“The Rolling Stones” хамтлаг 50 жилийн ойгоо гэрэл зургийн цомог гарган тэмдэглэхээр болжээ. “Thames & Hudson” хэвлэлийн газраас гаргах ном 2012 оны долдугаар сарын 12-нд буюу хамтлагийн анхны концертын 50 жилийн ойн өдөр худалдаанд гарна. Тус хамтлаг 1962 оны долдугаар сарын 12-нд Лондоны “Marquee” клубт анхны албан ёсны тоглолтоо хийж байжээ.
“The Rolling Stones: 50” цомогт 700 гэрэл зураг орсон байна. Гэрэл зургуудын дийлэнхийг Британийн “The Daily Mirror” сонины архиваас авчээ. Энэ сонин тус хамтлагийн түүхийг өгүүлсэн дэлхийд хамгийн томд тооцогдох гэрэл зургийн цуглуулгатай аж.
Урьд нь мэдээлснээр, тус хамтлагийн гишүүд ойгоо тохиолдуулан өөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, ойдоо зориулж наад зах нь нэг удаа хамтлагаар концерт тоглоно гэж 2011 оны хавар тус хамтлагийн гитарчин мэдэгджээ. Дараа нь Ронни Вуд, Чарли Уоттс нарын хамт бэлтгэл хийж байгаагаа Ричардс мэдээлсэн байна. Гэхдээ баярын арга хэмжээнд Мик Жаггер оролцох эсэх нь тодорхойгүй байна.
З.Амгалан
МОНЦАМЭ