logo
Дундын хувилбарыг МАН-ын бүлэг  хүлээж авьсангүй

Дундын хувилбарыг МАН-ын бүлэг хүлээж авьсангүй

2012/03/09
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах талаар УИХ дахь хоёр намын бүлэг байр суурь зөрүүтэй байгаа. АН-ын бүлэг буулт хийж аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт, харин сум, дүүргийнхийг ирэх намар явуулъя гэсэн гэсэн санал тавьсан байна. Харин энэ саналыг нь МАН-ын бүлэг бас хүлээж авсангүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин энэ хувилбарыг хүлээж аваагүй шалтгаанаа тайлбарлахдаа, Орон нутгийн сонгууль гэж бид яриад байгаа болохоос үнэн хэрэгтээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль. Тиймээс дээрээс энэ сонгуулийг яг төдийд явуул гэж заах Үндсэн хуулийн агуулга байхгүй. Хоёрдугаарт тэдний бүрэн эрх энэ оны 11 дүгээр сард дуусах учир хугацаанаас нь өмнө сонгууль явуулна гэдэг нь тэр байгууллагын бүрэн эрхэд халдаж байгээ хэрэг. Гуравдугаарт 2008 онд орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөөс санал аваагүй, одоо ч аваагүй явж байна гэлээ. Түүнээс гадна хоёр сонгуулийг зэрэг явуулах нь эрх зүйн болоод техникийн талаас хүндрэлтэй гэнэ. УИХ-ын сонгууль 7- 20 цагт явагдах бол орон нутгийнх 7-22 цагт болох юм. УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг техникээр тоолох орон нутгийнхийг гараар тоолно. Дээр нь сонгуулийн хэсгүүд тус тусдаа байгуулагдах учир ийм олон хүн хүч, байр савны бололцоо бий эсэх нь тодорхойгүй байгаа аж. Иймээс аль ч сонгуулийнх нь дүн баталгаажиж чаддаггүй, Монгол даяар бужигнасан, сонгуулийн үр дүнг зөвшөөрч чадахгүй байдал үүсэх гээд байна. Түүнээс биш энэ бол аль нэг намын асуудал биш. Салгаж явуулах нь МАН-д ашигтай биш, зэрэг явуулах нь АН-д ашигтай юм биш хэмээн бүлгийн дарга хэлсэн юм.
Өчигдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсэг хуралджээ. Энэ хурлын үеэр нэг гарц байж болох юм гэж үзэн санал нэгдсэн байна.Тэрбээр энэ талаар бүлгийн даргаас торууллаа.
-Ажлын хэсэг ямар гарц байгаа гэж санал нэгдсэн бэ?
- Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь гол зорилго биш. Гол нь нутгийн өөрөө удирдах байгууллага гэдгийг боловсронгуй болгоё гэсэн. Энэ талаар хэд хэдэн хуулийн төсөл явж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч явж байгаа. Тиймээс үүнийгээ шийдэж цэгцлэе гэж ярилцсан. Харин энэ хувилбар дээр санал нэгдэх эсэх нь хоёр бүлгийн хурлаар ярилцаж байж шийдэх учир одоо хэлэх боломжгүй. Энэ хувилбарыг хоёр намын бүлгийн гишүүд дэмжих юм бол асуудал шийдэгдэж, маргаан тасарч, ээлжит бус чуулганаар шийдэх боломжтой.
-Одоо мөрдөж байгаа хуулиар УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамт явуулах заалттай байгаа шүү дээ?
-Зэрэг явуулна гэснээс биш яаж явуулах вэ гэдэг хууль эрх зүйн үндэс гараагүй байна. Хэсгийн хорооны бүрэлдэхүүн хоёр байх уу, нэг байх уу, тоолохдоо хэрхэн тоолох вэ гэх маэтийг цэгцэлсэн хууль хэрэгтэй. Тэр хуулиуд гарч байж хамт явуулах боломжтой болно.

Ш.Чимэг
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш