Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ жил бүрийн чуулган дээр батлах ёстой Хятад улсын 2012 оны цэргийн төсөв нь 106 тэрбум америк доллар юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд өнөөдөр засгийн газрын ажлын тухай илтгэл тавихдаа зэвсэгт хүчнийг бүхий л хэлбэрээр шинэчлэх ажлаа үргэлжлүүлэхийг уриаллаа.
Энэ жилийн батлан хамгаалахын зардлын өсөлт 11,2% болно. Хятад улс батлан хамгаалахын төсвөө өсгөх ажлаа аажууруулж байна гэдэгт ажиглагчид анхаарлаа хандууллаа. 2010 онтой харьцуулахад 2011 онд батлан хамгаалахын зардал 12,7%-иар өссөн юм. Гэлээ гэхдээ сүүлийн жилүүдэд болон энэ жил батлан хамгаалахын зардал 10%-иас давж байгаа ба ДНБ-ий өсөлтийн хурдаас их байгаа юм.
Хятадын ардын чөлөөлөх армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг Бээжин урьдын адил тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа ба дэлхийн санхүүгийн хоёр дахь хямрал үүсэж болзошгүйг үл тоон хөрөнгө мөнгө хайрлахгүй гэдгийг харуулж байгаа юм. Тэнгисийн цэргийн флот болон нисэх хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хятадын зэвсэгт хүчнийг шинэчлэх үндсэн чиглэл болж байна.
Цэрэг стратегийн ашиг сонирхолын үндсэн бүс гэж Вашингтон зарлаад байгаа АНД бүс нутагт АНУ-ын идэвхижил өсөн нэмэгдэж байгаатай энэ нь холбоотой гэж шинжээч үзэж байна. АНД бүс нутагт хүйтэн дайны үе эргэж ирж байна гэж хэлж болохоор байна. Ази тив болон Номхон далайд дээр үед ЗХУ болон АНУ өрсөлддөг байсан бол одоо АНУ, БНХАУ хоёр тэргүүлэхийн төлөө тэмцэж байна.