЭГ-ийн дарга асан Д.Батхуяг, УИХ-ын гишүүн С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Да­ваа­сүрэн, Эрүүл мэн­дийн дэд сайд Ж.Цолмон, АН-аас Л.Гүн­далай, Ц.Сэд­ван­чиг на­рын нэрс яриг­даад эхэл­чих­сэн.
Архангай аймаг хоёр ман­дат­тай болж АН-аас  УИХ-ын гишүүн С.Ламбаа, Н.Батбаяр, Р.Гон­чигдорж, Болор  нарын нэр сонстож байсан. Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, “Гок”-ийн захирал Ч.Ганзориг нарын нэрс тус тойргийг онилчихжээ.   
Баян-Өлгий аймаг хоёр ман­­дат­тайгаас одоогийн гишүүд болох УИХ-ын гишүүн Х.Баделхан, А.Телей­хан, Х.Жекей нар сонгогд­соноос хэн нэг нь гоц мөргөх бололтой. АН-аас УИХ-ын гишүүн А.Мурат, С.Бакей нарын нэрс шивэр авир хийж байна.
Дархан-Уул аймаг хоёр мандаттайгаас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УТЕГ-ын дарга Б.Баттөмөр, Сангийн сайд Ж.Хаянхярваа, ЗТБХБ-ын дэд сайд Б.Цэнгэл нарын нэрс яригдаж байгаа. АН-аас УИХ-ын гишүүн Л.Гансүх, Б.Мөнхтуяа, НАН-ын дарга Ш.Түвдэндорж, аймгийн намын дарга асан Б.Мөнхдаш нарын нэрс яригдаж байгаа бол Сэлэнгэ аймаг хоёр мандаттай. МАН-аас УИХ-ын гишүүн О.Чулуунбат, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт нар өрсөлдөнө. Орхон аймагт УИХ-ын гишүүн Д.Одхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд нар очих сурагтай. Харин МАН-аас Бат-Энх, О.Содбилэг, Д.Дамба-Очир нар өрсөлдөхөөр бэлтгэлээ хэдийнэ базаачихаад сууна.
Ийнхүү Сонгуулийн хуулийн шинэ­чилсэн най­руул­­гын 48-д багтах улстөрч­дийн урьдчилсан нэрс тод­роод эхэлчихлээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш