logo
Цахим үнэмлэхийн загвар бараг нэг жилийг алдаж байж бэлэн болжээ

Цахим үнэмлэхийн загвар бараг нэг жилийг алдаж байж бэлэн болжээ

2012/03/09
Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэний ухаалаг үнэмлэх олгох ажлыг ямар нэг саадгүй явуулах чиг үүргийг УИХ дахь МАН-ын бүлэг холбогдох байгууллагуудад өгчээ.
МАН-ын бүлэг уржигдрийн хурлаараа Монгол Улсын 2012 оны санхүүгийн байдал болон иргэний ухаалаг үнэмлэхийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагын удирдлагын мэдээллийг сонсоод дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Монгол Улсын 2012 санхүүгийн байдал урсгал болон хөрөнгө оруулалтын талд онцын бэрхшээл учрахгүй, төлөвлөсөн хуваарь ёсоор явах аж. Харин Хүний хөгжлийн сангийн тухайд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх асуудал хүндхэн байгаа гэнэ. Энэ тухай Сангийн сайд Д.Хаянхярваа уржигдар орой хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд мэдээлжээ. Тиймээс МАН-ын бүлгээс Засгийн газарт бонд гаргах гэх мэтээр хуульд заасан эрхийн дагуу энэ санд хөрөнгө татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, энэ талаар бүлэг болон УИХ-д танилцуулах чиглэл өгөхөөр шийдсэн байна.
Түүнчлэн иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх асуудал удааширч байгаа нь МАН энэ ажлыг намын ажилтандаа хариуцуулсан нь сонгуулийг будлиантуулахын тулд хийж байгаа явдал гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан УБЕГ, СЕХ болон цахим үнэмлэх хэвлэх машин болон загвар, нууцлалыг хийх ажлыг хариуцсан “Бодь” компанийн мэдээллийг сонсчээ. Тэдний мэдээлж байгаагаар ухаалаг үнэмлэх ажил хэвийн явагдаж байгаа, сонгуулиас өмнө хэвлэж иргэдэд тараах бүрэн боломж байгаа аж.
Харин хугацааны хувьд яагаад ийм шахуу болсныг Засгийн газар, түүний дотор энэ асуудлыг хариуцсан тэргүүн шадар сайд энэ дээр нэлээд удаан ажилласан гэнэ. 2011 оны 3 дугаар сард Засгийн газар иргэний ухаалаг үнэмлэхийн загварыг батлуулах үүрэг өгсөн ч 11 дүгээр сард оруулж ирсэн нь энэ ажлыг 8 сар уясан хэрэг болжээ. Гэтэл 11 дүгээр сард батлуулсан загвар нь шаардлага хангаагүй учир энэ оны 2 дугаар сарын эхээр загварыг эцэслэн баталснаас болж цаг алдсан байна. Үүнээс үзэхэд цахим үэнмлэхийн загвар бараг л нэг жил болж байж батлагджээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин, үүнийг улс төржүүлээд МАН-аас боллоо, Нямдоржоос боллоо, Алтанхуягаас боллоо гээд яриад байх нь утгагүй. Тиймээс нэгэнт хууль гарсан учир энэ ажлаа түргэвчил, асуудал гарвал УИХ, Засгийн газарт шуурхай танилцуул гэсэн үүргийг өгсөн гэдгийг хэллээ.
Батлан хамгаалахын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үү гэсэн сэтгүүлчдийн асуултад, ээлжит бус чуулган хуралдуулах захирамжид эхлэх өдөр, дуусах  өдөр, ямар асуудал хэлэлцэхийг тодорхой тусгаж, захирамжид зааснаас өөр асуудал хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалттай гэсэн хариултыг бүлгийн дарга өглөө.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш