logo
Иракт ижил хүйстэн, эмо стилтэй залуучууд хүн амины хэргийн золиос болж байна

Иракт ижил хүйстэн, эмо стилтэй залуучууд хүн амины хэргийн золиос болж байна

2012/03/14
Ардчилал өндөр хөгжсөн барууны улсуудад ижил хүйстнүүдийн эрхийг дээдэлдэг. Америкийн олон мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөөд байгаа. Тэгвэл Лалын шашинтай Ирак улсын нийслэл Багдадад үсээ урт ургуулж, бариу хувцас өмсөн, барууны маягийн эмо стилийг бүрдүүлсэн залуус, мөн ижил хүйстнүүд харагдах байдлаасаа болж бусдын дургүйцлийг хүргэдэг төдийгүй бусдын гарт амь насаа алдах аюул ч байдаг байна. Иракийн дотоод хэргийн яамны ахлах ажилтны хэлснээр саяхан Багдад хотод ижил хүйстэн, мөн эмо стилээр хувцасласан 14 залуу бусдын гарт амиа алдсан байна. Харин хүний эрхийн идэвхтнүүд үүнээс ч олон хүн амь үрэгдсэн гэдгийг хэлж тэдгээр хүмүүсийн зургийг гаргажээ. Харагдах байдлаасаа болж бусдын гарт хөнөөгдсөн залуусын зургийг интернэтэд тавьсан байна. Ийнхүү бусдаас өвөрмөц хувцасладаг, бусдаас өөр бэлгийн чиг хандлагатай Ирак залуусыг хэн хөнөөж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иракийн засгийн газар тэдгээр залуусыг хамгаалж чадах уу, эсвэл хамгаалахыг хүсч байна уу гэсэн асуулт гарч ирж байна.
Өнгөрсөн сард Иракийн дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэл эмо стилийг чөтгөр шулмыг шүтэх үзэл хэмээгээд үүнийг аль болох хурдан хугацаанд устгах зөвшөөрөл бидэнд байгаа гэж дурджээ. Мөн ёс суртахууны цагдаа нар буюу зан суртахуун, шашны үзэл баримтлалын стандартыг олон нийтийн дунд хэрэгжүүлдэг хүмүүс  Багдад хотын сургуулиудад ажиллана гэж онцолсон байна. Иракийн дотоод хэргийн яам түүнчлэн эмо стилээр хувцасласан хүмүүс алагдсан талаарх мэдээллийг хүлээж аваагүй гэж мэдэгдээд тэдгээр хүмүүсийг хамгаална гэжээ.
Америкийн төрийн департментаас Иракийн засгийн газарт хандаж гаргасан мэдэгдэлд Иракт хүмүүсийг бэлгийн чиг хандлага, хүйс, өөрийгөө илэрхийлж байгаа байдал зэргээс нь болж хөнөөж байгаа бүлэг хүмүүсийг зэмлэн буруушаасан байна. Гэвч Иракийн албаны хүмүүс болон шашны удирдлагууд энэ мэт аллагуудыг үгүйсгэжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш