logo
Баачкагийн хуурыг Монголд урлажээ

Баачкагийн хуурыг Монголд урлажээ

2012/03/10
Хаан хуур эгшиглэж байна, Баачка дуулж байна. Жинхэнэ сонгодог рок хэмнэл. Үзэгчдийг долоон жил хүлээлгэсэн “супер” тоглолт сонсогч, фенүүдийг нь догдлуулсан хэвээр. Энэ үдшийн эзэн Баачкагийн төгөлдөр хуур “Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” тоглолтын сюрприз байлаа.

Хамгийн гайхалтай нь, тайзыг тэр чигт нь эзэгнэх ихэмсэг хуурын их биеийг Монгол хүн бүтээсэн гэхээр бахархалтай сонсогдож байгаа биз? “ISM Colors” гэх бичиг сийлсэн хар, цагаан алагласан, тансаг, яруу дуугаралттай хаан хуурын эзэн нь Баачка. Баачка долоон жилийн дараа фенүүддээ зориулсан “Нандин шүтээн” тоглолтоо энгийн байлгахын хүсээгүй нь лавтай. Тиймдээ ч “ISM Colors” гэх интерьер, экстрьер зураг төслийн компанид тусгайлан захиалж, хийлгэжээ. Өвөрмөц, содон давтагдашгүй шийдэл бүхий зураг төслөөр шинийг эрэлхийлж буй тус компани дуучин Б.Батчулууны дельфин мэт хар, цагаан хуурыг 25 хоногийн хугацаанд урласан гэнэ. Харин үнийн тухайд 20 орчим сая төгрөгөөр бүтсэн бөгөөд өчигдөр “UB Palace”-ын концертын танхимд “Никитон”-ы фенүүдтэй анх уулзсан нь энэ ажээ. Баачкаг төгөлдөр хуургүйгээр төсөөлшгүй. Тиймдээ ч Баачка дахин “ISM Colors” компаниар “Дельфин хуур”-аас ч илүү тансаг, гоёмсог, сүрлэг хуур урлуулж байгаа гэнэ. 

Зөвхөн Баачкад л байх цорын ганц төгөлдөр хуур. Монгол хүн, монголдоо хийсэн Баачкагийн “Дельфин хуур” энэ удаагийн “Нандин шүтээн”-ий бас нэгэн баатар байсан юм. Эзэн шигээ хүчирхэг, авьяаслаг хуур...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш