logo
Махны үнээр асуулга тавилаа

Махны үнээр асуулга тавилаа

2012/03/15
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд С.Батболдод хандан махны үнээр асуулга тавилаа. Монгол Улс 2,7 сая хүн амтай, 40 сая гаруй толгой малтай, мал аж ахуйн орон боловч өнөөдөр иргэд махыг маш өндөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний үнэ өссөн нь махны үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Мөн махны үнийн өсөлт нь махны бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоо, түүнд тавих хяналт хангалтгүй байгааг харуулж буй хэрэг юм гэж эрхэм гишүүн С.Бямбацогт үзжээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод УИХ-ын гишүүн С.Бямбацогт дараах асуулгыг тавьжээ.
1.    Монгол Улсын Засгийн газраас нийслэл болон орон нутгийн хүн амын хэрэгцээнд зориулан жил бүр тодорхой хэмжээний мах бэлтгэн нөөцөлж, тогтоосон үнээр борлуулах зохион байгуулалтын арга хэмжээг 2006 оноос хойш авч хэрэгжүүлж ирсэн. Энэ арга хэмжээний дагуу 2007-2009 онд жил бүр 7000 тонн мах, 2010 оны хэрэгцээнд хонины мах 2400 тонн, ямааны мах 400 тонн, нийт 2800 тонн мах бэлтгэсэн байна. Харин 2012 оны тухайд 16000 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд үүнээс 12000 тонныг нь нийслэлийн иргэдийн хэрэгцээнд бэлтгэсэн. Нийслэлийн тухайд энэ оны нэгдүгээр сард 1500 тонн, хоёрдугаар сард 3000 тонн мах борлуулах хуваарь гаргасан. Гэтэл нийслэлийн хүн амын махны хэрэгцээг дундаж нормоор тооцоход өдөрт 301 тонн, сард 9029 тонн махыг нийслэлийн хүн ам хүнсэнд хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Нөөцийн махны хэмжээ хангалтгүй байгаа нь эндээс илэрхий харагдаж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах;
2.    Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэж буй нөөцийн мах зах зээлийн дунджаас харьцангуй бага үнэтэй худалдаалагдаж байгаа боловч амт, чанар хангалтгүй, туранхай мах бэлтгэгдсээр байна. Энэ тал дээр тавьж буй хяналт, Нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон мах бэлтгэлийн үйл явцын талаар мэдээлэх;
3.    Өнгөрсөн жилүүдийн байдлыг харахад хүнсний захуудаар худалдаалагдаж байсан махны нийлүүлэлт ихсэн үнэ багасч, нөөцийн мах борлогдохгүй болсон үед нөөцийн махны үнэ буурч байсан байна. Нөөцийн махны үнийг ямар аргачлалаар, ямар байгууллагаас тогтоож байгаа, уг үнэ нь нөөцийн мах бэлтгэхэд гардаг зардал, мах бэлтгэхэд олгогддог урамшуулалтай хэр уялдаж байгаа, ард иргэдэд худалдаалах боломжтой доод үнэ бодитой тогтоогдож чадаж байгаа эсэх талаар мэдээлэх;
4.    Нийслэлд орон нутгаас ирэх махны нийлүүлэлт урьд жилүүдээс эрс багасч, хомсдол үүсч байгаа гэсэн шалтгаанаар махны үнэ цаашид ч өсөх төлөвтэй байна.Мөн бэлтгэсэн нөөцийн мах энэ сарын эцэс гэхэд дуусна гэсэн мэдээлэл ч байна. Иймээс энэ тал дээр ойрын үед авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэх;
5.    Монгол хүний хүнсний хамгийн чухал хэрэглээ болсон махны үнийг цаашид тодорхой хэмжээнд барих, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тал дээр бодлогын төвшинд авч буй арга хэмжээ, уг асуудлаар цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар болон ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийг хэрхэн явуулахаар төлөвлөж байгаа зэрэг мэдээллүүдийг ирүүлнэ үү.

УИХ+ын гишүүнээс Засгийн газарт хандан тавьсан асуулгын хариуг энэ асуудлын ач холбогдол, шийдвэрлэх цаг хугацаа тулсан зэрэг байдлаас шалтгаалан  14 хоногийн дотор хариуг бичгээр ирүүлж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэж гишүүн С.Бямбацогт асуулгадаа дурдсан байна.
Д.ОЮУН

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш