logo
 УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хандан шаардлага тавилаа

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хандан шаардлага тавилаа

2012/03/15
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бүх шатны Хурал, орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандат хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлэх учиртай юм байна.

Одоо хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн сонгуулийн хуулиар Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй хамт байх юм. Уг хуулийн заалтын дагуу орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг энэ оны нэгдүгээр сарын 25-наас өмнө байгуулсан байх ёстой аж. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хэмжээнд орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог, хэсгийг байгуулаагүй байгаа юм.

“Иймд Монгол Улсын Ерөнхий сайд нь Үндсэн Хуулийн 41 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдагийн хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын биелэлтэд онцгой анхаарч, хуульд заасан хугацаанд нь хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авна уу” гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй шаардлагад дурджээ.

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчилж амжаагүй тул 2008 онд баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар УИХ, орон нутгийн сонгуулийг  хамтатган явуулах тухай хууль хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Д.ОЮУН
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш