Өнгөрсөн нэгдүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай угсармал орон сууцны долдугаар давхрын айлд хийн баллон дэлбэрч гэрийн эзэд нь нэлээд хүнд гэмтсэн хэрэг гарсан.
Гэтэл үүний дараагаар “Дархан” гурил тэжээлийн үйлдвэрт осол гарч, улаан буудайн үрийн агуулахад байсан 100 гаруй тонн буудай хэт халснаас дэлбэрэн мөн л багагүй хохирол учруулаад байгаа юм.
Дээрх дэлбэрэлтүүдээс үүдсэн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох үүднээс МХЕГ-аас ажлын хэсэг гарч галын улмаас барилгын үндсэн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээнд гарсан эвдрэл гэмтлийн шалтгаан, нөхцөлийг тодруулах зорилгоор шалгалт хийсэн билээ. Шалгалтын дүнгээр орон сууцны үндсэн хийц бүтээцэд гарсан эвдрэл гэмтэл, хэв гажилт нь “Барилгын тухай” хуулийн 9.1 “барилга байгууламж нь хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” хэмээх заалтыг зөрчих хэмжээнд хүрсэн нь тогдоогдлоо. Энэ нь уг барилгад хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт юм.
Иймээс МХЕГ зураг төслийн байгууллагыг яаралтай сонгон шалгаруулж холбогдох техникийн шийдэл гаргуулан түүний дагуу уг барилгын ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангуулахыг тухайн орон нутгийн удирдлагуудад үүрэг болгожээ.