logo
Усан гахай хүүхдийн халууныг авдаг

Усан гахай хүүхдийн халууныг авдаг

2012/03/15
Энэ удаад мэрэгч амьтны төрөлд багтдаг, жижигхэн биетэй өхөөрдмөөр нэгэн амьтныг онцоллоо. Энэ бол усан гахай. Хүнд амархан дасдаг энэ амьтныг тэжээх сонирхолтой хүмүүс олширсон. Нарантуул захын павилоны урд амьтан зардаг Б.Тунгалагтай уулзаж уг амьтны тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Тэрээр хэлэхдээ "Энэг амьтныг ямар ч насны хүмүүс тэжээж болдгоороо онцлогтой. Бүр нялх хүүхэдтэй айл ч тэжээж болно. Яагаад гэвэл усан гахай бага насны хүүхэд өвдөхөд өвчнийг нь өөртөө авдаг хүүхдэд ээлтэй амыан. Хэрвээ хүүхэд халуурвал усан гахайг гэдсэн дээр нь тавихад л болно. Халууныг нь авсан усан гахайн халууныг гартал усанд оруулж хэсэг байлгаад үсийг нь хаттал арчих хэрэгтэй" гэсэн юм. Хааяа нэг уурлаж, ханын цаас, кабель утас мэрдэг л болохоос биш өөр хор хөнөөлгүй амьтан" гэнэ.

Хүн хажууд нь юм ярьж, хамт байхад тайван байдаг хачирхаптай амьтан. Усан гахай зах зээл дээр боломжийн үнээр худалдаалагддаг байна. Үнийн хувьд эрлийз, цэвэр гэдгээсээ хамаарч 10- 25 мянган төгрөг байдаг аж. Та авч тэжээхийг хүсвэл түүний амьдрах үүр, эрүүл мэнд, хоол хүнсэнд анхаарал тавих хэрэгтэй гэнэ. Тэрээр өөртөө аюулгүй гэж санагдсан үүрэндээ амьдардаг. Түүнд үүр сонгоно гэдэг нэлээн төвөгтэй байдаг байна.

Хамгийн түрүүнд усан гахайгаа хойд хоёр хөл дээрээ зогсож болохоор уужим саруулхан зай талбайтай үүр сонгох нь чухал гэнэ. Өдөр холхих, шөнө амрах тасалгаа бүхий үүр бэлтгэж өгвөл сайн байдаг аж. Хамгийн чухал нь их мэдрэмтгий эмзэг амьтан болохоор чийг, хэт хуурайшилтыг амархан мэдэрч тавгүйтдэг байна. Иймээс түүний үүрийг газраас хөндий, нөмөр газар байрлуулах хэрэгтэй гэдгийг анхааруулж байлаа. Мөн усан гахай жижигхэн болохоор ч тэр юмуу багагүй хөдөлгөөнтэй гэнэ.

Гүйх дуртай болохоор түүний үүрэнд эргүүлэг хийж өгвөл уйдахгүй байх эерэг талтай бөгөөд хөдөлгөөнтэй байлгавал усан гахай эрүүл байдаг ажээ. Энэ амьтны бас нэгэн авууштай чанар нь маш цэвэрч гэнэ. Тиймээс норсон хэвтрийг нь дор бүр нь цэвэрлэж өгөх, арав хоногт нэг удаа хэвтрийг нь бүрэн солих хэрэгтэйг зөвлөж байлаа. Модны зоргодсоор хэвтэр хийж өгвөл хамгийн сайн байдаг төдийгүй зоргодсыг мөн хоолоо болгодог байна.

Мэрэгч амьтан болохоор үүрэнд нь химийн хортой материал, хуванцар эдийг байлгаж болохгүй гэдгийг сануулж байсан юм. Хэрвээ шүд нь загатнаад мэрэх зүйл эрээд гуйгээд эхэлбэл хатсан талхны хэсгээс багахан өгөхөд болох гэнэ. Усан гахай 6-8 жил амьдардаг бөгөөд сард нэг удаа хоёроос таван зулзага гаргадаг байна. Зулзагаа тээж байхдаа их залхуу, удаан хөдөлгөөнтэй болдог гэнэ. Усан гахай их ховдог амьтан өгөөд байвал, идээд л байна.

Тиймээс түүнд тохирох хоолыг бага багаар өгөхгүй бол гэдэс нь өвдөх аюултай байдаг аж. Өлсөхөөрөө ямар нэгэн дуу чимээ гаргаж дохио өгдөг бөгөөд түүнд хамгийн сайн тохирох хоол нь төмс, сонгино, сармиснаас бусад бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэнэ. Эдгээр хоолноос өөрт хэрэгтэй амин дэмээ авч чаддаг. Б.Тунгалаг эгч нэмж хэлэхдээ "усан гахайны хөдөлгөөнийг хорих хамгийн хортой. Болж өгвөл хивс, шалан дээгүүр явуулж байх, зуны урин цагт өвс ногоон дээгүүр тааваар нь алхуулж байхыг зөвлөсөн юм. Тэрээр цааш хэлэхдээ "манай хүүхдүүд энэ амьтныг тэжээдэг. Хүнд дараа болоод байхгүй, хамт амьдрахад хэцүү зүйл байдаггүй" гэлээ.

Эмзэг амьтан учир халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг болохоор түүнд зориулсан вакциныг хийлгэвэл 1-2 жилдээ халдварт өвчин тусна гэж айх хэрэггүй гэдгийг ч хэлж байлаа.

Э.Лхам
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш