Токиогийн захирагчийн орлогч Наоки Иносе цөмийн осол болсон Фүкүшма Дайчи АЦС-ыг эзэмшдэг “ТЕПКО” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн цөмийн эрчим хүчгүй ногоон хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Япончууд нийт эрчим хүчнийхээ хэрэгцээний 30 хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг ч жагсагчид өөр эх үүсвэрээс эрчим хүч гарган авах бодлого боловсруулахыг Засгийн газраасаа шаардаж байна. Токиогийн захирагчийн орлогч дарга Наоки Иносе АЦС-ын оронд байгалийн хийгээр ажиллаж эрчим хүч гарган авдаг цахилгаан станц барьснаар “ТЕПКО” компаниас хараат бус болно гэж үзэж байгаа. Мөн АЦС-тай болохоор, цөмийн хаягдал хөрсөндөө булуулахаар чармайж байгаа бусад улс орнууд Японоос суралцахыг уриалжээ. Өнгөрсөн жилийн 3-р сард цунамид өртөж реакторууд нь доголдож цөмийн осол болсон Фүкүшма Дайчи станцын ослоос хойш Япончууд цөмийн эрчим хүчнээс татгалзах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байгаа. Японы нарны эрчим хүч ашиглан цахилгаан гарган авдаг компаниуд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, 2020 гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаар ажиллаж байна. Дэлхийн ногоон хөдөлгөөнийхөн Японы жагсаал цуглааныг дэмжиж, техник технологи хөгжсөн өнөө үед хүн төрөлхтөн өөр эх үүсвэрээс эрчим хүч гарган авах хэрэгтэй гэж үзэж байна. “ТЕПКО” компани Фүкүшма Дайчи АЦС-ын ойр орчмын агаар болон усанд алдагдаад байгаа цацраг идэвхит бодисын хэмжээг бууруулахаар чармайн ажилласаар байгаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Фүкүшма АЦС-ыг бүрэн аюулгүй болоход 30 гаруй жил шаардагдах юм байна.
Shuum.mn
Shuum.mn