logo
“Хөх” нүдтэнгүүдэд өгөх зөвлөгөө /элэглэл/

“Хөх” нүдтэнгүүдэд өгөх зөвлөгөө /элэглэл/

2012/03/07
Ядарсан, өвдсөнөөс болоод зарим хүний нүдний зовхи доогуур хөх туяа татдаг. Харин энэ удаа эрүүл мэндийн бус гоо сайхны зөвлөгөө өгөх тул нүдээ “таг”-луулсан өрөөсөн нүдтэнүүддээ хэрэг болох хэдэн үг хэлье гэж бодлоо.

Хөх “тень”-иэр “гангардаг” хүмүүсийн тоонд: өмхий найркагаа булаацалдсан гудамжны “хаан”-мал болох орон гэргүй архичид, клиентээ “сэгсэрдэг” биеэ үнэлэгчид, таслан зогсоох арга хэмжээний үед мэргэжлийн алдаа гарган танхайчуудаас “шан” авсан цагдаа нар, хүнээс мөнгө зээлээд өгөхгүй “гол”-ордог зальхайчууд, гудамж орцны “бөгс нь хорссон” дэггүй банди нар, эхнэрээ “араар нь тавиад” хадам ахаасаа “шийтгэлийн арга хэмжээ” авсан хормойн салхитнууд, бага даргаасаа “ухамсарын шанаа” хүртсэн шинэкоовууд, боссынхоо “хайрыг даахгүй” охиныг нь “оролдсон” бие хамгаалагч, дэлгүүрийн орлогоос “хумсалсан” шинэхэн манаач, галзуугийн эмнэлгийн тарианы сувилагч, буруу замаар будаа “тээсэн” таксины жолооч, өдөр шөнөгүй хэрүүлийн “ажил”-тай гэрийн авгай, хойд эцгийн энэрэнгүй “хайр”-аар чимэглэсэн дагавар хүү, ухвар мөчид эхийн “чимээгүй тамлалд” доромжлуулсан бяцхан охин, долоон сарын нэгний хэргээр “До” яамны мөрдөнд залрагсад, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ...р ангийн хүмүүжигч, хүүхдийн асрамжийн төвийн хаяггүй жаал... гээд олон “үйлчлүүлэгч” нар бий.

Багаас нь яривал цэцэрлэгийн бацаанууд хүртэл каашаа булаацалдаж “үзээд” нэгнийгээ хөөрхөн “тень”-дсэн байх тохиолдол бүртгэгджээ. Сургуульд ангийн “атаман” болохын төлөө “нэг”-ээсээ л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана шүү дээ. Жаахан томрохоороо охид “булаацалдаад” явж өгнө. Байрандаа “нөлөөгөө тогтоох” гээд бас балбалцана... Хууль тогтоох эрх үүрэгтэй парламентчид ч “идсэн уусанаа”-раа хоорондоо талцаад нэгнийхээ нүдийг таглана. Тэр үед нь телевизийн шууд сурвалжлага техникийн саатал болж “тагларна”.  

Элээсэн оймсныхоо “элэгдсэн” туршлагаас харж байхад нүдээ хөх тениэр “гоёсон” хэн ч гэсэн тэгсэн ингэсэн гэж үнэнээ хэлэх нь ховор. Ширээ мөргөчихлөө, хальтирч унаад... юманд цохичихлоо гээд янз бүрээр аргална. Тэнгэрээс чулуу нисэж ирээд цохьсон гэж “залах” нь халаг. Сандарсандаа “солирын хэлтэрхий” мөргөлөө гэж хэлэх шахна. Хөвгүүд болсон хойно шазуур зуугаад хэзээ ч үнэнээ хэлэхгүй. Үеийн нөхрөө дийлэхгүй гарын “амт”-ыг нь үзчихээд, ичихдээ шал өөр юм ярина...

Мань ч бас “хадуураад” явчихлаа. Зөвлөх зүйлдээ оръё. Миний зөвлөгөөг хүлээгээд нүд нь хөхөрч, бундайтал хавдсан хэн нэг нь яахаа ч мэдэхгүй ёолоод байж байгаа ч билүү... Жаахан тэсээрэй. Хэлэх гэтэл хэлэх юмаа мартчихлаа. Нэг... хоёр... гурав... Арайхийж саналаа. Ойрд нүдэндээ “тень” тавиулаагүй, мартах дөхжээ. Юуны түрүүнд та нүдэндээ хэн нэг ууртай тэнэгээр “тень” тавиулах ёстой. Нүд чинь “таг”-лараад  халуу оргиод, ухархайгаар чинь хатгаад “сайхан” болноо... Нүд харанхуйлаад... толгой эргээд... нэг хэсэг “сайхан” болдог юм.

Толгой хөдөлж, бөөлжис цутгах ч тохиолдол байдаг. Харин шүдээ зуугаад тэсэх хэрэгтэй. Нэгэнтэй хариугий нь өгч чадаагүй болохоор хувь заяатайгаа эвлэрч, хөх “нүд”-ээрээ “гоёж” сур. “Монгол”-оороо л гоёсон байна шүү дээ. Юундаа ичдэг юм бэ, төрхгүй хүний төрийн тэмдэг гэж өвөө эмээ чинь өхөөрдөнө. Толинд хар. Юу нь муухай байна? Эр хүний л хүртдэг нударган боовны шорвог “амт” шүү дээ.

Рокки-г санаж байна уу? Булуу болтол нүдүүлээд “аварга” болдог. Ван Дамм ч ялгаагүй “зодуулж зодуулж” л дийлдэг биз дээ. Манай байранд “Хөх нүдэн” гэж нэг ааштай эгч бий. Согтуу нөхрөө өдөж зодуулчихаад хөх “тень”-ээрээ үргэлж “гоёдог”. Дэлгүүрээс “будаг шунх” авч мөнгө үрэхгүй харин зүгээр юм гэж байрны ах нар хоорондоо хошигнодог.

Шар сонины сурвалжлагч нэг ах байна. Болох болохгүй юм бичээд дандаа хүний гарын “шүүс” болж явдаг юм. Дарга нар тэгж хулгайллаа, тэгж луйвардлаа гэж бичээд шударга хүн чинь “шударга журам” медалиар нүдээ гоёно. Үргэлж хөхөрсөн нүдтэй яваад байхаар хүмүүс сүүлдээ түүнийг төрөхдөө л ийм нүдтэй төрсөн гэж боддог болсон. Хэн нэг нь бас түүнийг төрөхөд нь эх баригч нь алдаж унагаад, төмөр ор мөргүүлээд, насан туршдаа хөх “нүд”-тэй болсон гэж ярина.

Зарим хүн төрөлхийн ийм хөх “мэнгэ”-тэй гэж чалчина. Угаасаа тэр ах “Хөх толбо” сонинд ажилладаг билээ... За, ингээд  зөвлөгөөгөө өгүүлсүү. Хожим хойно удаан хугацаагаар “өнгө будаг” солигдон, өчнөөн хоног нарны хар шил зүүе гэж бодоогүй бол “хор”-ыг нь авахын тулд төмс хэрчиж жин тавь. Хүйтэн жин тавихаар хавдар нь хурдан буудаг ч гэсэн цаашаа “нүүгээд” цус “гүйж” муухай болно. Ийм байдалд хүргэхгүйн тулд ердөө л шүдний оо дав даруй түрхэх хэрэгтэй. Та тааллаараа түрх. Хэнээс ч бүү ич.

Хэрэгт дуртай хэрээ хоншоорт асуувал шүд өвдөөд хаван нь нүд рүү гүйчихлээ гэж аргалаарай. Авахуулж болдоггүй юмуу гэвэл өвчтэй шүдийг хэзээ авч болдог билээ гэж аятайхан бултаарай. Зөвлөгөө маань товчхон мөн найдвартай, хурдан эдгээнэ. Оршил маань хэтэрхий нуршуу болчихов уу даа... Нээлт хийхийн тулд олонтой туршиж судалдгийн адил хөхөрсөн “нүд”-энд “оо” тавих гэж нилээн л юм боллоо. Манай алдарт “нударган зодоончид” маань ч хэрэглээд үзэхэд илүүдэхгүй байх. Шүдээ оо-гоор угаахын зэрэгцээ “хөх нүд”-ээ оо-гоор “тордож” байхыг ороо бусгаа цагийн уур бухимдлын бай, зодооны хэрэглүүр болсон та бүхэндээ ний нуугүй зөвлөснийг минь хүлээн авч, хүлцэн соёрхоно уу...

Даваажавын Эрдэнэмөнх 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш