logo
Насан туршийн нойргүйдэл

Насан туршийн нойргүйдэл

2012/03/13
Хүн унтаж амрахгүйгээр ердөө 10-11 хоног амьд явж чадна гэж ярьдаг. Гэтэл хүн болгон адилгүй аж. Дэлхий дээр хэдэн арван жилийн турш унтаагүй олон хүн байдаг. Тэдний дотор Вьетнамын фермер, Британийн багш эмэгтэй, Минскийн оршин суугч байна. Хэн нэгний хувьд нойргүйдэл нь хараал болж хувирсан бол, нөгөө нэг нь энэ хачин өвчний улмаас бараг зовж шаналахгүй байгаа аж.
Нойр огт хүрэхээ болдог мэдрэлийн системийн хямралыг эмч нар колестит гэж нэрлэдэг.
Жирийн хүмүүс хоёр хоног нойргүй явахад л тавгүйрхэж эхэлдэг. Сэтгэл санаагаар унаж, үе үе тэнэгэрч, эсвэл эсрэгээр, хараа хурц, чих сонор болж, ажиллах чадвар эрс буурдаг. Кофе зэрэг сэргээгчгүйгээр анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болдог. Шалгалтын өмнө оюутан бүр ийм байдалд ордог. Нойргүй хоносон 3-5 дахь өдөр ноцтой асуудал үүсч, учир утгагүй юм ярьдаг болж, айдас түгшүүрийн байдалд орж, эсвэл бүр хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орж болзошгүй аж. Өөр дээрээ ийм туршилт хийж үзэх мэдээж хэрэггүй. Гэхдээ насан туршийн нойргүйдэл буюу шинжлэх ухааны хэлээр колестит гэж нэрлэдэг, анагаах ухааны бүх хуулийг үгүйсгэсэн ховор өвчин байдаг аж. Анагаах ухааны түүхэнд ийм нэг бус тохиолдол бүртгэгджээ.
1940-1950 онд АНУ-ын Нью-Жерсид Ал Харпин гэдэг өндөр настан амьдарч байв. 90 орчим настай тэрбээр бараг л үгээгүй ядуу нэгэн. Орох оронгүй тэрбээр модны навч мөчрөөр босгосон овоохойд толгой хоргоддог байжээ. Тэнд нь унтах ор бүү хэл, хэвтэш ч байдаггүй, байх шаардлагагүй байсан гэж тэрбээр ярьсан байна. Учир нь Ал Харпин унтаж чаддаггүй аж. Ийм гайхалтай хөгшний тухай домог яриа ам дамжиж, түүний овоохой эмч нарт “дарагджээ”. Тэдний нэг нь ч Харпиний унтдаггүйн нууцыг тайлж чадаагүй байна. Тэрбээр хэдхэн цаг суугаад эсвэл хэвтээд сэргэчихдэг аж. Эхээс мэндлэхээсээ өмнө ч унтдаггүй байсан байх гэж хөгшин ярьжээ. Гэдсэнд байхдаа хүчтэй тийрдэг байсан гэж ээж нь түүнд ярьсан байна.
XIX зууны сүүлээр Америкийн сонинд дараах тэмдэглэл нийтлэгджээ. “Дэвид Жонс хэдэн жилийн өмнө 90 хоног, дараа жил нь 131 хоног унтахгүй байж эмч нарын гайхлыг төрүүлсэн байна. Одоо тэр бас унтдаггүй үеэ туулж байна”. Тэмдэглэлийг бичсэн хүмүүсийн ярьснаар, гайхсан эмч нар хонон өнжин Жонсыг ажиглаад, түүнийг үнэхээр унтахгүй байгааг нотолжээ. Түүнд ойр байдаг хүмүүсийн ярьснаар, Дэвид бие тавгүйрхсэн талаар ямар нэг гомдол санал хэлдэггүй, харин ч эсрэгээр, фермдээ ихээхэн анхаарал тавин ажилладаг байна. Өөрийн биеийн байдлын талаар ямар нэг шалтгааныг тэрбээр олж чадаагүй бөгөөд харин залуудаа тамхи их татдаг байснаа эмч нарт хэлжээ. Эцэс сүүлд нь эмч нар түүнийг зүгээр орхиод яваад өгсөн байна.
Харамсалтай нь, хүн болгон америк тэнүүлч Харпин болон фермер Жонс шиг нойр даадаггүй. 40 настай, дунд сургуулийн багш Жоанна Мур нойргүйдсэнээс болоод ёстой нэг хараал идсэн нэгэн болжээ. 1962 оны нэгэн үдэш ажлаа тараад гэртээ харьсан байна. Тэр өдөр их ядарсан учир нойр нь хүрч, эвшээснээс хойш юу болсныг тэр эмэгтэй өөрөө ч, эмч нар ч тайлбарлаж чадаагүй аж. Сэрүүн байхдаа Жоанна талийгаач эхийгээ харсны дараа түүний толгойд “ямар нэг зүйл өөрчлөгдсөн” гэж тэрбээр ярьж байна. Хатагтай Мур тэр шөнө ч, дараагийн шөнө ч унтаагүй аж. Тэр цагаас хойш огт нүд аниагүй гэнэ. Харамсалтай нь, нойргүй өдрүүдийг арай ядан өнгөрүүлөх нь түүнд үнэхээр хэцүү байгаа ажээ. Өдөр ч, шөнө ч унтмаар санагддагаа Жоанна ярьсан байна. Байнга бие нь сульдаж ядарсан мэт байдаг ч яаж ч хичээгээд унтаж чаддаггүй гэнэ. Тайвшруулах болон нойрсуулах ямар ч эм түүнд тус болоогүй байна. Жоанна Мурыг үзсэн эмч нар түүний тархины тал хэсэг устсан гэсэн дүгнэлт хийжээ. Эрүүл мэндийн бусад үзүүлэлтээр тэрбээр эрүүл саруул нэгэн аж. Харин сэтгэл мэдрэлийн хувьд нойргүй өнгөрүүлсэн шөнө бүр түүний хувьд үнэхээр там болдог байна. “Чив чимээгүй, эл хуль болох үед дэлхий дээрх цорын ганц амьд хүн шиг надад санагддаг” гэж тэрбээр гомдолложээ.
Вьетнамын Тай Нгок 39 дэх жилдээ унтаагүй явж байна. Чичрэг өвчин туссанаас хойш тэрбээр нойргүйдэх болжээ. Олон жил эрүүл саруул, ажиллаж хөдөлмөрлөх чадвартай явсан байна. 2006 онд өгсөн ярилцлагадаа Тай, нойргүйдэх болсноосоо хойш “усгүй хатсан ургамал” шиг санагдах болсноо хэлжээ.
Түүний эх орон нэгт тариачин Нгуен Ван Кха нүд анилгүй 27 жил болсон байна. Хамгийн сүүлд 1979 онд хэвийн унтсанаа Нгуен ярьжээ. Түүнээс хойш түүний бие нэг л хачин болсон байна. Нэг удаа орой Кха нүдээ аньтал зовхин дор хүчтэй хорсож, гал дүрэлзэн асах шиг санагджээ. Түүнээс хойш зүйрмэглэх гэх болгонд тийм мэдрэмж төрөөд унтаж чадахаа байсан гэнэ. Түүгээр зогсохгүй тэрбээр нүдээ ч аньж чадахаа больсон байна. Түүний энэ байдлыг шинжлэх ухааны үүднээс яагаад ч тайлбарлаж чадаагүй ажээ. Эмч нарын зөвлөснөөр Кха европын янз бүрийн эм бэлдмэл болон дорнын анагаах ухааны эм тан их хэмжээгээр уусан боловч аль нь ч нөлөөлөөгүй байна. Азаар Кха сэтгэл санаагаар өөдрөг, унтдаггүйдээ шаналдаггүй ажээ.
Унтаж нойрсдоггүй хүмүүсээс хамгийн алдартай нь Минскийн оршин суугч Яков Цеперович аж. 26 насандаа тэрбээр клиник үхлийн байдалд оржээ. Зарим нэг баримтаас үзвэл, хартай эхнэр нь түүний дарсанд ямар нэг бодис хольж түүнийг хордуулахыг оролдсон байна. Тэгэхэд Яковын бие муудаж, түүнийг «түргэн» аваад явжээ. Эмч нар түүнийг бараг л “нөгөө ертөнцөөс” эргүүлэн авчирсан байна. Үнэндээ тэрбээр огт өөр хүн болоод сэржээ.
Яков удаан ухаан орж, дахин ярьж сурч, ойр тойрныхонтойгоо бичгээр харилцдаг байв. Харин биед нь гайхалтай өөрчлөлт орж, залуу эр гайхалтай их хүчийг мэдрэх болжээ. Түүний тархинд шинэ санаа бодол төрж, зарим нь бүр уран яруу хэлбэрээр бий болох болж. Үүнээс өмнө Цеперович шүлэг огт бичдэггүй байв.
Үүгээр хачин жигтэй байдал төгсгөл болсонгүй. Хэвийн амьдралдаа бүрмөсөн эргэж орсон Яков унтдаггүй болсноо мэджээ. Эхэндээ үнэхээр хэцүү байв. Унтахыг хэчнээн хүсэвч яагаад ч болдоггүй байв. Унтах гэхээр толгойг нь ямар нэг юм дэлсээд, өөрийнх нь ярьснаар, ямар нэг хөндлөнгийн хүч түүнийг босгоод суулгачихдаг байж. “Энэ бол үнэхээр аймшигтай. Хором ч болтугай унтаж амрах боломжийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл байсан” гэж тэрбээр дурсчээ.
Хэсэг хугацааны дараа Яковын бие нойргүй байж дасчээ. Биеийн хүч нь ид шидийн юм шиг нэмэгдэж, ядарч цуцахыг мэдэхгүйгээр хэдэн ч цагаар хамаагүй туухай өргөж чаддаг болсон байна. Хамгийн сонирхолтой нь Цеперович хөгшрөхөө больсныг гэрчүүд нотолдог. 40-43 настай байх үеийн гэрэл зураг нь 25-26 настай байхдаа авахуулсан зурагнаас нь ялгарах юмгүй аж.
“Цаг хугацаа гэж байдаггүй мэт надад санагдах болсон. Надад олон жил амьдарсан юм шиг санагддаггүй. Нэг л өдөр үргэлжлээд байгаа юм шиг, миний амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм шиг надад санагдах болсон” гэж Яков ярьжээ.
Удалгүй түүний биеийн байдлыг эмч нар сонирхох болов. Мань хүн үнэхээр унтаж амардаггүй, биеийн температур нь 34 хэмээс дээшилдэггүй болохыг тэд тогтоожээ. Өөр ямар эмгэг, өөрчлөлтийг түүний биеэс илрүүлээгүй байна. Одоо Яков Цеперович нойрсохгүйгээр гадаад ертөнцөөс хэсэг хугацаагаар “тасрахын” тулд йог, бясалгалаар хичээллэх болжээ.
Гайхалтай эрүүл саруул мэт боловч Яков унтаж амарч чаддаггүйдээ харамсч, нойрсохгүй өнгөрүүлдэг шөнийн цагийг “бэлэг” гэж үздэггүй байна. “Энэ цагийг би яаж ч ашигладаггүй. Бурхан надад амьдрал бэлэглэсэн, тэгээд л би амьдарч байна. Би жирийн хүний хийдгийг л хийдэг, надад илүү цаг гэж байдаггүй. Мэдээжийн хэрэг эргэн тойронд бүх хүн унтаж байхад би дуу чимээ гаргадаггүй. Энэ хугацаанд би уншиж, бичиж, бас боддог” гэж тэрбээр нэг удаа ярьжээ.
“Би урьдын адил унтаж чаддаг жирийн хүн болохыг хүсч байна” гэж Цеперович хэлжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш