logo
Хятад улс 10 жилийн дараа эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцнэ

Хятад улс 10 жилийн дараа эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцнэ

2012/03/07
Унтаж байсан луу нойрноосоо сэрж, Хятад  гүрэн өндийж байна гэж Хятадын эдийн засгийн өсөлтийг ярьдаг болоод удаж байна. Дэлхийн банкнаас Хятад 2030 он гэсэн нэртэй товхимол гаргаж, Дундад улсын чинээлэг дундад давхрааны хүмүүс олширвол эдийн засаг сулрахыг анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл Хятадын иргэд хөрөнгөжиж, дотоодод үйлдвэрийн өртөг өсвөл Хятадын эдийн засгийг өсгөж өндийлгөж байгаа хямд ажиллах хүч байхгүй болно, үйлдвэрүүд хямд хүч хайн хилийн чанадад гарна гэсэн үг юм. Тиймээс Дэлхийн банк одооноос Дундад улс бизнесийн зах зээлийг чөлөөлж, төрийн оролцоог бууруулж, зээлийн хүүг багасган,  хүчээр доогуур барьж байгаа юанийн ханшийг чөлөөлөхийг зөвлөж байгаа юм. Сонирхолтой нь Дэлхийн банкны гаргасан уг зөвлөмжийг Хятад хүн гаргажээ. Өөрөөр хэлбэл Хятад эдийн засагч анх удаа энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн судалгаа гаргалаа гэсэн үг. Гэсэн ч Дэлхийн банкны зөвлөмжийг эсэргүүцэх хүн байна. Мөн дундад улсад одоогийн төрийн мэдэл давамгайлсан хэлбэр эдийн засгийн загвар болж байна гэж үзэх эдийн засагчид байгаа. Учир нь Хятадын төрийн мэдлийн компаниудын үйл ажиллагаа маш сайн байгаа бөгөөд зарим үед хувийн хэвшлээс илүү ажиллаж байгаа. Эдийн засгийн загвар, цэрэг батлан хамгаалах гээд улс орны цаашдын хөгжийн бодлогыг тодорхойлох үндэсний ардын их хурал болж байгаа. Их хурлын гишүүдийн 70 хувь нь солигдоно. Тэгэхээр эдийн засгаа шинэчлэх алхам хийж, улс төрийн карьераа эрсдэлд оруулах улс төрч мэдээж байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт Хятад улс эдийн засгийн өөрчлөлт хийх л болно. Одоо л өөрчлөхгүй бол дараагийн дэлхийн хямрал Хятадаас эхлэх магадлалтай гэж эдийн засагчид  үзэж байна. 1930-аад онд АНУ, 1990-ээд онд Швед болон Япон, одоо ЕХ-ны улсуудын эдийн засаг хямраад байгаа. Хятад улсаар түүх давтагдаж магадгүй гэж эдийн засагчид анхаарууулж байгаа юм.  10 жилийн дараа гэхэд Хятадын эдийн засаг хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэсэн тооцоо байгаа. Гэхдээ Хятадууд эртнээс болзошгүй хямралыг даван туулах алхамуудыг хийх хэрэгтэй байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш