logo
Агаараас ус гаргаж авах боломжтой юу?

Агаараас ус гаргаж авах боломжтой юу?

2012/03/08
Байлдааны бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдэд ундны ус хүргэх нь өртөг зардал ихтэйн дээр заримдаа аюултай ажил юм. Зарим улсын цэрэг арми фронтын шугам дээр хүнд хэцүү нөхцөлд тулалдаж байгаа цэргүүддээ ус хүргэхийн тулд олон сая доллар зарцуулдаг байна.
Тэгвэл Израйлийн Water-Gen компаний гүйцэтгэх захирал Ареэ Кохави энэ асуудлыг шийдэх гарцыг олжээ. Тэрээр ярихдаа "Ус тээвэрлэж яваа цуваа руу халдах тохиолдлууд гардаг, манай компани ус тээвэрлэхэд гардаг бүх зардлыг хэмнэж, шаардлагатай газарт усыг гаргаж авах үйлчилгээ үзүүлдэг" гэжээ.
Кохави зөрчил үймээнтэй бүс нутаг руу усыг тээвэрлэхийн оронд тухайн газарт агаараас ус гаргаж авах зориулалттай зөөврийн төхөөрөмжийг бүтээсэн гэдгээ хэлжээ. Кохавигийн хэлснээр агаар дахь чийгийг ус болгон хувиргадаг төхөөрөмжийг танканд суурилуулж болох бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн цаг агаарын  нөхцлөөс шалтгаалж өдөрт 20-60 литр усыг бий болгох хүчин чадалтай гэнэ. Агааржуулагчтай ижил зарчмаар ажилладаг энэ төхөөрөмж агаар дахь чийгийг сорон авч үүнийгээ ундны цэвэр ус болгон хувиргана.  Кохави ярихдаа "Төхөөрөмж рүү орж байгаа агаар чийгшилтэй байдаг, төхөөрөмж чийгийг ялган авч агаарыг буцаан гаргадаг, энэ процессын дүнд бий болсон хүйтэн, цэвэр усыг цэргүүд хэрэглэх боломжтой" гэжээ.
Ареэ Кохавигийн үзэж байгаагаар ус гаргадаг зөөврийн төхөөрөмжийг ирээдүйд зөвхөн цэрэг армийн салбарт өргөн хэрэглээд зогсохгүй бусад салбаруудад ч ашиглах юм байна. Түүний хэлснээр НҮБ гэх мэт олон улсын байгууллагууд цэвэр усаар дутагдаж байгаа хүмүүсийг усаар хангахад  түүний бүтээсэн төхөөрөмжийг ашиглах нь тун хэрэгтэй юм байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш