logo
“Зоос” банкны хэрэгт Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нараас өөр буруутан үлдсэнгүй

“Зоос” банкны хэрэгт Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нараас өөр буруутан үлдсэнгүй

2012/03/15
“Зоос” банкийг дам­пууруулсан гэх хэрэгт хол­богдсон том дарга нар нэг нэгээрээ сугарч үлдсээр сал­барын захирлуудаас өөр ял үүрэх буруутан үлдсэнгүй.
Өнгөрсөн баасан гарагт “Зоос” банкны 113 ду­гаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төл­бөр, тооцоо хариуцсан сан­хүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нарыг шүүх хурал боллоо. Шүүх хурлыг шүүгч И.Ганбат даргалж, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгчдийн өмгөөлөгч оролцсон.
Чингэлтэй  дүүргийн шүүхэд 14:00 цагт эхэлсэн шүүх хурал хаалттай явагд­сан боловч шүүх бүрэлдэхүүн хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад бу­цаасан байна.

Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3 буюу банкны тухай хууль тог­тоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 233.2-т заас­наар хуурамч баримт би­чиг ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллага, ир­гэнд үлэмж хэмжээний хо­хи­рол учруулсан, энэ хэр­гийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл эд хө­рөн­гийг хурааж, хө­дөл­мө­рийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэ­мэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр торгох, эсвэл 5-8 жил хүртэл хуга­цаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Уг нь эл хэргийн зүйлч­лэл нууцын зэрэглэлд ха­маарахгүй. Гэсэн ч шүүгчид шүүх хурлыг хаалттай хэ­­лэлцэж, тодорхойгүй ху­­га­­цаагаар хойшлуулах шийд­вэр гаргажээ. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ч мөн л хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тухайн үед хэрэгт дахин шинжээч томилох, уг хэрэгт холбогдуулан өөр хүнд эрүүгийн хэрэг үүс­гэх шаардлагатай эсэхийг шалгах, компанийн хөрөнгийг дансандаа байр­шуулсан нь зөв эсэхийг Монголбанкаар гаргуулах зэрэг асуудлыг шалгах шаардлагатай гэж үзсэн юм.
Дампуурлаа зарлаад гу­рав дахь жилтэйгээ золгож буй “Зоос” банкны хэрэгт эцэстээ дарга нарынхаа гар хө­лийн үзүүрт зарагдаж бай­сан салбарын захирлууд буруудаж үлдэх нь бололтой. Тус банкны дампуурлын гол шалтгааныг чанаргүй зээл их хэмжээгээр гаргаснаас болсон гэдэг. Товчхондоо “Зоос” банк дампуурснаас харилцагчдад 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Гэтэл банк дампууруулсан гэх хэрэгт тунаж үлдээд бай­гаа Ж.Алтанцаг, Н.Сэ­лэнгэ нар дур мэдэн энэ их мөнгийг үрэн таран хийнэ гэж байхгүй.
Анхандаа энэ хэрэгт “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг хол­богдуулан шалгаж байв. Гэвч мөрдөн байцаалтын шатанд Х.Пүрэвсүрэн, Д.Бат­баяр, Л.Пүрэвдорж нар  сугарч үлдсэн. Ингэснээр Ш.Чуданжий, Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарын хэргийг хоёр салгаж шүүж эхэлсэн.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ш.Чуданжийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд нам гүмхэн болж, зургаан жилийн ял оноосон. Гэсэн ч Ш.Чуданжийг 18 нас хүрээгүй хүүхэдтэй хэ­мээн биеэр эдлэх ялыг нь Өршөөлийн хуульд хам­руулж, 1.6 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэхээр шийд­вэрлэсэн билээ.
Үндсэндээ Ж.Чуданжийг Л.Пүрэвдорж, Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн нартай хамт нэг хэрэг болгон шалгаж байсан ч хамаг бурууг нь Ш.Чуданжийд тохсон гэлцэж байв. Гэтэл банк дампууруулсан хэрэгт хамт сэжиглэгдэж байсан том­чууд нь Ш.Чуданжийг ч ялаас мулталж авч чадлаа. Нууцаар шахам хийсэн шүүх хурлаас Ш.Чуданжий 1.6 тэрбум төгрөг хохирогчдод төлөх болсон.
Мэдээж 1.6 тэрбум төг­­­­рөгийг Ш.Чуданжий ганцаа­раа төлнө гэдэг бүтэш­гүй зүйл. Иймээс хамт сэ­жиглэгдэж байсан дарга нар нь Ш.Чуданжийтай то­­­хиролцсон байх гэсэн хард­лага нийгэмд үүсээд буй. Өөрөөр хэлбэл Ш.Чу­дан­жийд холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болговол хэн ч итгэхгүй. Харин Л.Пү­рэв­дорж, Д.Батбаяр, Х.Пү­рэвсүрэн нарыг хэрэгт хол­богдолгүй гэвэл нэг их маргаан гараад байхгүй. Иймээс л Ш.Чуданжийг ганцаараа буруутай мэтээр шүүх хуралд оруулж, эцэст нь ялаас мултарсан бо­лолтой.
Ш.Чуданжийн хувьд ганцаараа ял үүрсэн, дарга нар­тайгаа хамт ял үүрсэн аль ч нь ялгаагүй. Тэртэй тэргүй банкны гүйцэтгэх захирал байсан гэдэг утгаараа заавал буруудна. Энэ утгаараа Ш.Чуданжийд одоогийн сон­­­голт нь илүү ашигтай бай­сан гэлцэх юм билээ. Хэ­рэв энэ хардлага үнэн бол Ш.Чуданжийн  төлөх ёстой 1.6 тэрбум төгрөгийг бүгд нийлж төлөх нь гарцаагүй.
Гол буруутан гэж тоо­цогдож байсан Ш.Чуданжий ингэж ялаас мултарснаар “Зоос” банкийг 113 ду­гаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төл­бөр, тооцоо хариуцсан сан­хүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нар дам­пууруулсан болж таараад байна. Үндсэндээ тэд “Зоос” банкнаас их хэмжээний найд­­­варгүй зээл гаргасан, ха­рил­цагчдад 100 гаруй тэр­­­бум төгрөгийн хохирол уч­­руулсан гэх хэрэгт тунаж үлдээд байна.
“Зоос” банкны дампуур­лын хэрэгт Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нараас өөр ял үүрэх буруутан үлдсэнгүй.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш