logo
Сирид сүүлийн 12 сарын хугацаанд 7500 гаруй хүн амь насаа алджээ

Сирид сүүлийн 12 сарын хугацаанд 7500 гаруй хүн амь насаа алджээ

2012/03/08
Сирийн Хомз хотын оршин суугчид хотдоо эргэн ирж байгаа тухай мэдээлэл гарчээ. Сирид халдлага хүчирхийлэл үргэлжилсээр байгаа ч энэ улсын төрийн мэдлийн телевизээр дайн тулаанаас болж ихээхэн эвдэрч сүйдсэн Хомз хотын Баба Амр дүүрэгт иргэд эргэн ирж байгаа талаар мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцсэн иргэдийн бослогыг дарах зорилгоор цэрэг арми хүч хэрэглэсэн ажиллагаа явуулсаар байгаа ч төрийн телевизээр сэргээн босгох ажил хийгдэж байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн террористуудын ашигласан гэх зэвсгүүдийг харуулсан байна. Халдлага дайралт бараг сарын хугацаанд үргэлжилсэн учраас Хомз хотын барилга байгууламжууд ихээхэн эвдэрч сүйджээ. Улаан загалмайн байгууллагаас мэдээлснээр Сирийн удирдлагууд тусламжийн бараа оруулахыг хориглосоор байгаа юм байна.
Туркийн ерөнхий сайд Ресип Таяип Эрдоган олон улсад хандан Ассадын дэглэмд илүү хүчтэй шахалт үзүүлэхийг уриалжээ. Эрдоган түүнчлэн харгис ажиллагаа, аллага хүчирхийлэл зэрэгт ерөнхийлөгч Ассад буруутай гэж хэлсэн байна.  Хэдийгээр Сирийн дэглэмийнхэн иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсээр байгаа ч барууны улсууд Сирид Ливид явуулсантай адил цэргийн ажиллагаа явуулах бодолгүй байгаа юм.
Америкийн ерөнхийлөгч Барак Обама Сири дэх нөхцөл байдал тун хүнд байгаа ч АНУ энэ улсад цэргийн ажиллагаа явуулах нь алдаа байх болно гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн түүнчлэн Ассад бусад дарангуйлагчдын адилаар төрийн эрхнээс бууна гэдгийг онцолсон байна. Олон улс Сирийн асуудлыг хэрхэн шийдэх тал дээр санал хуваагдсан байдалтай байна. НҮБ-аас мэдээлснээр Сирийн аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаанаас болж сүүлийн 12 сарын хугацаанд 7500 гаруй хүн амь насаа алджээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш