logo
Ангела Меркел Афганистанд айлчиллаа

Ангела Меркел Афганистанд айлчиллаа

2012/03/14
Даваа гаригт Германы канцлер Ангела Меркел Афганистанд гэнэтийн айлчлал хийлээ. Тэрээр Афганд үүрэг гүйцэтгэж байгаа Герман цэргүүдтэй уулзсан байна. Түүнийг Афганд ирэхээс өмнө буюу ням гаригт нэгэн Америк цэрэг Кандагар мужид 16 иргэнийг буудан хөнөөсөн. Меркел энэхүү цуст аллагыг зэмлэн буруушааж, юу болсныг тодруулахын тулд НАТО-гийн албаны хүмүүс чадах бүхнээ хийнэ гэж мэдэгджээ.
Меркел Герман цэргүүдтэй үдийн зоог барьсныхаа дараа Мазар-и-Шариф хотын захирагчтай уулзсан байна. Канцлер Афганистаны засгийн газрын албаны хүмүүст зэвсэгт бүлгүүдтэй улс төрийн хэлэлцээ хийх ажлыг яаравчлахыг уриалсан гэдгээ хэлжээ. Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийнхээ тоогоор АНУ тэргүүлдэг. Харин Германы 5.000 гаруй цэрэг энэ улсад явуулж байгаа цэргийн ажиллагаанд оролцож байна.
Америкийн армийн албан хаагч Афганы энгийн иргэдийг хөнөөсөн явдал нь холбоотны хүчний эсрэг үйлдэгдэх халдлага дайралтыг нэмэгдүүлж магадгүй юм. Афганы зэвсэгт бүлгийнхэн Америк цэрэг 16 иргэнийг хөнөөсөн газар болох Кандагар мужийн Панжвай дүүрэгт очиж ажилласан засгийн газрын төлөөлөгчид рүү халджээ. Төлөөлөгчдийн дунд ерөнхийлөгч Карзайгийн хоёр дүү болон аюулгүйн албаны хэд хэдэн албан тушаалтан байсан байна. Халдлагын үеэр Афганы армийн нэг цэрэг, зэвсэгт бүлгийн гурван гишүүн амь үрэгджээ.
Энгийн иргэдийг хөнөөсөн 38 настай Америк цэргийг баривчилсан бөгөөд түүнийг хорьж байгаа газрыг нууцалж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш