logo
Америкчууд Иранд цохилт өгөхийг дэмжиж байна

Америкчууд Иранд цохилт өгөхийг дэмжиж байна

2012/03/16
Хэрвээ Иран улс цөмийн зэвсэг бүтээж байгаа нь нотлогдвол тус улсад цохилт өгөхийг америкчуудын дийлэнх нь дэмжиж байна. Үүнийг Ройтер агентлаг болон нийгмийн судалгааны «Ипсос» албатай хамтран олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 56 хувь нь Ираны цөмийн хөтөлбөр цэргийн зорилготойг нотлох нотолгоо байгаа тохиолдолд тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин 39 хувь эсэргүүцжээ.
Иранд цохилт өгөх нь нефтийн үнийг өсгөхөд хүргэсэн ч үүнийг та дэмжих үү гэдэг асуултад санал асуулгад оролцогсдын 53 хувь нь итгэлтэйгээр дэмжинэ гэдгээ мэдэгдсэн бол 42 хувь нь татгалзсан байна. Харин америкчуудын дийлэнх нь буюу 62 хувь нь Израиль улсын зүгээс Ираны цөмийн объектод цохилт өгөхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор Ираны цөмийн асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдэх боломж байгаа учраас хориг арга хэмжээ болон дипломат арга ашиглах бодолтой байгаагаа АНУ-ын Барак Обама сүүлийн өдрүүдэд нэг бус удаа мэдэгдсэн юм.
Түүний сацуу Пентагон хэрвээ дипломат хүчин чармайлт бүтэлгүйтсэн тохиолдолд Ираны эсрэг цэргийн арга хэмжээ явуулах талаар янз бүрийн хувилбар боловсруулж байгаа ажээ.
Санал асуулга мөн Обамагийн нэр хүнд өсч байгааг харуулсан байна.
Өнгөрсөн оны долдугаар сараас хойш анх удаа Обамагийн нэр хүнд анх удаа өсч байгааг шинжээчид тэмдэглэжээ. Энэ нь Америкийн эдийн засаг ерөнхийдөө сэргэж, ажлын байр нэмэгдэж байгаатай холбоотой гэж тэд үзэж байна.
Гуравдугаар сарын 8-наас 11-ний хооронд явуулсан санал асуулгад насанд хүрсэн 1084 хүн оролцжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш