logo
Обамагийн чансаа шалдаа унажээ

Обамагийн чансаа шалдаа унажээ

2012/03/16
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн чансаа түүхэн доод хэмжээнд хүртэл унажээ. «Нью-Йорк Таймс» сонин болон телевизийн «Си-Би-Эс Ньюс» сувгийн захиалгаар явуулсан санал асуулгын дүн ингэж гарсан байна.
Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагааг америкчуудын ердөө 41 хувь нь дэмжиж байгаа аж. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 50 хувь байжээ. Энэ удаагийн үзүүлэлт 2009 онд ерөнхийлөгчийн албан тушаалд орсон цагаас хойш Обамагийн авсан хамгийн муу үзүүлэлт аж.
Ерөнхийлөгчийнхөө ажлыг муу байна гэж америкчуудын 47 хувь нь мэдэгджээ. 12 хувь нь энэ талаар ямар нэг хариу өгөөгүй байна.
Америкчуудын дийлэнх нь эдийн засгийн байдлыг улс орныхоо гол асуудал гэж үзэж байна.
Үүний сацуу энэ судалгаанаас үзвэл, хэрвээ яг одоо сонгууль болбол Обама ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө өрсөлдөж буй бүгд найрамдах намын дөрвөн гишүүнийг ялахаар байгаа аж. Обамагийн чансаа буурсан нь АНУ-д бензиний үнэ өссөнтэй холбоотой байж болох юм гэж Си-Би-Эс Ньюс суваг тайлбарлажээ. Харин Обама энэ өсөлтийг Ирантай дайтаж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан байна. Мөргөлдөөн гарах талаарх «дэмий яриа»-гаа зогсоохыг тэрбээр уриалжээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш