logo
Судан болон Өмнөд Судан харилцан тохиролцоонд хүрэв

Судан болон Өмнөд Судан харилцан тохиролцоонд хүрэв

2012/03/16
Судан болон Өмнөд Суданы төлөөлөгчид Африкийн Холбооны /АХ/ зуучлалтайгаар хоёр орны иргэдэд үндсэн эрх чөлөөнд харилцан баталгаа олгох гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай АХ-ны төлөөлөгч мэдээлсэн байна.
Уг гэрээ нь хоёр орны иргэдэд ажиллаж, амьдрах эрх, хилийн хоёр талд хөрөнгө эзэмших болон улсаас улс хооронд чөлөөтэй зорчих эрхийг олгох юм. Түүнчлэн Африкийн улсуудын төлөөлөгчдийн уулзалтын үеэр ойрын хоёр долоо хоногийн хугацаанд Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башар өнгөрсөн онд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улсад анхныхаа албан ёсны айлчлалыг хийх болсон нь тодорхой болжээ.
Гэхдээ нефть тээвэрлэх асуудлаарх гол маргааныг одоог хүртэл шийдэж чадаагүй байна. Энэ санал зөрөлдөөн зөвхөн улс төрийн маргаан төдийгүй хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж байгаа юм.
Өнгөрсөн сард Жуба болон Хартум хотод дайныг зогсоох талаар тусгасан үл довтлох гэрээнд хоёр улсын удирдагчид гарын үсэг зуржээ.
2011 оны долдугаар сард Өмнөд Судан улс байгуулагдсаны дараа тус улсад нефтийн орд газруудын тал гаруй хувь нь ногдох болжээ. Харин Судан улс нефть тээвэрлэх дэд бүтцээ ашиглуулсныхаа хариуд Өмнөд Суданы нефтиэр төлбөр авч эхэлсэн нь хоёр орны хооронд дэгдээд байгаа мөргөлдөөний гол шалтгаан болсон юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш