logo
Сайн баг бүрдүүлэх 10 арга

Сайн баг бүрдүүлэх 10 арга

2012/03/07
Томоохон хэмжээний төсөл ажил, ажилтан ганцаар хийх боломжгүй ажлыг багаар хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Түүнчлэн компаныг зорилгодоо хүрэхэд ажилтануудын хамтран ажиллах чадвар хамгаас чухал байдаг билээ. Бүтээлч, чадварлаг баг бүрдүүлэхэд тодорхойлсон үр дүн, зорилго, зорилтууд, ур чадварууд гол түлхүүр болно.

1. Багдаа тодорхойлсон зорилгыг бий болго. Багийн дунд нэг том зорилго байх ёстой. Энэ нь багийн гишүүдэд тодорхой байх нь чухал. Ингэсэн тохиолдолд багийн гишүүд урагш алхахад амар байна. Түүнчлэн баг зорилгодоо хүрэхэд багийн гишүүд тус бур ямар үүрэг хариуцлага хүлээх, тэр нь баг зорилгодоо хүрэхэд хэрхэн нөлөөлөхийг сайн мэддэг байх хэрэгтэй.

2. Багийн хийсэн ажлуудын үр дүн хэмжигдэхүйц байх ёстой. Ихэнхдээ багийн хийсэн ажлыг хэмжиж байх нь багийг үр дүнтэй ажиллахад хүргэдэг юм.

3. Хамтын ажиллагааг идэвхжүүл. Хүн бүр тухайн багд ажилласанаар ямар тусламжийг үзүүлж байгаагаа мэдэж байх хэрэгтэй. Түүнчлэн багийн дунд хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөнийг хориглох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бүтээлч байдал жинхэнэ багийн зорилгоруу чиглэж чадна.

4. Багийн гишүүд бие биенийхээ авьяас чадвар, онцлог шинжийг мэддэг байх хэрэгтэй. Багийн гишүүд бие биенийхээ авьяас чадвар, давуу талуудыг мэдсэнээр тус бүрийн хийх ажлууд тодорхой болж, мөн дэмжиж туслахад дөхөм болно.

5. Багийн гишүүдийн ур чадвар багийн хийх ажлын чиглэл, зорилгод нийцсэн байх ёстой. Техникийн ур чадвар, хувийн соёл, асуудал шийдвэрлэх ур чадвар зэрэг нь багийг амжилтанд хүргэж чадах гол ур чадварууд юм.

6. Байнгын сургалт. Тухайн төсөл ажлыг хийж гүйцэтгэхэд тодорхой ур чадвар, мэдлэг шаарддаг тул шаардлагатай бол сургалт зохион байгуулах шаардлагатай. Мэдээж шинэ сурсан мэдлэгийг өөрийн болгож эзэмшихэд тодорхой хугацаа шаарддаг. Түүнчлэн сургалтын чанар, үр дүнг дүгнэх нь чухал. Ажилчидаас санал сонсож сургалтын чанар, заах арга барил хэр байгааг мэдэх буюу эргэх холбоог сайжруулах хэрэгтэй.

7. Харилцаа холбоог сайжруулах. Багийн гишүүдийн харилцах арга, хэрэгсэлийг хурдан, баталгаатай байлга. Жишээ нь мэдээлэл хурдан солилцох гэх мэт.

8. Багийн зорилгыг багийн гишүүдэд байнга сануулж байх. Энэ энгийн сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд багийн хүч цаг хугацаа өнгөрөх тусам суларч, зорилгоо мартах нь байдаг. Тиймээс байнга зорилгоо сануулж, юуны төлөө, ямар үр дүнгийн төлөө ажиллаж байгаа болохоо сануулж бай. Ингэх аваас багийн эрч хүч сулрах нь бага байх болно.

9. Багийн уулзалт, ярилцах асуудлууд. Уулзалт зохион байгуулах нь цаг хугацаа үрсэн зүйл болох нь бий. Тиймээс л уулзалтаа маш зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Танд гэж зөвлөхөд уулзалтанд ярилцах зүйлсийн жагсаалт гаргахаасаа илүүтэйгээр уулзалт дуусахад ямар асуудал шийдвэрлэсэн байх, ямар шийдвэр гаргасан байхаа тодорхой болгох нь уулзалтыг хэд дахин илүү үр дүнтэй болгож чадна.

10. Багийн даргын үүрэг роль. Багийн дарга багийн гишүүдтэйгээ үг хэлээр гэхээсээ илүүтэйгээр үйл хөдлөлөөрөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Дарга ямар байна, гишүүд нь тийм байх болно. Дарга нь өөртөө нэг стандарт, харин бусдад өөр стандарт гаргаж болохгүй биздээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш