Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр хүндийг унагах хамгийн шилдэг аргаар тухайн хүнээс ямар нэгэн шалтаг босгон, цагдан хорьж, дараа нь зохион байгуулалттайгаар мэдээллийн хэрэгслэлээр сүр дуулиан болгон зарладаг хэв маяг дэлгэрээд байна. Хамгийн сүүлийн жишээ нь Байгаль орчны сайд асан У.Барсболдыг саатуулаад сулласан хэрэг болж байна. Хөшөөтийн уурхайд ажилладаг У.Барсболдын хамаатнууд болон гадаадын хөрөнгө оруулагчид хоорондын маргаантай холбоотой асуудлыг шалгах явцдаа У.Барсболдыг татан оруулжээ. Тэгээд 72 цагаа ч дуусгалгүй, саатуулах үндэслэл алга байжээ гээд уучлалт гуйж түүнийг суллан явуулсан гэнэ. Энэ нь ард түмний хилэнг бадраагаад байгаа Оюутолгой, Таван толгой гэх мэт стратегийн томоохон ордуудын эргэн тойронд үүсээд байгаа хэл амыг халхавчлан үлдэх гэсэн явуургүй ажиллагаа төдийгүй олон нийтийн анхаарлыг өөр зүгт сарниулах тактик байсныг эх сурвалж хэлж байна. Мэдээж Хөшөөтийн уурхай бол АМХЭГ-ын Монгол улсын ашигт малтмалын нөөцийн зөвлөлөөр батлагдсан нь 85 сая тонн нүүрсний нөөцтэй. Нийслэлээс 1500 км зайтай оршдог, баруун хязгаарт байгаа жижиг уурхай ийнхүү том улс төрчдийн булхайгаа хайцаалж үлдэх сонгуулийн шоу болоод байгаа аж. Таван толгойн нүүрсний нөөцийг зарим нь 7 тэрбум ч гэдэг, бас 13 тэрбум ч гэдэг. Тэгвэл сонгуулиар далимдуулж Хөшөөтийн уурхайд арга хэмжээ авсан болж харагдах, Хятадуудын хөрөнгө оруулалтыг хааж боож, эх оронч дүрд тоглох, нөгөө талаас Хөшөөтийн уурхайтай холбогдуулж, сонгуульд нэр дэвших улстөрчдийг замаасаа зайлуулах, сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх гэсэн далд санаа агуулагдаж байгаа нь тодорхой болжээ.