logo
Ц.Шинэбаяр сураг тасрав

Ц.Шинэбаяр сураг тасрав

2012/03/16
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр сураг тасарчээ. Очих газар хандах хүнгүй болсон тэрбээр Монголын улстөрөөс арчигдаж эхэлж байна. Товчхондоо мартагдаад эхэлчихсэн гэж хэлэхэд болно. Тиймдээ ч  тэрбээр өөрийгөө сануулах гэсэн шиг ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр саяхан хэвлэлийн хурал зарлаж, хэд хэдэн асуудлаар сүрхий шүүмж­лэл өрнүүллээ. Мэдээж сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлд­чихээд байхад олон нийтэд өөрийгөө мартагнуулахгүйн үүд­нээс шүүмжлэгчийн байр сууриа сануулах гэж оролдов бололтой.

Эрхэм гишүүн  цахим үнэмлэхний асуудлыг босгож ирэн, улстөрийн орон зайгаа олох гэж хэрэндээ мэрийв. Түүний бодлоор иргэний цахим үнэмлэх хэвлэх эрхийг “Бодь” групп тендергүйгээр авсан нь хууль бус үйлдэл гэнэ. Учир нь тус группийн захирал М.Зоригт 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хуурамч иргэний үнэмлэх хэвлэн, гурван хэсгийн хороонд тарааж, сонгуулийг будлиулахаар оролдож байсан баримтыг тэрбээр олон нийтэд дахин сөхлөө.

Тодруулбал, өнгөрсөн сон­гуулийн үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөв­дүгээр багт гэхэд л 300 ширхэг хуурамч үнэмлэх тарааж байсан аж. Ийм хүнээр удирдуулсан групп ир­гэдийнхээ бүртгэлийн асууд­лыг  даатгаж болох­гүй гэж тэрбээр үзээд шалгаж өгөхийг хүсч, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичиг хүргүүлжээ. Мэдээж загатнасан газар нь маа­жив гэгчээр өөрийн эрх­лэх ажлын хүрээнд аль хэдийнэ буруутгаад байгаа цахим иргэний үнэмлэхний асуудлыг тэр дор нь өлгөж авахаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэнээр ч заалгахгүй.
Иргэний цахим үнэм­лэ­хийг  хэвлэх болон шаард­ла­гатай  тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан хоёр ажлыг нэг компани тендергүйгээр авсан нь хууль бус ч улстөрөөс арчигдах гээд байгаа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт хоол болтол шийр зугаа гэгчийн үлгэр болж байх шиг байна. Нөгөө талаар 2008 оны сонгуульд түүний хам­гийн том өрсөлдөгч бай­сан “Бодь” группийн захирал М.Зоригтыг хэдхэн саналын зөрүүтэйгээр хүчээр ялж байсан шарх нь сэдэрч, олны анхаарлыг өөр дээрээ татах гэсэн ээлжит нэгэн оролдлого нь болов.
УИХ-ын гишүүн Хамуг Мон­голын хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэ­баярын дараагийн улс­төрийн өнцөг нь эрх баригч намуудын гишүүнчлэлийн хандивын асуудлыг буруутгаад авлаа. Уг нь цагтаа МАН-ын гишүүн байхдаа намдаа чамгүй хандив өргөж явсан эрхэм. Гэтэл өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр энэ асуудлыг хөндөж улстөр хийвэл шинэлэг санаа хэмээн бодсон ажээ. Хэдийгээр хандивын асуудал Улс­төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3,4 дэх заалтыг зөрчсөн явдал ч аль ч намд байсаар л ирсэн асуудал. Түүний бод­лоор намын гишүүд, ком­паниудаас их хэмжээний хан­див авч буй намуудын хуульд заасан хэмжээнээс давсан мөнгийг улсын төсөвт шилжүүлж, баримтын хамт энэ сарын 20-ны дотор хэвлэлээр нийтэд мэдээлэх ёстой гэдэг шаардлага нь бодит амьдралд тэгтлээ нийцэх­гүй нь ойлгомжтой.
Тэгээд ч намууд үүнээс дав­сан хандив авч байгаа тул уг асуудал элсэнд асгасан ус болон замрахаас өөрцгүй зүйл. Учир нь тэр эхээс төрөхдөө л  УИХ-ын гишүүн болж төрөөгүйгээс хойш намдаа хэр хэмжээний хандив өргөн байж нэр дэвших эрхээ авч байснаа эхлээд шударгаар зарлачих хэрэг­тэй шүү дээ. Түүний да­раагаас л хэн хэдэн төг­рөгийн хандив өргөв хэмээн үгэнд дурлаж болох юм. Тэгэхээр энэ удаагийнх нь ээлжит улстөрийн жүжиг газар авах­гүй нь ойлгомжтой. 
Түүний хэвлэлийнхэнд хандсан бас нэг шалтгаан нь төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийлсэн явдал байв.  “Улсын төсөв хязгааргүй өсч байна” гээд улсын нэгдсэн төсвөөс гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан нь өмнөх гурван удаагийн УИХ-ын баталсан хөрөнгө оруулалтаас давсан ч үр өгөөж нь амьдрал дээр харагдахгүй байгааг шүүмжиллээ. Жишээ нь түүний сонгогдсон Дорнод аймагт гэхэд өндөр хүчдэлд холбогдоогүй сум байхгүй. Гэтэл 2012 оны төсөвт Чулуунхороот сумыг 4,5 тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбохоор тусгажээ. Монголд 30 гаруй сум төвийн эрчим хүчинд холбогдоогүй байхад холбогдсон суманд төсөв төлөвлөх хэрэггүй гэдгийг Ц.Шинэбаяр гишүүн хэлж байсан ч хүлээж аваагүй гэнэ.
Хачирхалтай нь эрхэм гишүүний шүүмжлэл өөрийн толгой дээрх бухлыг харах­гүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэгчийн үлгэр болон хувир­чих­лаа.
Цагтаа УИХ-ын гишүүн Ц.Шинэ­баяр өөрийн тойрогт ху­ваарилсан хө­рөнгө оруу­лалтыг хувийн ком­панидаа шилжүүлчихсэн л нөхөр. Өнөөдөр түүний тойрог­тоо хуваарилсан хөрөн­гө оруулалтаар Дорнод аймагт улаан үнээний ферм нэртэйгээр хувийн компани нь ажиллуулж байгаа. Мэ­дээж улсын хөрөнгөөр өөрийнхөө компанийн үйл ажиллагааг дэмжих нь шударга явдал мөн үү гэд­гийг эрхэм гишүүнээс асуу­хад илүүдэхгүй л болов уу.
Эцсийн дүндээ Хамуг Монголын хөдөлмөрийн нам гэгчийн байгуулаад сураг алдарсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр энэ мэт зүйлээр улстөр хийх гэсэн биш харин ч улам өөрийгөө баалж, өдрөөс өдөрт хэн ч биш болоод байгаагаа мэдэх­гүй яваа бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш