logo
Махны экспортыг хязгаарлаж эхэллээ

Махны экспортыг хязгаарлаж эхэллээ

2012/03/14
Монгол Улсын Засгийн газ­раас тодорхой шалтгаануудын улмаас махны экспортыг хэсэг хугацаанд хязгаарлах шийдвэр гаргаад байна.
Засгийн газрын 53-р тогтоолд «Дотоодын зах зээлийг хамгаа­лах, махны хангамжийг тогтворжуу­лах зорилгоор махны экспор­тыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хугацаагаар хяз­гаар­лахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгасугай» гэжээ.
Үндэсний статистикийн хороо­ноос мэдээлж буйгаар гуравдугаар сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7043 төгрөг, үхрийн мах /ястай/ 7488 төгрөг, ямааны мах 5400 төгрөг, адууны мах 6250 төгрөг, хонины цул мах 7025 төгрөг, үхрийн цул мах 8213 төгрөгийн үнэтэй байгаа юм.  Дээрх тогтоолд зөвхөн махны экспортыг хязгаарлах бус гахай, шувууны мах, загас, загасан бүтээг­дэхүүний үйлдвэрлэл, импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажил­лахыг ХХААХҮ-ийн сайдад даалгажээ.
Үүнээс гадна нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж сард 3000 тонн буюу өдөрт дунджаар 100 тонн нэмэлт нөөцийн мах худалдахаар болоод байгаа юм.
Я.Баяраа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш