logo
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ

2012/03/07
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авахаар боллоо.
Дээрх хуулийг 2012 оны нэгдүгээр сард УИХ батлан гаргасан боловч Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хэрэгжилтийн хугацааг урагшлуулах шаардлагатай хэмээн уг хуульд хэсэгчлэн хориг тавиад байсан билээ.
Ерөнхийлөгч, 2012 оны долдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ёстой байсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай энэхүү хуулийг 2012 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн үйлчлэх ёстой гэж үзсэн байв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга байнгын хорооны хуралд оролцсон бөгөөд “Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн хориг тавьснаа өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд  УИХ-д мэдэгдсэнийг хэлж байлаа.
Хууль санаачлагч гишүүний зүгээс энэхүү хуулийг хэрэгжүүлэх  журмуудыг нэлээд нягтлан боловсруулж, УИХ энэ талаар шуурхайлан ажиллаж чадвал хууль хүчин төгөлдөр болох хугацааг урагшлуулах боломжтой талаар мөн дурдаж байв.
Түүнчлэн төрийн албан хаагчдын дунд сургалт явуулж, нэр дэвшигчдээс бусад төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлгийн маягтыг чухам яг хэзээ авахыг тогтох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
УИХ-ын бусад гишүүд ч энэ тухайд санал нэг байгаагаа хуралдааны үеэр хэлж байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг үр дүнтэй болгох талаар гишүүд санал бодлоо түлхүү хэлсэн юм. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш