logo
Таны хүч хаана оршдог вэ?

Таны хүч хаана оршдог вэ?

2012/03/16
Эртний Хятадын фэнгшү урлаг орон байрны зөвхөн дотоод байдалд хамаатай гэж олон хүн итгэдэг. Гэтэл хэрэг дээрээ биднийг хүрээлэн буй орчны тааламжтай байдлын тухай энэ сургаалын зарчмууд хамаагүй өргөн хүрээг хамардаг байна. Жишээ нь таны аз оршин байгаа тив, улс, бүс нутгаас хамааралтай байж болох юм. Оршин суух газраа өөрчилснөөр таны бүх зүйл сайн сайхан болж магадгүй.
Дүрэм 1. Та юу хүсч буйгаа тодорхойл
Бидний зорилго, эрмэлзлэл өөр өөр байдаг. Нэг хэсэг нь ажил дээрээ амжилт олж, албан тушаал дэвшихийг мөрөөддөг байхад нөгөө хэсэгт нь бие махбодь, сэтгэл санаатай амар тайван байдал шаардагддаг. Хэрвээ та тайван, аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол хотоос гадна, болж өгвөл өөрийн гэсэн эдлэн газарт орон гэрээ барьсан нь дээр. Газар дэлхийтэй ойр байснаар хүрээлэн буй орчны сайхныг та мэдэрнэ.
Хэрвээ та амбицтай, хөрөнгө санхүүгээ өсгөхийг эрмэлздэг бол танд хотын тээврийн томоохон сүлжээ бүхий төвийн дүүрэг тохирно. Таны оршин суух хамгийн тохиромжтой газар бол салхи ихтэй, өндөр барилгын дээд давхар юм.
Дүрэм 2. Гол устай хотыг сонго
Хүн болгонд хүссэн газартаа оршин суух боломж олддоггүй. Харин ямар нэг сонголт байгаа бол гол мөрөнтэй хотыг сонгоорой. Фэнгшү гэдэг нь “салхи ба ус” утгатай. Ус нь эрч хүч өгдөг ци энергийн урсгалыг дагуулдаг. Тийм болохоор та урсгал усанд хичнээн ойр байна төдий чинээ амжилт олж, хөгжин цэцэглэх илүү боломжтой болно. Бас та аль болох өндөрт амьдрах тусам эерэг энерги хамаагүй ихийг авна.
Дүрэм 3. Үнэтэй дүүрэгт амьдар
Болж өгвөл орон сууцаа илүү үнэтэй дүүрэгт сонго. Өөрийн гэсэн байр биш, түрээсийн байр эсвэл өрөө ч байсан болно.
Фэнгшүд зааснаар, ядуу дүүрэгт ци энерги байдаггүй аж. Чухам тиймээс тэнд аз муутай хүмүүс амьдардаг. Амжилт олж, баян болохыг хүсч байвал баячуудын дүүрэг рүү шилжин суурьшаарай.
Дүрэм 4. Гэрийнхээ байрлалд анхаар
Жишээ нь, танай гэрийн хажуугаар өнгөрдөг зам эсвэл гудамжийг анхаар. Ачаалал ихтэй төв зам дагуу амьдрахаас зайлсхийхийг хичээгээрэй. Сум шиг шулуун, Т маягийн уулзвар эсвэл зам давуулж барьсан гүүрийн ойролцоо байх бас муу.
Гэрийн ойролцоох зам муруйсан өөрөөр хэлбэл, гүвээ толгод давсан эсвэл эргэсэн, харин хөдөлгөөн түгжигдмэл бус, идэвхтэй байвал сайн. Олон гол нэг рүүгээ нийлсэн мэт нэлээд хэдэн зам нэг рүүгээ нэгдсэн эсвэл тийм ч их эрчимтэй бус хөдөлгөөнтэй тойрог зам бүхий уулзвар байж болно.
Хэрвээ танай байр дугуйрсан хашааны гол байрладаг, бас өөр байшингуудаар хүрээлэгдсэн байвал онцгүй. Ийм тохиолдолд ци энерги гадна талын тойрогт аж төрж байгаа хүмүүст л очно.
Ямар нэг нуранги эсвэл ажил нь зогссон барилгын ойролцоо орших байрыг бүү сонгоорой. Бас байрны тань хажууд эмнэлэг, шарил хадгалах газар, цагдаагийн хэсэг, шорон, хогийн цэг эсвэл оршуулгын газар байвал их муу. Өндөр хүчдэлийн шугамын ойролцоо орших байранд амьдарч болохгүй. Энэ бүхэн таны амьдралын бүх хүрээнд сөргөөр нөлөөлнө.
Хэрвээ танай байр онцгой, хосгүй байрлалтай, байр тань ер бусын үзэмжтэй, тогтооход хялбар нэртэй газар байрладаг бол муугүй хувилбар шүү. Энэ нь олноос онцгойроход танд тус болно. Энэ бол амжилтын тал нь болох юм.
Хэрвээ та оршин суух газраа сонгох боломжгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Нэгдүгээрт, аль ч дүүрэгт амьдрахад илүү таатай газар бий. Тийм газрыг олохын тулд фэнгшүгийн мэргэжилтэнд хандаж болно.
Одоо байгаа газраа байх шаардлагатай бол хүчээ сэлбэх газрыг ол. Энэ нь эрч хүч , энерги авдаг газар, жишээ нь нэртэй дүүрэгт байдаг кафе ч байж болох юм. Тийм газар суугаад зөөврийн компьютерээсээ ажлаа явуулж, эсвэл ажил хэргийн уулзалт товлоход болохгүй юмгүй. Таны амьдралд эерэг өөрчлөлт гарахыг та удахгүй харах болно.
З.Амгалан
МОНЦАМЭ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш