logo
Лавлагаа авахын тулд  заль хэрэглэж байна

Лавлагаа авахын тулд заль хэрэглэж байна

2012/03/15
«100 мянган айлын орон сууц» хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг энэ сарын 12-ноос буюу уржигдраас ОССК-д хүлээн авч эхэлсэн. Харин хүсэлт хүлээн авч эхэлсэн өдрөөс эхлэн орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн бухимдал ихэсч, олон асуудал урган гараад байна.
Иргэд орон сууцны зээлд хамрагдахын тулд нэн тэргүүнд анх удаа орон сууц худалдан авч байгааг нотолсон үл хөдлөх хөрөнгийн архивын газрын түүхчилсэн лавлагаа болон хөтөлбөрт хамрагдсан орон сууцны компанитай байгуулсан гэрээтэйгээ ОССК-д бүрдүүлж өгөх ёстой байгаа. Харин “байр авч байгаагүй” гэ­сэн лавлагаагаа авах гэж УБЕГ-т хэдэн өдрийн турш өглөөнөөс үдэш хүртэл дугаарлан, хөл гишгэх зайгүй бужигналдах болоод байна. Тус газарт өдөрт найм, есөн зуун хүн хандаж, ачаалал хэт ихэсгээд байгаа асуудлаас гадна дугаарлан байж авсан түүхчилсэн лавлагаа нь байр авах шаардлагад нийцэхгүй байх тохиол­дол гарч иргэдийг бухимдуулаад байгаа аж.
Улмаар бухимдлаа илэрхийлсэн иргэд УБЕГ-ын цонхыг хагалж, ажилтнууд руу нь дайрах, ширээ, тавцан эвдэх болжээ.
Гол асуудал нь иргэд худалдан авч байгаагүй ч эцэг, эхийнхээ орон сууцны хамтран эзэмшигч, эсвэл аль нэг хүний нэр дээр байр авч, өгч байсан гэх мэт шалтгаанаар лавлагаа өгөх боломжгүй болоод байгаа юм байна. Ийм гомдолтой олон хүн байгаа ч одоогоор асуудлыг хүлээж авах газар олдохгүй байгаа аж. Лавлагаа авахад, эхлээд УБЕГ-ын хажууд байрлах «Голомт» банкинд 5100 төгрөг төлж маягт аван, өргөдлөө бичиж, иргэний үнэмлэхээ хуулбарлан, маягт, өргөдлөө бичээд иргэний үнэмлэхийн хуулбарын хамт лавлагааны цонхонд өгөх аж. Маш олон хүний бүртгэлийг нэгэн зэрэг шүүх боломжгүйгээс лавлагааг 15 хоногийн дараа өгч байгаа юм байна.
УБЕГ-аас энэ тухайд “ачаалал хэд дахин нэмэгдсэн учир өдөрт 400 хүний лавлагааны материал  хүлээж авахаар хязгаар тогтоолоо. Цаашдаа Голомт банкаар дамжуулахгүйгээр шууд хүлээн авах зэргээр ачааллыг бууруулах ажил хийнэ. Харин анхаа­руулахад, янз бүрийн арга заль хэрэглэж байгаа иргэд байна. Байраа өөр хүний нэр дээр шилжүүлэх, худалдах, хамтран эзэмшигчээсээ татгалзан шилжүүлэх зэргээр өөртөө ажил удаж байна. Түүхчилсэн лавлагаанд өмнө нь ямар нэгэн байдлаар байртай байсан л бол энэ мэдээлэл гарна гэдгийг онцгойлон сануулмаар байна. Энэ лавлагаагаар 1997 оноос хойш ямар нэгэн эд хөрөнгө бүртгэлтэй байсан эсэхийг нэг бүрчлэн гаргаж байгаа” гэлээ.

Компаниуд захиалгаа хаажээ


ОССК-ын хувьд өдрийн 09.00-16.00 цаг хүртэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт оролцохыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч байгаа бөгөөд 16.00 цагаас хойш дотоод ажлаа хийж байгаа юм байна. Дээрх цагийн хуваарийн дагуу өдөрт тус корпорацид 500-600 хүн уг хөтөлбөрийн талаар мэдээлэл авах болон өргөдлөө өгөхөөр хандаж байгаа аж. Харин хүчин төгөлдөр, шаардлага хангасан өргөдлийг хүлээн аваад, үдийн 16.00 цагаас хойш судлан, “Төрийн банк, “Капитал” банк руу шилжүүлэх аж. Нөгөөтэйгүүр зээлийн хэмжээнд заасан 50 сая төгрөгийн байр гэлтгүй захиалга авах ч компани олдохгүй байгаа тухай гомдол гарч эхлээд байна.
Захиалга авч буй компани байлаа ч доод тал нь 80 сая төгрөгийн үнэтэй байранд захиалга авах үлдээд байгаа гэсэн хариу өгөх болжээ. Харин энэ тухайд Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Иргэд яаран өндөр үнэтэй байр авах хэрэггүй. Төрөөс газар, дэд бүтэц, дулааны шугам хангамжийг нь шийдээд өгөхөөр намар гэхэд байрны үнэ буурна. Тэр үед 50 сая төгрөгтөө багтааж байраа авч болно шүү дээ” гэж зөвлөсөн байв.
Энэ нь нэг талаар эрэлт ихэссэн гэж харагдах ч нөгөө талаар компаниуд үгсэн хуйвалдаж, өндөр үнэтэй байраа зээлээр дамжуулан шахах гэсэн заль байж болохыг шалгах шаардлага тулгараад байна.
Н.Туяа
МОНЦАМЭ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш