logo
Давс тамхитай адил хортой

Давс тамхитай адил хортой

2012/03/13
Америкийн Атланта хот дахь Эмори их сургуулийн эрдэмтэн Виола Ваккарино тэргүүтэй судлаачид натрийн хэрэглээ хэмжээнээс хэтрэх нь тамхи татсаны адил зүрхний бах өвчтэй болох эрсдэлийг ихэсгэдэг болохыг тогтоожээ. Энэ судалгааны тайлан «American Journal of Clinical Nutrition» сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт нийтлэгдсэн байна.
Эрдэмтэд 50-иас дээш насны 143 ихэр эрэгтэйг судалгаандаа хамруулжээ. Тэднээс сүүлийн 12 сар хэрэглэсэн хүнсэнд нь хэдий хэмжээний натри агуулагдаж байсныг лавлаж Уиллетын анкет бөглүүлсэн байна. Дараа нь ихэр болгоны өрөөсний натрийн хэрэглээг нэмэгдүүлжээ. Ингээд цусны эргэлтийг томографиар хэмжихэд натрийн хэрэглээгээ нэмсэн хүмүүсийнх хэвийн хэмжээнээс хамаагүй багассан болох нь тогтоогдсон байна. Хоногт хэрэглэдэг натрийн хэмжээгээ ердөө нэг граммаар нэмэхэд цусны эргэлт ойролцоогоор 10 хувиар багассан үзүүлэлт гарчээ.
Америкчуудын хувьд натрийн дундаж хэрэглээ хоногт 3,4 орчим грамм байдаг. Гэтэл хүн хоногт ердөө 2,5 граммыг хэрэглэвэл зохих аж. 30-аас дээш насны хүмүүс, даралт ихтэй, чихрийн шижинтэй эсвэл бөөрний архаг өвчтэй хүмүүс натрийн хэрэглээгээ хоногт 1,5 граммаас хэтрүүлэхгүй байхыг судлаачид зөвлөж байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш