Чили, Аргентин, Колумби болон Испанийн цагдаа нар «Anonymous» бүлгийн 25 хакерыг баривчилсан талаар Би-Би-Си агентлаг мэдээллээ.
Баривчлагдсан хакерууд 17-гоос 40 насны хүмүүс байсан бөгөөд тэднээс 250 гаруй ширхэг сүлжээний болон гар утас хураан авсан байна. Испанийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, тус улсын хууль сахиулах байгууллагынхан Мадрид болон Малаге хотод 4 хүн баривчилжээ. Тэдний 2 нь насанд хүрээгүй байсан учир барьцаагаар сулласан байна. Испанийн цагдаагийн газрын мэдээлснээр үлдсэн хоёрынх нь нэг нь «Anonymous» бүлгийн Испани, Латин Америкийн орнууд дахь халдлагыг зохицуулагчид байсан гэнэ.
Дээрх ажиллагааг Интерполоос зохион байгуулан явуулжээ. Ийм ажиллагаа явуулах болсны гол шалтгаан нь Чили болон Колумбын Засгийн газрын цахим хуудсанд халдсан явдал болсон байна. Хакерууд Колумбын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдын цахим хуудас, мөн Чилийн Үндэсний номын сангийн цахим хуудсын үйл ажиллагааг тасалдуулжээ.
«Anonymous» бүлгийнхэн хэд хэдэн томоохон халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн юм. Жишээлбэл, 2010 оны арванхоёрдугаар сард «Wikileaks» сайтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн «Visa», «Mastercard» болон «PayPal» төлбөрийн системийн сайтад халдсан. Харин өнгөрсөн онд тэд «Apple», «Sony» компаниудийн серверийг эвдсэнээс гадна, хэд хэдэн улсын цагдаагийн байгууллагын сайтад халдсан юм. Энэ оны нэгдүгээр сард «Anonymous»-ынхан файл солилцдог «Megaupload» хэмээх серверийг хаасны хариуд Холбооны тагнан мөрдөх товчоо, АНУ-ын Хуульзүйн яам, Цагаан ордон болон бусад хэд хэдэн байгууллагын цахим хуудсанд халджээ.
«Anonymous» бүлэгт янз бүрийн орны хүмүүс багтдаг бөгөөд маш нарийн зохион байгуулалттай байна. Тус бүлэглэлийнхэн долоо хоногийн баасан гараг бүрд засгийн газрын сайтууд халдана гэж хоёрдугаар сарын эхээр мэдэгсэн боловч чухам ямар зорилгоор халдаж байгаагаа дурдаагүй юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ