logo
Их, бага тэнгэрийн аманд баячуудын сүрэг аж төрж байна

Их, бага тэнгэрийн аманд баячуудын сүрэг аж төрж байна

2012/03/16
Монголчууд дархан цаа­зат газартаа мал сүрэг бэл­чээхийг хүртэл хуулиар хориг­лодог. Харамсалтай нь Богдхан уулын энгэрт Монголын бая­чуудын сүрэг аж төрсөөр байна.
Харин хөрөнгө мөнгө хая­сан бүхэнд Богдхан уулын эн­гэрт амьдрах боломжийг олго­сон үе үеийн Байгаль орчны экс сайдуудын тулаан саяхнаас хүчтэй өрнөж эхэллээ. Энэ тулааны эхний золиос нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гарын хүн У.Барсболд болж байна.

Тэрбээр Хөшөөтийн уур­хайн асуудал болон Богд­хан уулын дар­хан цаа­зат газраас иргэ­дэд их хэм­жээ­гээр зарж, олон сая төг­рөгийн авлига авсан гэх хэргээр хоригдоод суллагдсан билээ.

Үнэндээ Богдхан уулын дар­хан цаазат газрыг У.Барс­болд, И.Эрдэнэбаатар, Г.Ший­­лэг­дамба, Л.Гансүх, дэд сайд Ч.Жаргалсайхан гээд Байгаль орчны үе үеийн сай­дууд хэсэг хэсгээр нь зарж хөрөнгөжсөн. Мэдээж сайдууд нэгийгээ илчлээд өөрөө цэвэр гарахын тулд өөр хоорондохоо хууль хяналтынханд уудалж эхлээд байна.
Байгаль орчны сайдуудын хэргээс сугарч үлдэх гэсэн энэ тэмцэл эрт орой хэзээ нэгэн цагт болох л ёстой байсан юм.
Тэгвэл Байгаль орчны сайдуудын хөрөнгөждөг энэ зуршлыг Монгол Улсын хуулинд хэрхэн хориглосон байдаг талаар өгүүлье.
1994 оны 11 дүгээр сарын 15-нд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд Дархан цаазат газар, түүний хамгаалалтын бүсэд аялал жуулчлалаас өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулж, байшин барилга барихыг тов тодорхой хориглосон байдаг. Энэ хуулийн долоодугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэсэн байдаг.
Харин Богдхан уулыг 1778 онд Богд хааны зарлигаар дархан цаазат уул болгосон. Гэтэл олон жилийн турш тахиж хүндэлж ирсэн Дархан цаазат уулыг Байгаль орчин хариуцсан сайдууд нь өөрсдөө булан тохой бүрээс нь хэмлэн зарж хөрөнгөждөг болсоор удав.
Уг нь Тусгай хамгаалалттай газар нут­гийн тухай хуулийн 12.1-д “Дархан цаазат газарт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам та­вих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 12.6-д “хөрс, ус,  агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, 12.9-д “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”, 12.10-т “нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно” гэсэн байдаг аж. Бүр мал ахуй ч бэлчээрлүүлж, өвөлжөө хаваржаа барихыг хоригложээ.
Харин 11.7-д “Дархан цаазат  газрын    хязгаар­лалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отог­лох, ажиглалт, су­далгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрнө” хэмээн заасан байна.  
Гэтэл Байгаль орчны сайдууд энэ хуулийг зөрчин аялал жуулчлалын цогцолбор барих нэрээр их хэмжээний газар олгож, орон сууцны хороолол үүсгэсэн. Нөгөө хуулинд заасан байгалийн унаган төрхийг алдагдуудахгүй байх заалт хаачив.
Тухайлбал, У.Барсболдын хувьд 2006 онд Зайсанд 11 газрын зөвшөөрөл олгосон бол И.Эрдэнэбаатар 2007 онд сайд байхдаа 98 зөвшөөрөл олгосон байна. Харин 2008 онд сайдын суудалд заларсан Г.Шийлэгдамба 252 зөвшөөрөл олгож өмнөх сайдуудын рекордыг эвдэж, дээд амжилт тогтоожээ. Саяхан суудлаа өгсөн Л.Гансүх, одоогийн дэд сайд Ч.Жаргалсайхан нар ч энэ тооноос нэг их дутахааргүй зөвшөөрөл олгосон гэдэг.
Энэ мэтээр сайдуудын дархан цаазат бүсэд олго­сон аялал жуулчлалын зөв­шөөрөл хэдхэн жилийн дотор орон сууцны хороолол болж сүндэрлэдэг. Монголд хаана л үнэтэй хаус байна, тэр бүхэн Богдхан уулын дархан цаазат бүсэд босч, баригдаж байна. Эдгээр орон сууцны хорооллын ихэнхийг нь гадаадын хөрөнгө оруу­лалттай компаниуд барьж, эцэстээ гадаад эзэнтэй боллоо.
Тодруулбал, Болормаа захиралтай “Сөүл” групп гэж бий. Солонгосын хөрөнгө оруулалттай тус компани Зайсанд дээрх сайдуудын үед олон га-гаар нь газар авч, “Сөүл рояал каунти” нэртэй орон сууцны хотхон барьсан.
100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай “Мантууш” ХХК “Грийн вилла”, “Рояал кастл” гэх хоёр хотхон барьсан байдаг. Эдгээр хотхонд нь Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, “Жаст”-ын Ш.Батхүү зэрэг улстөр бизнесийн салбарынхан аж төрдөг. Саяхан болсон Засгийн газ­рын хуралдаанаар экс Ерөнхийлөгч Н.Багабандид Их тэнгэрийн аманд газар олгосон. Үе үеийн Ерөн­хийлөгч нарт Их тэнгэрт газар олгосноор “Ерөнхийлөгчийн ам” үүсэх нь бололтой. Мэдээж  энэ орон сууцнуудыг Монгол Улсын харьяалалтай сайд дарга нар эзэмшиж байгаа гэх боловч энэ хотхонуудыг бариулсан гадны иргэний өмч шүү дээ.        
Тэгвэл Тусгай хамгаа­лалттай газар нутгийн ту­хай хуулийн 33.2-т “Тус­гай хамгаалалттай  га­зар  нутагт гадаад улсын  хуу­лийн этгээд  олон улсын байгууллага, гадаадын ир­­гэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруу­лалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хо­риг­­лоно” гэжээ. Харин энэ хуулийг тогтоолцсон Мон­голын улстөрчид өөрсдөө уг хуулийг зөрчин гадаадын хөрөнгө оруулагчаар тусгай хамгаалалттай бүсэд орон сууц бариулж, түүндээ амьдарч байна.
Бас нэгэн эмзэглэл нь тусгай хамгаалалтын бүсэд олгогдсон газрыг ашиглах хугацаа юм. Хуулийн 34.1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан газар  ашиглах тухай гэрээний хугацаа та­ван жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаа сунгах хугацаа таван жилээс илүүгүй байна” гэсэн байдаг. Нэгэнт хууль зөрчөөд орон сууц барьчихсан учраас газар ашиглах гэрээг сунгах асуудал нь ч энүүхэнд байдаг бололтой.
Яг хууль дүрмээ ба­римтлах юм бол Зайсан, Их тэнгэр, Бага тэнгэр, Залаатын ам, Нүхт гээд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд баригдсан томчуудын хаус, орон сууцны эзэд газар ч үгүй байх ёстой. Тусгай хамгаалалттай газрыг ая­лал жуулчлалаас өөр зориу­лалтаар ашиглавал эрүү­гийн хариуцлага хү­лээлгэх хүртэл шийтгэл оног­дуулдаг байна. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хор хөнөөлөөс нь хамаараад ял шийтгэлийн хэмжээ нь өөрчлөгдөнө. Удахгүй их, бага тэнгэрийн ам Нүхтийн амтай адил болох биз.
Хэрэв энэ хуулийг мөр­дөөд явах юм бол У.Барсболд мэтийн хэдэн сайд байтугай хүмүүс шоронд “шомбойх” нөхцөл бүрдчихээд байна. 
Тухайлбал, энэ хуулийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 39.2-т “энэ хууль болон ту­хайн тусгай хамгаалалттай  газар  нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хо­риглоно” гэжээ.
Мөн хуулийн 40.2-т тухайн тусгай хамгаалалттай  газар  нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болно” гэсэн байдаг аж. 
Харин өнөөдөр хууль зөрчин олгогдсон тусгай хам­гаалалттай газарт баригд­сан хаус Монголд хамгийн дээд үнийг тогтоож байна.
Богдхан уулын дархан цаазат бүсэд баригдсан орон сууц м.кв нь 3000-5000 ам.долларын ханштай. Багаар бодоход таван сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр Хан-Уул дүүргийн газрын албанд газар ашигласны төл­бөр гэж хэдэн төгрөг орж байдаг бол. Энд өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдээсээ авахуулаад сайд, дарга нар, тө­рийн томоохон албан ту­шаалтнууд, компанийн за­хир­лууд л аж төрдөг.
Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш