logo
 ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: “Би карьераа бодож улс төрийн намд элсээгүй”

ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: “Би карьераа бодож улс төрийн намд элсээгүй”

2012/03/06
ИЗНН-ын дарга, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй ярилцлаа. 
Улс төрийн гал тогоог цэвэршүүлэхгүй бол болохгүй юм байна гэж бодсон
 -Та ИЗНН-ыг сонгон улс төрд орлоо. Сонголтынхоо талаар ямар тайлбар хийх вэ?
-2005 онд анх нэгэн сэтгүүлчид хэзээ нэгэн цагт С.Дэмбэрэл гэдэг хүн улс төрийн сонголт хийнэ гэвэл Иргэний зориг намд орно гэж хэлж байснаа санадаг. Тухайн үед яагаад тэгж хэлсэн гэхээр миний ажиллаж ирсэн энэ салбарын үйл ажиллагаа иргэний эдийн засгийн эрх чөлөөтэй орчинг бүдрүүлэхийн төлөө байсан. Тийм болохоор эрх чөлөөний үзэл гэдэг талаасаа тийм зүйл хэлж байсан. Харин өнөөдөр хийсэн сонголт олон талтай л даа. Монголын улс төрд хоёр том нам, хэдэн жижиг намууд л байна шүү дээ. Хүмүүс янз янзын сонголт хийхийг харлаа. Миний хувьд нийгэмд танигдсан хүн. Тиймээс үзэл бодлоо дагасан нь дээр гэж бодсон. Эрх чөлөөний үзэл санаа гэдэг нь тэнгэрийн үг биш шүү дээ. Шударга ёс, эрх чөлөөний үзэл санаа гэдэг бидний өдөр тутмын амьдралд тулдаг, байхгүй гэдгийг нь мэдэрдэг тийм л үгнүүд. Өнөөдөр Монгол Улсад эрх чөлөө, шударга ёс дутуу гэдгийг олон улсын байгууллага тогтоодог. Энэ чиглэлээр ажиллаж байсан хүнийхээ хувьд эрх чөлөөний үзлийг баримталдаг, жижигхэн, цэвэрхэн намд оръё, өөрийнхөө чадах чинээгээр туслаад цаашаа улс төрийн тавцанд гаргая гэж энэ намд элссэн.
 -Танхимын даргын хувьд намуудтай хэр холбоотой ажилладаг вэ?
 -Маш сайн холбоотой ажилладаг.
-Таныг улс төрийн сонголт хийхийг намууд мэдэж байсан уу? 
-Мэдэж байсан.
-Яагаад санал тавиагүй юм бол? 
-Тавьж л байсан л даа. Би тэднийг, тэд намайг мэднэ шүү дээ. Тэгэхээр “Энэ хүнд гоё оосор хийсэн ч ялгаагүй дээ” гэж бодсон байх. Би бол бие даасан хүн. 2008 онд С.Баяр, Ц.Элбэгдорж бид гурав сууж байгаад л хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж байлаа. Танхим одоо ч өөр намуудтай санамж бичигт гарын үсэг зурна. Тэгэхээр Танхим гэдэг байгууллага, С.Дэмбэрэл гэж хүн өөрийн бодолтой, бие даасан гэдгийг мэдэж байгаа учраас найз нөхдийн хүрээнд “чи наашаа шүү, чи манай намын хүн шүү” гэсэн юм бол байсан. Тэгэхээр нь би “тиймээ, тийм” л гэдэг. Эцсийн бүлэгт шийдвэрийг би өөрөө л гаргана. Хараад байхад зарим хүн карьераа бодож улс төрийн намд элсдэг юм шиг байгаа юм. Би бол тэр талаасаа огт бодохгүй байна. Би чинь залуу хүн биш шүү дээ. Энэ нийгмийг өөрчлөх юмсан гэж улс төрд орж ирсэн. Тэгэхээр би өөрөө манлайлах ёстой юм байна. Би хажуунаас, хөндлөнгөөс ажиглаад суугаад байж болно шүү дээ. Гэтэл миний хүсээд байгаа бүхэнд заавал улс төрийн шийдэл хэрэгтэй болоод байгаа юм. Шийдлийг гаргуулах гэж би оролдоогүй. Одоо харин хэсэг нөхөдтэй хамтраад энэ төрийг өөрчлөх, шударга ёсыг олох гэж байна.
 -Таны сонгосон нам, ер нь улс төрийн намууд боловсон хүчний нөөцийн тал дээр учир дутагдалтай харагддаг нь нууц биш?
 -Хэрэв нам хатуу гишүүнчлэлээ халаад, намыг карьер гэж боддог тэр сэтгэлгээг арилгачихаад, зүгээр л төрийн төлөө ажиллах чадвартай залуус байна уу гэвэл байна. Монголоор дүүрэн байна. Асар их потенциаль гадуур зүгээр л алхаж байна. Гадаад хэлтэй хүнийг илүүд үздэг. Тэгвэл гадаад хэлгүй ч гэсэн ажил хийх чадвартай хүмүүс их байна. Тэд өдөр бүр англиар бичиг хэрэг явуулахгүй шүү дээ. Манай нам, танай нам боловсон хүчинтэй гэж ярих нь утгагүй. Тиймээс ч манай нам дэмжигч гээчийг гаргаж ирсэн. Монголд анх удаа шүү. Одоо бусад намууд тэгэх ёстой. Түүнээс биш би энэ намд орчихъё, дараа нь бага хуралд орчихъё, дараа нь Үндэсний хороонд орчихъё, дараа нь УИХ-д очоод, зарцуулсан мөнгөө нугалаад олоод авъя гэсэн философи байж болохгүй. Үүнийг өөрчлөхийн тулд намуудын тулгуурыг өөрчлөх ёстой. Бүгдийг нь татан буулгах биш, харин одоо байгаа хуульд өөрчлөлт оруулахад хангалттай. Нам гэдэг чинь хүний үзэл бодол байхгүй юу. Түүнийг сайн ойлгосон хууль, эрх зүйн үндсийг тавиад өгчихөд боллоо. Хүний хөгжил гэдэг утгаас нь харах юм бол манайд боловсон хүчин асуудал биш. Үүнийг би баттай хэлж чадна.
 -Анх удаагаа улс төрийн намын хурал, тэр дундаа өөрийн итгэл үнэмшлээрээ сонгосон намын хуралд суугаад ямар сэтгэгдэл төрж байв?
 -1990 оноос хойш би хоёр дахь удаагаа улс төрийн намын хуралд сууж байгаа юм билээ. 1990 оны 5-р сард Монголын Үндэсний дэвшлийн намын хурал болох үеэр би Шинэ дэвшил холбооны гишүүний хувьд эдийн засгийн илтгэлийг нь боловсруулснаа уншиж байсан юм. Энэ удаад сонин мэдрэмж төрсөн. Энэ нам их цэвэрхэн, үйл ажиллагаа нь ил тод явагддаг, хайрцагладаггүй юм байна. Яригдаж байгаа асуудал нь цаашдийн хөгжлийг хүнтэй холбож ярьж байна. Түүнээс биш төр ингээсэй, тэгээсэй гэхээсээ илүү хүнд илүү боломж олгоё гэдгийг жирийн гишүүд нь ярьж байна. Өөр нэг онцлог гэвэл залуучууд нь өнөөдрөөс эхлээд намаа шинэчилье гээд санаачилга гаргаад, түүнийг нь бусад нь хүлээж авч байна. Ардчилсан зарчмаар асуудлыг шийдэж байна. Шийдэл нь болохоор гишүүн төвтэй нам болоход чиглэгдэж байсан. Гурван даргын хувьд хамтын даргаллын системийг барууны эрх чөлөөний намууд баримталдаг. Дарга нар нь тус тусын чиг үүрэгтэй. Тэгээд зөвлөлддөг, асуудлыг харилцан ярилцаж байгаад шийддэг. Энэ нь надад таалагдсан. Хүмүүс надаас их асууж байсан. Манай нам гурван толгойтой байх юм уу, арван толгойтой байх юм уу гэж асууж байсан. Тухайн үед би хэлж байсан. “Та нар битгий өөрсдийгөө ингэж гутааж бай. Тулгын гурван чулуу гэж Монголын хамгийн сайхан ойлголт байна. Хэрэв Монгол Улсын гал голомт тулгын гурван чулуун дээр тогтдог байсан бол аль нэг нь урт, нэг нь богино байж болохгүй шүү дээ. Эн тэнцүү байж гал голомт маань өөдөө бадарна” гэж. Энэ талаас нь бодож ч би улс төрд орсон. Би ерөнхийдөө улс төрийн галт тогоог нь мэдэхгүй. Сонин хэвлэлээс л ерөнхий мэдээлэл авч байснаас дунд орж байсангүй. Гал тогоог цэвэршүүлэхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Энэ жижиг нам цэвэрлэж чадах уу гэж бодсон. Гэсэн ч нам нь жижиг ч ард түмэн нь цэвэрлэе гэж хүсээд байгаа. Тэр бодол дээр тулгуурласан нам цаашид өсч хөгжих юм байна, энэ хамгийн гол нь юм байна гэдгийг ойлгосон. Ямар ч байсан ирэх сонгуульд бид амжилт гаргана гэж оролцож байгаа. Гэхдээ засаг төрийг авна гэсэн юм байхгүй. Гол нь бид өөрчлөхийг хүсч байна. Хүмүүс бохир гал тогоог цэвэрлэхийг хүсч байна. Манай нам жижиг, мөнгөгүй нам. Гэхдээ үзэл санаа сайн. Үүнийг нь бодит болгохын төлөө бид цаашдаа явна.
 -Танай нам Иргэний зориг-Ногоон нам гэдэг нэртэй болсон. Таныг ногоон үзлийг дэмждэг хүн гэж ойлгодог?
 -Иргэний зориг гэдэг нь хүсэл эрмэлзэл юм. Хүсэл эрмэлзэл гэдэг нь үзэл санааны эрх чөлөө, дутагдаж гачигдах зүйлгүй амьдрах, бодитой эрх чөлөө зэрэг бүх эрх чөлөөг илэрхийлж байгаа юм. Яагаад ногоон үзлийг авсан бэ гэхээр дэлхийд өнөөдөр ногоон хөгжлөөс өөр хувилбаргүй болчихлоо. Үүнийг жинхэнэ утгаар нь барьж авахсан гэдэг утгаар нь бид Иргэний зориг-Ногоон нам гэж нэрээ өөрчилсөн.
 -Хуучин Ногоон нам нь заргатай байгаа үед нэрээ өөрчилсөн нь хэр оновчтой гэж үзэж байна?
 -Мэдэхгүй. Ногоон үзэлтний нам дотроо хоёр хуваагдчихсан юм шиг байна. Ийм юмыг би мэдэхгүй. Сонирхоо ч үгүй. Надад үзэл санаа нь чухал байсан. Ногоон нам гэдэг бол ногоон хөгжил тэнцүү гэсэн утга биш л дээ. Өнөөдөр ногоон хөгжил гэдгийг дэлхий өөрөө сонгохоос ямар ч аргагүй болсон. Тийм болохоор Иргэний зориг-Ногоон хөгжлийн нам байвал яасан юм дээ гэж дотроо бодож байсан. Гэхдээ гаргаж хэлээгүй. Миний бодлоор ногоон хөгжлийг ярьж байгаа намууд цаашдаа эв түнжинтэй байх ёстой. Яагаад гэвэл энэ бол улс төр биш амьдралын сонголт. Бусад намууд бүгд 2031 он хүртэлх хөгжилд ногоон үзлийг оруулаад бичсэн байна. Гэхдээ бичих чухал биш. Ногоон хөгжлийн төлөөх намууд үзэл санаагаа уралдуулах нь чухал. Тийм учраас би бүтэн жил эрдэмтэдтэй уулзсан. Тэгээд “Монгол 2030” гэдэг кино хийсэн. Өнөөдөр бид ногоон хөгжлийг бодитоор нь хэрэгжүүлэхгүй, хааяа нэг хурал семинар дээр яриад, 2030 онд суурийг нь тавина гэвэл энэ улс хөгжихгүй, эвгүй байдалд орно шүү гэдгийг сануулсан баримтат уран сайхны кино юм.
 Архидалтын гол үүр шалтгаан нь ядуурал болохоос архины үйлдвэрлэл биш
 -Танай нам ирэх сонгуульд бусдын адил ямар нэг хөгжлийн хөтөлбөр боловсруулж оролцох уу?
 -Өнөөдөр бид энэ саарал гундуу нийгэмд ДНБ 60,000 болно гэхээр иргэдийн чихэнд наалдахгүй, зүрхэнд буухгүй байна. Тэгэхээр өнөөдрийнхөө асуудлыг шийдье. Хөгжлийг дөрвөн жилээр л ярья. Би хараа муутай. Хараа муутай болохоор алсыг харж чаддаггүй байж болно. Гэхдээ би дөрвөн жилийнхээ асуудлыг шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, нийгэм хараа муутай байж болно. Өнөөдрийнхөө асуудлыг шийдэж байж маргаашийнхаа юмыг тодорхойлно. Гэтэл манайд өнөөдөр маргаашийн баланс алдагдсан байна. Өнөөдрийн уушиг, маргаашийн өөх гэсэн үг биш. Бид өнөөдөр гадаадын байгууллагаар дамжуулан ядуурлаа бууруулах ёсгүй. Тэд нар зөвхөн тусалж байгаа. Тэгэхээр бид өөрсдөө санаачилгыг гартаа авч, өнөөдрийнхөө асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүнд төрийн, төрийн бус байгууллага анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнөөдөр захын хорооллын дэлгүүрт ургамлын тосыг граммлаж зардаг. Мөнгө нь бэлэн биш болохоор өрийн дэвтэр гаргаж байна. Үнэн чанартаа тийм дэлгүүийг нийгмийн хариуцлагатай гэж хэлнэ. Яагаад гэвэл зах зээлийнхээ эрэлтийн дагуу ажиллаж байна. Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу ажиллаж байна. Нэг талаасаа хүмүүсийн хэрэгцээ ийм байна. Өнөөдөр ломбард таван хувьтай байна. Хүмүүс өөрийнхөө юмыг тавиад юм хийх гээд байна. Тэгвэл тэр таван хувийн хүүг нь багасгамаар байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт иргэд 6 тэрбумын зээл авахыг хүссэн байна. Гэтэл олгосон нь 986 сая л байна. Тэгэхээр таван тэрбумыг авах гэсэн хүмүүсийн хүсэл зориг, хэрэгцээ байна уу, байна. Үүнийг л шийдье. Өнөөдөр Монголын ард түмний жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгчдийн хувь заяа гуравхан банкинд хамаарагдаж байна. Энэ утгагүй механизмаа өөрчилье л дөө. Үүнийг л Иргэний зориг-Ногоон нам санаачилна гэж бодож байгаа. Нэг жишээ ярья л даа. Баянмонгол чуулгын ажилчид банкнаас цалингийн зээл авдаггүй. Тэд өөрсдийнхөө ажилчдад банкнаас бага хүүтэй зээл олгодог. Асуудал гарвал шууд цохуулаад л авна. Баянмонголыг яагаад дурдав гэхээр тэдний цалин нь бага. Гэхдээ дөрвөн сая төгрөгийн дундын сантай. Тиймээс дундаа өөрсдийнхөө асуудлыг шийдэх тийм системтэй болъё. Тэгээд зээл хүсэгч дундын сангаас, эсвэл банкнаас авах уу гэдгээ шийднэ.
-Ирэх сонгуульд бүлэг байгуулах хэмжээний суудал авах зорилготой оролцоно гэж сонссон. Амжих болов уу?
 -Яг үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Худлаа хэлж болохгүй. Ямар ч байсан бүлэг байгуулна гэсэн хэмжээнд хүрнэ гэсэн зорилт тавина байх. Сонгууль маань шударга болоосой гэж бодож байна. С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нарын 20 хүн нийлээд өөрсдийнхөө зорилгыг хүмүүст ойлгуулбал дэмжигдэх байх. Дон Кихот салхин тээрэмтэй тулалддаг шиг бид хий хоосон зүйл мөрөөдөж байж болно л доо. Гэхдээ нийгэм өөрөө хий хоосон биш. Хүмүүсийн бодол санааг бид тээгч нь болно. Хэд дэх хүчин нь байх нь гол биш.
 -УИХ-ын гишүүн Х.Баттулга архи, тамхины бизнес эрхлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулаад байгаа. Та түүнтэй санал нэгдэж байна уу?
 -Архидалтын гол үүр шалтгаан нь ядуурал болохоос архины үйлдвэрлэл биш. Архидалтын гол шалтгаан нь ажилгүйдэл болохоос 12 цагаас хойш ажилладаг цэнгээний газар биш. Бид уг шалтгаантайгаа эхлээд тэмцэх ёстой. Ерөнхийдөө архи зардаг, түгээдэг компанийн нийгмийн хариуцлага талаас нь авч үзэх ёстой. Тухайлбал, цэнгээний газрууд шөнийн цагт архидалтын эсрэг компанит ажил өрнүүлж болно шүү дээ. Иймэрхүү байдлаар тэмцээд нийгэмд хүсүүштэй биш, бүтээгдэхүүний хэрэглээг эдийн засгийн аргаар багасгах ёстой. Яагаад хэрэглээ нь ихсээд байгаа юм гэхээр энэ ядуурал, ажилгүйдэл нөлөөлөөд байна. Дээрээс нь бэлэн мөнгө өгөөд байна. Өнөөдөр хэдэн согтуу залуу “Дэмбэрэл гуай, сайн уу” гээд мэндэлсэн. Тэгээд би очсон л доо. Телевизээр хараад таньдаг болжээ. Тэгээд тэд нартай жоохон суусан юм. Тэгээд ганц шил юмаар дайлж байна. Ямар баяр болов гэсэн чинь 21000 буусан гэнэ. Гурвуулаа гуялаад намайг дайлж байгаа юм. Би нутгийн архинаас 21000-аас нь гудамжинд уунгаа самар авч идэж байлаа шүү дээ. Тэгээд амьдрал ярилаа. “Амьдрал сайхан байна. Гэхдээ ажилгүй байна. Би одоо энэ мөнгөө авгайд аваачиж өгөөд халаас хоосон болно. Би эндээс яг 2000, архиныхаа нормын юмыг л авсан. Орой нь авгай жоохон үглэнэ, өглөө нь эрүүний шөл, тэгээд л боллоо” гэнэ. Ийм л байна шүү дээ.
 Төр инфляцыг онилохоо боль. Эдийн засгийнхаа хөгжлийг онилдог бол
 -Эдийн засгийн форм эхлэх гэж байна?
 -Форумаар Монголын бүх ард түмэн, улс төрийн хүчинд гурван үгийг хэлэх хэрэгтэй. Тэр нь тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой хөгжил юм. Тогтвортой хөгжлийн тухайд эдийн засаг, нийгэм, экологи гурав эв найртай амьдрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгойг ашиглаж байгаа бол Ханбогдын малын бэлчээр, говийн эко систем сүйдэхгүй байх, урьдын сайхан ахуй амьдрал устахгүй байх, бэлчээрийн газаргүй болсноос малчид хоорондоо зодолдохгүй байх, экологид хортой үйлдэл хийхгүй байхыг хэлээд байгаа юм. Байгаль орчноо бохирдуулах үйлдэл их байна, аюултай болчихсон байна. Оройтчихсон байна. Тийм болохоор тогтвортой хөгжил гэдэг нь яригдаж байгаа юм. Хоёрдугаарт, тэнцвэртэй хөгжил. Энэ бол өөрөө их том ойлголт. Өнөөдөр зөвхөн уул уурхайн салбар нь хөгжөөд бусад сектор нь ажиллах хүч олдохоо болиод байна. Өнөөдөр ажил олгогчдод өдрийн 30000 төгрөг, гурван хоолтой гэх нөхцөл заахад ажиллах хүн олдохгүй байна. Харин тэрний оронд 21000-аа аваад архи уухаа боддог. Ийм нөхцөл бусад салбаруудад үүсээд байна. Тэгэхээр уул уурхайгаас мөнгө орсон ороогүй бүх салбараа тэнцвэртэй хөгжүүлнэ гэдэг нь хоёрдугаар асуудал болоод байна. Нөгөө талаас орлогын тэгш бус байдал Монголд их гарч байна. Баян ядуугийн ялгаа гарахаар тэд нэгнээ үзэн яддаг болж байна. Нийгэмд ийм хэцүү байдал үүсэхээр жийргэвч хэрэгтэй. Энэ нь нөгөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болж байгаа. Тэгэхээр дунд бүлэгтээ анхаарал хандуулах нь чухал. Өөртөө болон өрөөл бусдад ажлын байр бий болгох юм.
 -Харин оролцоотой хөгжил гэж юуг хэлээд байна?
-Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр өсөх нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл энэ нь нийт ард түмний 50 хувьд нь мэдрэгдэхгүй байна. Яагаад гэвэл тэд оролцохгүй байна. Тэдний оролцоог яаж хангах вэ. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэх гээд зээл авах гэж байгаа 5000 хүний 1000 нь авдаг. Үлдсэн 4000 нь оролцохгүй байна шүү дээ. Тэр хүмүүсийг оролцуулбал нэг жилийн дараа “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ДНБ 20 хувь өслөө” гэхэд “нээрээ тийм” гээд толгой дохидог, “нээрээ тийм шүү” гээд дотроо боддог болох оролцоотой байх хэрэг юм. Дэлхий энэ зарчмаар явж байна, энэ нь өөрөө томъёолол болж байна. Тийм учраас улс төрийн бүх намыг тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой хөгжилд уриалж байгаа.
 -Бензиний үнийн өсөлтийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг эдийн засагч хүний хувиар хэрхэн дүгнэж байна вэ?
 -Энэ асуудалд би шатахуун импортлогчдыг өмөөрөхгүй, бас Монгол банкийг, төрийг өмөөрөхгүй. Том зургаар нь харвал төр ба зах зээлийн харьцаа буруу байсан байна. Нэгд, төрийн буруу хоёр талтай байна. Нэг нь Монгол банкны зүгээс нөгөө талдаа Засгийн газраас байна. Монголд валютын ханш их олон зүйлийг тодорхойлдог. Өнгөрсөн оны сүүлээс валютын ханш өөрчлөгдсөнийг нефть импортлогчид тэмдэглээд, “Үнэ тогтоох комисс”-т болохгүй байна шүү гэж мэдэгдсэн байгаа юм. Үнэ тогтоох комисст нефть импортлогчид, сайдаараа толгойлуулсан Түлш эрчим хүчний яамны хүмүүс агентлагийнхантайгаа, дээрээс нь Сангийн яам, Монгол банк ордог юм. Үүнд С.Ганбаатарын оролцоо ч алга, манай танхимын оролцоо ч алга. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн дэмжлэгийн жинхэнэ ёсны оролцоо алга. Үнэ тогтоох комисс үнийг нэг томъёогоор тогтоодог гэсэн. Тэр томъёо нь хөгийн томъёо. Валютын ханш өөрчлөгдөнгүүт бензиний үнэ нэмье гэхээр төрөөс татварыг нь бууруулдаг механизмаа хэрэгжүүлээд нөгөө мехнизмаа орхигдуулдаг. Ийм нэг алдаа гарсан байна. Үнэ тогтоох механизм өөрөө их утга муутай. Үнийн судалгаа хийгээгүй хэрнээ компаниуд мэдээллээ зөвхөн яаманд өгөхөөс олон нийтэд мэдээлдэггүй. Хоёрт. Зүгээр л валютынхаа ханшийг тогтвортой болгочих л доо. Нөгөө талаас жижиглэнгийн үнийг тогтоохдоо хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, МҮЭ-ийн төлөөллийг оруул л даа. Ил тод болго л доо. Гуравт. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэдгийг бодитойгоор ажиллуулах хэрэгтэй. Дөрөвт. ОХУ-тай энэ асуудлыг 20 жил ярьж байгаа. ОХУ-ын Засгийн газрын орлогч нь энэ асуудлыг шийддэг. Одоо дэлхийн худалдааны байгууллагын оролцоотойгоор гэрээний дагуу ижил эрх эдлэхийг тусгах. Мөн Монголбанкнаас валютын чөлөөтэй хөрвөх дэглэмийг өөрчлөн валютаа зохицуулалттайгаар хөрвүүлэх хэрэгтэй. Үүнд банк бус санхүүгийн байгууллага, доллартай компани, импортлогчдыг оролцуулан зохицуулалттай хөрвөх ажлын дэглэмд аукцион маягийн зүйл хийхэд эрэлт, нийлүүлэлтийн талууд оролцож байгаа болохоор валютын ханш зөв тогтоно. Зөв тогтсон ханш нь ард түмний амьдралд нөлөөлөхөөр байвал Төв банк нөөц болон бусад Сангийн яам, нөгөө Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэйгөө хамтраад шийдлээ гаргаад зохицуулалт хийнэ. Тийм эрх чөлөөг хуулиар олгох хэрэгтэй. Манайх ихэнх бараагаа импортоор авч байна. Тэгвэл өргөн хэрэглээний ихэнх барааныхаа ирэх замыг товчлох эсвэл багасгах. Ингэхдээ дээр дурдсан аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь мөнгөнийхөө бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Инфляцыг онилохоо боль. Эдийн засгийнхаа хөгжлийг онилдог бол. Иймэрхүү бодлогыг би УИХ-ын тогтоолын төсөлд бичиж өгсөн. Ингэж зөв ойлгохгүй байж бид буруутныг хайж байна.
 -Зах зээлд монопол үүсчихжээ. Үүнийг задлахгүй бол бодлогоор зохицуулагдах боломжгүй юм биш үү?
 -Ийм болохоор л жижиг дунд бизнес эрхлэгчид гэж яриад байгаа юм.
 -Тэднийг дэмжиж байгаа нь арай л биш санагддаг?
 -Тиймээ. Хөгийн. 60 тэрбум төгрөг өгөөд, түүнд нь том компаниуд орчихсон ч байх шиг.
 -Үнэндээ 60 тэрбум гэдэг бол задгай мөнгө л гэсэн үг биз дээ?
 -Тэгэхээр би хэлээд байна шүү дээ. Бүхэл мөнгөө ЖДҮ-т хий гэж. Өнөөдөр 60 тэрбум төгрөг хаана ч хүрэхгүй байна шүү дээ. 6 тэрбумыг хүссэн хүмүүст 980 сая олгогдсон гэдгээс үзэхэд бодлогоо танхимд хариуцуулж өгмөөр байгаа юм. Танхим бол үүнийг хийх шиг болно. Эхний ээлжинд бидэнд хамгийн багадаа 200 тэрбум хэрэгтэй гэж үзэж байгаа шүү дээ. Нэг жишээ авъя. Ховд аймагт найман сумаас ирсэн 10 ажилгүй эмэгтэй байжээ. Тэр хүмүүс Голланд тоног төхөөрөмжин дээр ажиллаад, голланд багшаар заалгаад, талх нарийн боовны цех байгуулсан. Тэгвэл тэдгээр хүмүүст юу хэрэгтэй вэ. 400000 төгрөгний тоног төхөөрөмж. Сумандаа очоод хоёр хоёроороо нийлээд ажиллаж байна. Энэ бол бодит жишээ. Одоо тэд амжилттай ажиллаж байна. н.Туул гэж эмэгтэй Чехословак улсад социализмийн үед гутлын технологиор сургууль төгсөөд, бүх насаараа гутал хийсэн хүн. Одоо тэр хүнтэй хамт би 5 дахь удаагаа гутлын сургалтад хамрагдсан хүмүүст сертификат гардуулж байна. Тэдгээр хүмүүс бүх төрлийн гутал хийдэг. Зарим нь тоног төхөөрөмжтэй. Төхөөрөмж нь 3-5 сая төгрөгийн өртөгтэй байдаг. Гэтэл тэр хүмүүст зээл олдохгүй байна шүү дээ. Тэр хүмүүс надаас, манай танхимаас асуугаад байдаг. Бид өөрсдийнхөө хэмжээгээр олон улсын байгууллагатай яриад төхөөрөмжийг нь аваад өгчихөж байгаа юм. Тэгэхэд тэр хүмүүст хангалттай зах зээл байна. Тэгэхээр эхний ээлжинд импортын барааг орлож үйлдвэрлээд, дараагаар нь экспортлох асуудлыг ярих нь зүйтэй. Энэ нь зах зээлээ тэлэх бодлого юм. Дээрээс нь тэр залуу зохион бүтээгч нарыг хооронд нь өрсөлдүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр монопол компаниуд тийм олон биш шүү дээ. Зүгээр л зохион байгуулалт их муу. Дэмий юмны төлөө хоорондоо өрсөлддөг. Өнөөдөр Мобиком монопол. Гэтэл нөгөөдүүл нь аажим аажмаар өрсөлдөөд янз бүрийн юм хийгээд байна шүү дээ. Тэгвэл Мобиком, Юнител, Скайтелийн симпозицийг нь төр зохицуулаад өгөх ёстой. Энд л шударга ил тод байдал нь дутагдаж байгаа. Энийг л өөрчлөх ёстой. Өнөөдөр жишээ нь, бензиний үнэ нэмэгдэхэд таксины мөнгө тэдэн төгрөгөөр л нэмэгдэх ёстой гэж ярьдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Бензин нэмэгдэхэд жолооч орой авч харих мах, гурилныхаа хэмжээг тооцоолж л нэмдэг байхгүй юу. Тэгэхээр эдийн засагт харьцангуй үнийн систем гэж байдаг. Түүнээс тус тусдаа үнэ гэж байдаггүй. Бүх юм хоорондоо харилцаа холбоотой байдаг. Тиймээс үүнийг нэг талаас нь ойлгож монопол мөн, биш гэдгийг тодорхойлох ёстой.
 -Нийслэлийн утаатай энэ өвөл утаагүй зуух “зарж” дориун тэмцсэн гэх юм. Тэмцэх арга нь утаагүй зуух мөн үү?
 -Утаа зөвхөн гэр хорооллоос бий болоогүй. Машин, уурын зуух гэх мэтчилэн олон шалтгаантай. Ард иргэд, хувийн хэвшлийнхэн утаатай тэмцэхгүй байна. Утаа гэдэг чинь нэг ёсондоо бохирдлын асуудал шүү дээ. Хогийг зөв зохистойгоор ашиглах, бүх байгууллагууд гаднаа хоггүй болох зорилт тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тиймээс Танхимын зүгээс Нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр болон 9 дүүргийн удирдлагад “Ногоон өвс” хөдөлгөөн өрнүүлэх уриалга бүхий захидал илгээсэн. “Ногоон өвс” хэмээх гарын авлага хэвлэж, үнэгүй тараах гэж байна. Утааг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд биш өргөн хүрээг хамарч, үндэсний хэмжээгээр шийдэх ёстой асуудал. Үүнд санаачилга, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Бүх төрлийн хогоо эргүүлэн ашигладаг үйлдвэр, компаниуд гаднах орчноо цэвэр цэмцгэр, тохижилт сайтай болгох, шинээр баригдах объектод ногоон байгууламж байршуулдаг болчихвол энэ асуудлыг шийдэхэд хялбар болно. Жишээ нь, манай танхим Баянгол дүүрэгт дөрвөн жилийн өмнө Мөрөөдлийн паркийг байгуулж, тэнд 300 мянга орчим мод ургасан. Тэнд худаг, цөөрөм гаргаж, зундаа тэтгэврийн хөгшчүүл ажиллаж, тарих модныхоо суулгацыг үржүүлж байна. Ийм ажлыг нийтээрээ хийх ёстой. 21 мянган төгрөгийг мод тарьж ургуулсан хүнд өгөх хэрэгтэй. Ингэж тэмцэж чадахгүй бол Монгол Улс утаа, бохирдлоос хэзээ ч салахгүй. Шударга, ард иргэдийг татан оролцуулсан бодлого барьж ажиллаж чадахгүй бол компаниуд үйлдвэрлэл явуулаад Мянганы сорилтын сангаас айлуудад 30 сая төгрөгийг зарцуулж дуустлаа ажиллаад үр дүнд хүрэхгүй.
 
 Ахын хувьд дүүгээ ямар ч үед хамгаална
 -Таны дүү Т.Ганболдын асуудал юу болж байгаа вэ. “Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж авсан 300 сая доллар ямар эх сурвалжтайг та мэдэх үү?
 -Ахын хувьд дүүгээ шударгын туйл хүн гэж хэлнэ. Сайхан сэтгэлтэй, сайн бизнесмен. 300 саяын хувьд өрийг нь багтаасан компанийн үнэлгээ юм. Тодорхой хэмжээгээр хэлэлцэгдээд, өрийг нь төлье, гэхдээ төр засагтаа төлье гэсэн санал тавьсан. Дэлхийн “GP morgan”-ийн салбарыг удирдаж байсан, олон улсын туршлагатай санхүүч, банкир Т.Ганболд гэдэг залуу олон улсын хэлэлцээрт найз нартайгаа хамт орж, олон улсын зах зээлд гарах бүх тооцоог хийж, эрсдэл хийснээр энэ компанийг Монгол улсад эргүүлэн авчирсан. Үүнийг харин шагнах ёстой гэж би боддог. Т.Ганболдыг баривчилсан нь шууд “Алтан дорнод”-той холбоотой гэж бодохгүй байна. Өмнө нь Төрийн өмчийн “0” заачихсан байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хэдэн тэрбумын ашигтай болгочихоод улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн хүн. Төр шагнасан ч эргээд буруутгасан. Миний төрсөн эгчийн хүүхэд учраас сайн муу ямар ч явсан үргэлж би дэргэд нь байх үүрэг хүлээсэн хүн. Би баталж чадахгүй ч гэсэн улс төрийн муухай зүйлтэй хутгалдсан гэж боддог. Ямар ч гэсэн үнэн мөн нь шийдэгдэх байх гэж найдаж байна. Энэ улсыг цэвэршүүлье гэвэл жижигхэн жараахайнуудтай биш том акулуудаар оролдох ёстой.
 -Таны улс төрд орсон гол шалтгаан үүнтэй холбоотой юу?
 -Энэ огт нөлөөгүй. Тэртэй тэргүй би улс төрд орох нь тодорхой байсан. Гэхдээ нэлээн бодсон. Ахын хувьд дүүгээ ямар ч үед хамгаална. Энэ бол хүн төрөлхтний байгалиас заяасан зөн билиг. Улс төрд орсон, нөлөөнд байдаг, захиалганд байдаг гэдгээр шийдэх биш, харин шударга шүүх тогтоохын төлөө Ерөнхийлөгчөөсөө эхлээд ил тод хэлж ярьж байна. Сонгууль шударга болж чадахгүй бол Монгол Улс хөгжлийнхөө асар том боломжоо алдаж, ямар ч уул уурхайд найдаад хэрэггүй болно. Бослого гарч ч мэднэ. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр шударга ёсны өөрчлөлтийн цөн түрдгээрээ түрж, хавар ирдгээрээ ирнэ. Үүнийг шударга монгол хүн бүр хүснэ. Т.Ганболдыг буруутгаад байгааг нь найзууд нь, тэр компанийг худалдаж авсан хүн, өөрөө ч мөн няцааж байгаа. Хамгийн гол нь шударга хууль, шударга шүүхэд найдаж байгаа.
 -Манай шүүх шударга байж чадаж байна уу?
-Яг юу болж байгааг тодорхой хэлж мэдэхгүй ч манай нийгэм хуурамч ардчилалтай бөгөөд шударга ёс гэж алга. Энэ нь манай улсад өөрчлөлт хэрэгтэй болжээ гэдгийг илэрхийлж байгаа юм.
 Засгийн газар нь Ерөнхийлөгчөө чимхдэг, эсвэл чимээгүй эсэргүүцдэг механизм тогтжээ
 -Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шүүх засаглалд өөрчлөлт хийж чадах уу?
 -Миний бодлоор хуулийн тогтолцоо гээд их зүйлийг бэлджээ. Гэхдээ үүнийг нэг хүний биш, системээ бүхлээр нь өөрчлөх асуудал юм. Өөрчлөх гээд байгаа зүйлийнхээ дотор нь гүнзгий орж, эерэг сөрөг бүх талыг судлан мэдэж, ялгаж салгах хэрэгтэй. Зөвхөн хууль батлуулснаар биш тухайн өөрчлөх гээд байгаа хүмүүсээ илүү сайн судалсны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийх юм. Ажиглаад байхад Ерөнхийлөгч их ганцаардаж байгаа мэдрэмж надад төрдөг. Жишээ нь, УИХ-д нэг хууль оруулчихаад хоёр жил болж байгаа тухай нэг телевизээр яригдаж байсан. Ийм хөндий байдлаар харьцаж байгаагийн гол шалтгаан нь Ерөнхийлөгч, УИХ хоёрыг хооронд нь холбодог эрхзүйн болон хүн хоорондын харилцааны механизм байхгүйд оршиж байгаа юм. Урьдын адил Ц.Элбэгдорж тэр намынх, бид тэр намынх гэж үздэг хандлага арилахгүй байна. Төр нь өөрөө намын үзэл санаагаар жолоодуулсан, аман дээрээ ард түмэн гэж ярьдаг бол энэ нь өөрчлөлт авчрахгүй. Гүйцэтгэх засаглалын түвшинд аливаа асуудлыг шийдэхэд ямар ч тохиолдолд Засгийн газар, ямар нэгэн хувийн хэвшил, ард иргэдтэй хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Тус бүрийн харилцааны механизмыг Ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулах хэрэгтэй. Энэ бол зөвхөн иргэний танхим байгуулж хэдэн хүн цугласнаар шийдэгдэх асуудал биш. Би Ц.Элбэгдоржийн эдийн засгийн зөвлөлд байдаг. Тэгтэл намайг нэг ч удаа дуудсангүй. Бас Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” миний санаачилга. Гэтэл байгаль орчин, эдийн засгийн асуудлаар С.Дэмбэрэл гэдэг хүний байр суурь, МҮХАҮТ-ын байр суурь ямар байна, засагтай юугаараа нийлж, нийлэхгүй байна, ямар бодлого баримталж байна гэдгийг судлах ёстой. Иргэний танхим байлаа гээд иргэн Төрийн ордонд орж чаддаггүй. Үүнд зохицуулалт хийж хувийн хэвшил, иргэдтэй ажиллах механизмаа төгөлдөржүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Засаглалын хоёр институци Ерөнхийлөгч ба Засгийн газар харилцан мэдээллээ солилцдог, бодлогоо хамтарч ярилцдаг болж төлөвшин тогтох нь чухал. Засаглал хоорондын харилцаа хөгжөөгүй учраас Засгийн газар нь Ерөнхийлөгчөө чимхдэг, эсвэл чимээгүй эсэргүүцдэг механизм тогтжээ.
-Оюутолгойн гэрээг хэр сайн болсон гэж үздэг вэ. Тавантолгойн хувьцаа тараагдах гэж байна. Энэ танд хэр оновчтой харагдаж байна?
 -Мэдээллийн хэрэгслэлүүдээс харахад асар том гэргүй бүтээн байгуулалт явагдаж байна. Хамгийн гол нь бүтээн байгуулагчийнхаа нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй. Ийм нүүдэл, хуарангийн байдалтай бүтээн байгуулалт нь ажлын бүтээмжинд нөлөөлдөг. Надаас Оюутолгой болон Рио Тинтогийн хүмүүс ирж зөвлөгөө авсан. “Компанийн нийгмийн хариуцлага гэдэг хэдэн суманд сургуулийн байшин барих, тэтгэлэг олгох мэтхэнээр шийдэгдэхгүй. Хамгийн их нийгмийн хариуцлагатай компани гэдгээ харуулж, Монгол орон даяар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Жишээлбэл, бид энэ хавраас говьд “Загийн ой” тарих гэж байна. Үүнд энэ компаниуд оройлж оролцох, хажуудаа байшин бариад ажилчдаа суулгах хэрэгтэй. Дэлхийн түвшинд үүнийг угсармал байдлаар шийдчих бүрэн боломж байна. Гадаадын хөрөнгө оруулагч компани ил тод, хариуцлагатай, нийгмийн хариуцлагатай гэсэн гурван зарчмыг баримталж ажиллах ёстой. Үүнийгээ зөвхөн үзүүлэх бус, тэрхүү ажлаа дэлхийн компанийн хувьд Монгол орон даяар түгээх нь зүйтэй гэж би зөвлөсөн. Уул уурхай бол гадаадын болон дотоодын хувь хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа явуулдаг талбар юм. Хамгийн гол нь Үндсэн хуульд зааснаар уул уурхай бол ард түмний мэдэлд гэж байгаа. Тэгэхээр ил тод, хариуцлагатай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаатай бизнес явагдах ёстой. Хоёрдугаарт, ил тод, хариуцлагатай бизнесээр олсон орлого нь мөн л ил тодоор нийт ард түмэнд тэгш боломж үүсгэхэд зарцуулагдах ёстой. Эдийн засагчийн хувьд хэлэхэд уул уурхай, эко системээ эвдүүлэхгүйгээр, усныхаа нөөцийг барахгүйгээр татварыг тултал нь авъя. Нэгэнт ард түмнийх болсон юм чинь автоматаар ил тод байдал аяндаа хангагдлаа гэж ойлгож болохгүй. Хаана ч гарсан IPO хийхэд тодорхой шалгуурууд бий. Энэ шалгуур бас төгс төгөлдөр биш. Тийм учраас дэлхий дээр хувьцаат компаниудын булхай их гарч байна. Тэгэхээр ард түмэн тэр чигээрээ хувьцаа эзэмшиж аз жаргалтай хувьцаат нийгэм байгуулах нь урьд өмнө дэлхийд байгаагүй зүйл юм. Үүнийг л шударга ёс гэнэ. Шударга ёс нь тэгш боломжийг олгохоос биш, тэгш хуваарилалтын асуудал биш. Тэгш боломж нь биологийн биш, нийгмийн амьтанд хамаатай. Нийгэм багш, эмч, мужаан, дархан, төрийн албан хаагч, ядуучууд гээд өөрийн гэсэн давхаргуудтай. Давхарга бүхэнд таарсан төрийн бодлогыг хангаснаар шударга тэгш боломжийг олгож байгаа юм. Энэ нь шударга ёс тогтож байна гэсэн үг. Түүнээс биш 1072 ч юм уу, энэ бол шударга ёс биш зүгээр тоо юм. Энэ нь өөрөө хүнийг эвдэж байна. Хүнийг зүгээр л тэжээлгэх сэтгэлгээнд оруулж байна. Нөгөө талаас нь аваад үзэхээр нийгмийн ажиллах хүчний урсгал дутагдах, хүн өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж амьдрах ёстой гэсэн хүний зуршмал философийг эвдээд байна. Хүн төрөлхтний зуу зуун жил мөрдөж ирсэн философийг эвдэх гэж оролдож, дээрээс нь Америк, Аляскийн хамгийн муу туршлагаар мөнгө өгөөд байна шүү дээ. Энэ үнэхээр явуургүй. Үүний оронд төрөөс ямар нэгэн дарамт үзүүлэхгүйгээр зээлийн орчныг нь бүрдүүлж, иргэний амьдралыг дээшлүүлье. Төрөөс дэмжих дэд бүтцийг бүрдүүлэх үүрэг хүлээж ажилласнаар иргэн амьдралаа өөрийн гараар босгоно. Тэгэхээр Тавантолгой, Оюутолгойн секторт одоогийн манай хэрэгжүүлэх гэж байгаа загварыг хүлээн зөвшөөрдөг нь буруу гэж үзэж байна.
-С.Дэмбэрэл танхимын даргаар олон жил ажилласан нь сүүлийн үед нэлээд хэл ам дагуулдаг болсон. Тиймээс ч таныг улс төрд орж байна гэж дүгнэж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
 -Танхим бол нэгдүгээрт, улс төрждөггүй. Хоёрдугаарт, Танхимын даргаар сонгоод байхад би яах юм. С.Дэмбэрэл гэдэг хүн ажлын туршлага, мэдлэгтэй болчихож л дээ. Үүнийг нь зарим нөхөд “энэ болохгүй нөхөр байна” гээд шүүхэд хүртэл өгч үзэж байна. С.Дэмбэрэл гэдэг хүн 2014 он хүртэл сонгогдсон. Гэхдээ амьдралынхаа үлдсэн хугацаанд улсынхаа төлөө улс төрд ороод үзье гэж бодсон. МҮХАҮТ танхим бол Монголдоо хамгийн нөлөөтэй байгууллага. Үүнийг авч явах дараагийн буухиа бол дараагийн танхимын даргын сонгууль. Сонгууль шударга, ил тод байх хэрэгтэй. Энэ бүхний балансыг нь барьдаг төртэй, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг олигтойхон хүргэж чаддаг, хүлээгээд суугаад байдаггүй, эдийн засгийн процессийн үйл явдлыг урьдчилж нэг бүрчлэн хардаг хүн байх хэрэгтэй.
 -Ярилцсанд баярлалаа.

 Ш.Булга www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш