logo
Аннанд амаргүй даваа тулгарчээ

Аннанд амаргүй даваа тулгарчээ

2012/03/14
Дэлхийн халуун цэгүүдийн нэг болон хувирсан Сирид дэгдээд байгаа цуст мөргөлдөөн, хүчирхийллийг таслан зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, 73 настай Кофи Аннан НҮБ болон Арабын улсуудын холбооны тусгай элчийн хувиар Сирийг зорилоо.
Тэрбээр Дамаскт Ерөнхийлөгч Башар Асадтай 2 цаг гаруй хугацаанд уулзаж ярилцсан боловч эхний уулзалт бүтэл муутайхан дуусав бололтой. Асад террористууд байгаа цагт ямар ч яриа хэлцээ хийхгүй гэсэн бол сөрөг хүчнийхэн яриа хэлцээ хийх цаг нэгэнт оройтсон гэж зөрүүдэлжээ.
Аннан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор олгосон мандатын дагуу Сирид очиж байгаа юм. Тусгай элчээр хэнийг илгээх вэ гэдгийг нэлээд нухацтай хэлэлцсэн бөгөөд Кофи Аннаны гол өрсөлдөгч нь Нобелийн шагналт Марти Ахтисаари байлаа. Энэ хүн өмнө нь Косовогийн хямралыг зохицуулах төлөвлөгөөг боловсруулж байсан туршлагатай нэгэн.
Яагаад чухам Аннаныг тусгай элчээр Сири рүү илгээв гэхээр, НҮБ-ыг 1997-2006 онд хоёр удаа тэргүүлж байсан туршлагатай гэдгийг нь чухалчлаагүй юм байна. Хамгийн гол нь, энэ хүн 2008 онд Кени улсад сонгуулийн маргааны улмаас дэгдсэн цуст мөргөлдөөнийг зогсоож чадаж байсан гавьяатай.
Гэхдээ энэ удаад Аннаны өмнө тун амаргүй зорилт тулгарчээ. Сонгуулийн маргаан, Сирийн мөргөлдөөн хоёр хоорондоо нэлээд ялгаатай гэдэг нь ойлгомжтой.
Одоо түүний хувьд зөвхөн Башар Асадын дэглэм болон сөрөг хүчнийхэн төдийгүй Сирийн улс төрийн гол холбоотон ОХУ болон Хятад улстай хэрхэн хэл амаа ололцох вэ гэдгээс олон зүйл шалтгаалахаар болсон. Энэ хоёр улс Ливид болсонтой адил үйл явдал давтагдах вий гэж болгоомжлохдоо Сирийн асуудлаархи НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хоёр ч удаа хориг тавьж байсан билээ.

Одоо Сирид байдал ямар байна вэ?
Америкийн тагнуулын эх сурвалжуудын ярьснаар “хэдийгээр сөрөг хүчнийхэн зэвсэгт тэмцэл хийж, барууныхан эдийн засгийн хориг арга хэмжээ авсаар байгаа боловч Сирийн удирдагч Башар Асад улс орныхоо байдлыг хяналтдаа байлгасаар байна». Гэхдээ АНУ, Европын Холбоо болон Арабын орнуудын Лигээс авсан эдийн засгийн хориг хэмжээ Сирид нэлээд хүнд тусч байгаа бололтой. Тус улсад төсвийн орлого буурч, ажилгүйдэл газар авч, хүнс болон бензиний үнэ нэмэгдсээр байна. Иймээс Вашингтон хориг хэмжээгээ чангатгахын зэрэгцээ сөрөг хүчнийхнийг дэмжих нь цэргийн ажиллагаа явуулснаас хамаагүй дээр гэж үзэж байгаа бололтой.
Харин Асадын ойрын хүрээнийхэн удирдагчаа нягт тойрон хүрээлсэн байгаа бөгөөд тэдэнд улс орноосоо оргон зугтах бодол санаа огтхон ч үгүй гэнэ. Башар Асад ч улс орныхоо байдлыг тогтворжуулах, улс төрийн шинэчлэл хийхийн тулд бас ч үгүй нэлээд оролдлого хийсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн сарын 26-нд шинэ Үндсэн хуулийн төслөөр ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан билээ.
Төсөлд туссан шинэчлэлийн шинжтэй гол санаа бол одоогийн Үндсэн хуулиас «Арабын Социалист Сэргэн мандалтын нам /БААС/ нийгмийг удирдан чиглүүлэгч үүрэгтэй» гэсэн 8-р зүйлийг хасах явдал. Түүний оронд улс төрийн намууд бүгд тэгш эрхтэй гэсэн утгатай заалт оруулах ажээ.
Башар Асад өөртөө итгэлтэй байгаагийн учир нь Ойрхи Дорноддоо хүчирхэгт тооцогдох 330 мянган хүнтэй том арми, агаарын довтолгооноос хамгаалах боловсронгуй системдээ найдаж байгаа хэрэг. Чухам ийм учраас Ливид тогтоосны адилаар нислэг үйлдэхийг хориглосон бүс байгуулна гэдэг бол яггүй бэрх асуудал. Түүний сацуу, Америкийн чөлөөнд байгаа генерал, өмнө нь Косово дахь НАТО-гийн хүчнийг командалж байсан Уэсли Кларк «Сирийн хэрэгт цэргийн хүчээр оролцох гэж яарах хэрэггүйг» анхааруулжээ. Яагаад гэвэл, эцсийн дүндээ энэ нь Америкийн эрх ашигт нийцэх үү гэдэг нь тодорхой бус байгаа юм. Өмнө нь Тунис, Египет, Ливид бослого хөдөлгөөн анхандаа ардчилсан, барууны талыг баримталсан гэмээр өнгө аястай байсан ч хожим нь маш хүчтэй исламын үзэл суртал тархсан, одоо бол эдгээр улсуудын ирээдүйн чиг баримжаа Америкийн сонирхлыг төдийлөн татахгүй байгаа юм.
Сири бол Ливи биш, Ливиэс 3 дахин олон буюу 22 сая хүнтэй, байлдааны чадвар сайтай, Асадад үнэнч армитай тул тийм ч амар буугаад өгчихгүй гэдгийг генерал анхааруулсан.
Америкийн тагнуулынхан Сирийн сөрөг хүчнийхнийг тархай бутархай сул, дээр нь босогчдын отрядуудтай бараг холбоо харилцаа тогтоож чадаагүй гэж дүгнэж байна. Харин отрядууд нь хүн цөөтэй, зэвсэглэл муу, командлалын нэгдсэн тогтолцоо бараг байхгүй. Тэгээд ч Арабын улсуудын холбоо Сирийн сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Харин саяхан долоо хоногийн өмнө Сирийн Нефтийн сайд нь босогчдын талд орсон тухайгаа мэдэгдсэн, бас хоёр гурван генерал тэдэнтэй нэгдсэн мэдээ бий.
Түүнээс гадна, гадаадад байгуулагдсан Сирийн үндэсний зөвлөл нь гол төлөв суннит шашинтнуудаас бүрдэх бөгөөд тэднийг засгийн эрхэнд гаргахаас Асадын удирдсан эрх баригч алавитууд төдийгүй курдууд, друзууд, христийн шашинтнууд тун ихээр айж байна.
Харин шууд цэргийн хүч хэрэглэн асуудлыг шийдэх гэж тун шургуу зүтгэж байгаа улсууд бий. Энэ нь юуны өмнө Саудын Арави, Катар хоёр юм. Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд шейх Хамад бен Жасем аль Тани арабын болон гадаадын бусад орнуудын цэргийг Сирид оруулан хямралыг зогсоохыг хоёр ч удаа уриалсан. Саудчууд болон катарчууд Сирийн сөрөг хүчнийхнийг зэвсэглэхийг шуудхан уриалсан, харин Дамаскийн эрх баригчдын үзэж байгаагаар, зэвсгийн тусламж аль хэдийнэ нийлүүлээд эхэлчихсэн ажээ.
Энэ мэт жишээг дурдваас, Аннаныг амаргүй сорилт хүлээж байна.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш