logo
В.Путин: “Бид яллаа, агуу Орос орон мандтугай”

В.Путин: “Бид яллаа, агуу Орос орон мандтугай”

2012/03/07
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин 60 гаруй хувийн саналаар яллаа. Улаан талбайд Путин болон Нэгдсэн Орос намын дэмжигчид цуглан түүний ялалтыг тэмдэглэсэн байна. Энэ үеэр В.Путин, одоогийн ерөнхийлөгч Д.Медведевийн хамтаар дэмжигчдийнхээ өмнө гарч ирж өөрийнхөө төлөө санал өгсөн бүх орос хүмүүст талархлаа илэрхийлсэн байна.
Тэрбээр ”Бид яллаа, агуу Орос орон мандтугай. Бид нээлттэй ил тод, шударга сонгууль явууллаа” хэмээн нүдэндээ нулимстайгаар дэмжигчдийнхээ өмнө зарласан байна. 21.00 цаг гэхэд бүх сонгуулийн хэсгүүд хаалгаа барьсан бөгөөд санал тоолж эхлэхэд эхний байдлаар Владимир Путин 60 гаруй хувиар тэргүүлжээ. Гэсэн хэдий ч 2004 онд авч байсан саналаасаа доогуур санал авчээ.  Путин нэгэнт 50-иас илүү хувийн санал авах нь тодорхой болсон учир 2 дахь шатны сонгууль болохооргүй боллоо. Хэдийгээр санал хураалтын дүн эцсийн байдлаар гараагүй ч В.Путин илт давуу ялах нь тодорхой болсон тул ийнхүү ялалтаа зарласан нь энэ юм байна. Харин Путиныг эртнээс эсэргүүцдэг шатарчин Гарри Каспаров сонгуулийг булхай луйвартай боллоо гэж мэдэгдсэн байна. Мөн сонгуулийн үр дүнг эсэргүүцэгч 70 мянга гаруй жагсагч Сахаровын талбайд  жагссан байна. ОХУ-ын КН-ын тэргүүн Геннадий Зюганов 17,7 %, Либерал Ардчилсан Намын дарга Владимир Жириновский 8,5 %, “Шударга Орос орон” намын дарга Сергей Миронов 4,8 %, бие даан нэр дэвшигч Михаил Прохоров 9,2 %-ын санал тус тус эхний байдлаар авсан тухай мэдээлжээ. Оросын 3 дахь баян хүн гэгддэг тэрбумтан Прохоров ардчилсан өөрчлөлт хийх мөрийн хөтөлбөр гаргасан нь олны дэмжлэгийг авч байсан боловч, түүнийг Путинтэй бизнесийн холбоотой Путины хүн гэдгээр нь шүүмжилж, түүнд бага санал өгсөн байна. Зарим эх сурвалжууд Прохоровыг Путины өрсөлдөгчдийн саналыг хуваахаар зориуд сонгуульд оролцсон ч гэж үзэж байгаа юм. В.Путин сонгуулиа эхлэхдээ л “Би Оросод хүчирхэгжлийг амлаж байна” гэсэн уриа дэвшүүлсэн. Чухам энэ үг нь түүнийг сонгуулахгүйн тулд барууныхан хүчин чармайлт гаргахад хүргэсэн бөгөөд тэртэй тэргүй Орос орныг өндийж буйд барууныхан тийм ч таатай байхгүй байгаа гэж Оросын талыг баримталсан эх сурвалжууд мэдээлж байгаа. Путин, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, батлан хамгаалах зардлыг 100 тэрбумд хүргэх зэрэг амлалт өгсөн юм. Путиныг дэмжигчид оросын топ улс төрчийг Орос орныг 1990-ээд оны эдийн загийн хүнд байдлаас гаргасан. Барууны улсуудын мэдэлд ороод байсан стратегийн үйлдвэрүүдийг үндэсний компаниуддаа худалдсан зэрэг шийдэмгий алхам хийсэн гэж үздэг юм. Путин 13 жил Оросын улс төрд ноёрхсон. Одоо шинэ хуулиар 6 жил ерөнхийлөгчийн албыг хашна. Дахин сонгогдвол мөн 6 жил гэхээр нийтдээ 25 жил буюу бүтэн зууны ¼-д нь Кремлийг эзэгнэн суух болоод байгаа юм.       
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш