Энэтхэгийн эртний түүхт Пенжаб мужид Бангра хөгжим үүссэн бөгөөд эндхийн иргэдийн 66 хувь нь хөдөө орон нутагт, 34 хувь нь хот суурин газар амьдардаг. 2001 онд явуулсан хүн амын тооллогын дүнгээс үзэхэд энэ мужид 1000 эрэгтэй тутамд 876 эмэгтэй ногддог байна. Пенжаб нь үржил шимтэй тариалангийн талбай, усны нөөц, дэд бүтэц сайтайгийнхаа ачаар ядуурлын төвшин хамгийн багатай мужуудын нэг юм. Гэвч эндхийн оршин суугчдын дунд хар тамхинд донтох явдал газар авсан нь санаа зовоосон асуудал болоод байна. Хар тамхинд донтсон Индержеет Син мансууруулагчийг хэрэглэсэн үед диваажинд тэнүүчилж байгаа юм шиг л санагддаг байсан, бүх дэлхийн хаан болчихсон юм шиг мэдрэгддэг байсан, бүр эцэг эхээ ч таньдаггүй байсан гэж ярьжээ. Одоо 20 настай тэрээр хар тамхинд донтогсдыг эмчлэх эмнэлэгт эмчлүүлж, йогоор хичээллэн, хорт зуршлаасаа ангижрахаар чармайж байна. Синээс гадна олон залуус эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 25 настай нэгэн залуу геройныг хэзээ ч хаанаас ч авах боломжтой байсан, нэг тосгонд л гэхэд 20-25 айл хар тамхи зардаг гэж ярьжээ. Пенжаб мужийн хот суурин газрууд болон тосгодод хар тамхийг хаа сайгүй зардаг байна. Энд таван грамм хар тамхи ойролцоогоор 20 долларын үнэтэй. 2011 онд НҮБ-аас гаргасан хар тамхи, гэмт хэргийн талаарх тайланд дурдсанаар бүс нутагтаа хүн амаараа тэргүүлдэг Энэтхэг нь героины хэрэглээгээрээ Өмнөд Азид тэргүүлдэг байна.
Зарим албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Пенжаб мужийн 18-35 насны нийт иргэдийн 50 гаруй хувь нь геройн болон сэтгэцэд нөлөөлдөг эмүүдийг хууль бусаар хэрэглэж байна. Пенжабын Сангрур хот дахь улаан загалмайн эмнэлгийн төслийн удирдагч Мохан Шарма хар тамхинд донтсон 12 настай хүүхдийг эмчилж байснаа хэлжээ. Тэрээр Пенжаб мужид найман минут тутамд нэг донтогч нас барж байгааг анхааруулсан байна. Пенжаб мужид үйл ажиллагаа явуулдаг хар тамхинд донтогсдыг эмчилдэг 63 эмнэлэг ч ачааллаа дийлэхгүй байна. Хэрэв дорвитой арга хэмжээ авахгүй бол хүн бүр хар тамхинд донтож магадгүй гэж болгоомжлох хүн олон байна.
Э.АМАР