logo
Интернетээр дамжуулан үг хэлэх эрх чөлөөний өдөр

Интернетээр дамжуулан үг хэлэх эрх чөлөөний өдөр

2012/03/14
Саяхан дэлхий даяар интернэтээр дамжуулан үг хэлэх эрх чөлөөний өдрийг тэмдэглэлээ. Энэ өдрийг ЮНЕСКО-гийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг “Хил хязгааргүй сурвалжлагчид” хэмээх олон улсын байгууллага 2008 онд анх удаа тэмдэглэжээ. Дээрх арга хэмжээний гол зорилго нь дэлхий даяар интернэтийн сүлжээг чөлөөтэй ашиглаж байх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах байв.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” бол хүний эрхийг хамгаалах олон улсын хэмжээний төрийн бус байгууллага бөгөөд дэлхий дахинд үг хэлэх эрх чөлөөг хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллага 1985 онд Парис хотноо байгуулагджээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагыг төрөөс цагдан хянахтай тэмцэх, мэргэжлийн ажлаасаа болж хэлмэгдсэн сэтгүүлчдэд туслах нь энэ байгууллагын гол зорилго юм. “Хил хягааргүй сурвалжлагчид» байгууллага “Интернэтийн дайснуудын” өөрийн гэсэн жагсаалтыг жил бүр нийтэлдэг байна.
Энэ жил «Хил хязгааргүй сурвалжлагчид» Беларусь болон Бахрейн улсыг «Интернэтийн шинэ дайснаар» нэрлэжээ. Энэ жилийн жагсаалтад мөн Мьянма, Хятад, Куба, Иран, Хойд Солонгос, Саудын Арави, Сири, Туркменистан, Укбекистан болон Вьетнам улс багтсан байна.
Жагсаалтад багтсан эдгээр улс нь интернэт ашиглагчдын эрх чөлөөг маш хатуу чандаар хязгаарладаг гэж түүнийг нийтлэгчид үзэж байна. Жишээ татахад, Хятадад хувийн интернэт компаниудыг Засгийн газартай хамтран ажиллахыг шаардаж тэдэнд үзүүлэх дарамт шахалтаа улам чангатгасан байна. Харин Иран, Вьетнам улсуудад эрх баригчдын хардлагыг төрүүлсэн нийтлэл бичсэн интернэт хэрэглэгчдийг баривчилсаар байгаа гэнэ.
«Хил хягааргүй сурвалжлагчдын» үзэж буйгаар, Сирийн эрх баригчид интернэтийн эрх чөлөөг хязгаарлахын тулд хатуу арга хэмжээ авч байгаа нь харин ч эсрэгээрээ интернэт хэрэглэгчдийг улам идэвхжүүлж байна.
Олон улсын байгууллагын дүгнэлтээр БНАСАУ-ын эрх баригчид “мэдээ, мэдээлэлд хяналт тавихын жинхэнэ үлгэр загвар” болжээ. Тус улсад интернэт-кафед нэг цаг үйлчлүүлэхэд 6 евро төлдөг байхад умард солонгосчуудын дундаж цалин нь 20-35 еврод эргэлддэг аж.
«Интернэтийн дайснуудын» жагсаалтаас гадна хүний эрхийг хамгаалагчид «хяналтан дор байдаг орнуудыг» жагсаажээ. Эдгээр орнуудын тоонд ОХУ, Австрали, Египет, Эритрей, Франц, Өмнөд Солонгос, Шри-Ланк зэрэг улсууд багтсан байна. Харин энэ жилийн хувьд уг жагсаалтад Энэтхэг, Казахстан улсуудыг нэмж оруулжээ.
Мөн «хяналтан дор байдаг орнуудын жагсаалтаас» Венесуэл, Ливи улс хасагдсан байна. Өнгөрсөн оны эцсээр Ливид тус улсын удирдагч асан Муамар Каддафийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн төгсгөл болж, хяналт, цагдалтын эрин нэгэнт төгсгөл болсон учир ийнхүү хасчээ. Каддафи амь үрэгдэхийнхээ өмнө интернэтэд тавих хяналтаа чангатгахыг оролдож байв.
Д.Жаргал
МОНЦАМЭ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш