logo
Хүнд үхэх эрх байдаг уу?

Хүнд үхэх эрх байдаг уу?

2012/03/14
Бараг бүх бие нь мэдээгүй болсон Тони Никлинсон эмчийн тусламжтайгаар "хуулийн дагуу" амьдралаа эцэс болгохыг хүсч байна. Гэхдээ түүний хүслийг биелүүлсэн хүн өөрт нь амиа хорлоход тусалсан хэргээр ял сонсохгүй байхыг тэрээр мөн хүсч байгаа аж. Даваа гаригт Английн шүүх Никлинсонд Лондоны дээд шүүхэд хандаж, "эвтанази" буюу өвчин зовиураа эцэс болгохын тулд зориудаар амиа егүүтгэх хүсэлтээ шийдвэрлүүлэхийг зөвшөөрчээ.
Никлинсон компьютерийн тусламжтайгаар юу бодож байгаагаа хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ "Миний хүсэлтийг шүүхээр хэлэлцэх болсонд баяртай байна, 21-р зууны анагаах ухаанд 20-р зууны үеийн хандлагаар хандах нь байж боломгүй хэрэг" гэжээ. 
57 настай Никлинсон идэвхитэй амьдралаар амьдардаг нэгэн байжээ. Харин 2005 онд тэрээр цус харвасан байна. Одоо тэрээр нүдээ анивчиж, хоол идэхээс өөр зүйл хийж чадахгүй болжээ. Түүний эхнэр Жэйний хэлж байгаагаар тэд Дубайд амьдарч байгаад буцаж ирснээс хойш нөхөр нь өвчин зовиураа эцэс болгох зорилгоор бусдын тусламжтайгаар амиа егүүтгэх талаар бодож эхэлсэн байна.
Жэйн ярихдаа "Тони гэртээ анх эргэж ирснээс хойш бид самбарыг хэрхэн ашиглахыг сурж эхэлсэн, түүний эхлээд надад хэлсэн зүйлүүдийн нэг нь үхэх талаар байсан, бид энэ талаар ярилцсан, би түүний бодлыг өөрчлөх гэж хичээсэн, гэхдээ нэмэр болоогүй, түүний зовиур шаналалыг арилгах цорын ганц арга бол түүний амийг авах" гэжээ.
Английн хуулинд зааснаар хэн нэгнийг амиа хорлоход нь туслах нь гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт буруутай нь тогтоогдсон хүн дээд тал нь 14 жил хоригдох ял сонсдог. Гэхдээ өвчин зовиураа эцэс болгох зорилгоор бусдын тусламжтайгаар амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг Швейцарь улсад 1992 оноос хойш Английн 100 орчим иргэн өөрийн хүсэлтээр хорвоог орхисон байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш