logo
Л.Лхагвадулам: Аав минь үндэсний баатар хүн байсан

Л.Лхагвадулам: Аав минь үндэсний баатар хүн байсан

2012/03/16
«Өндөр команд Армийг хөдөлгөж
Баатар хөвгүүд ган сэлмээ
Далайн далайн атакад оров оо...» гэж эхэлдэг Л.Цэнд-Очирын шүлгэнд Л.Мөрдоржийн зохиосон маршаар залуу жанжны цэргүүд алхаж байсан түүхтэй. Ж.Лхагвасүрэн 27 насандаа жанжин хэмээх эрхэм цолыг хүртэн, хийж бүтээсэн гавьяагаараа гадаад дотоодын олон шагнал хүртэж байжээ. Түүхэнд мөнхөрсөн залуу жанжин Ж.Лхагвасүрэнг 1989 онд Монгол улсын баатар цол нэхэн олгосон юм. Залуу жанжин Сүхбаатарын одонгоор гурван удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор дөрөн удаа, Байлдааны гавьяаны одонгоор гурван удаа, мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас» одон, МАХЦ-ийн «Генерал» сэлэм, ЗХУ-ын Улаан таван хошуу одон (1943), ЗХУ-ын Суворовын II зэргийн одон (1945), Октябрийн хувьсгалын одон (1967), Югославын «Эх орноо хамгаалсны төлөө» одон, «Нalhingol», «За победу над Японией», «Бид ялав», «Халх голын ялалт», «Германыг ялсны төлөө» болон Монгол, Зөвлөлт, Болгар, Польш, Германы медалиудаар шагнуулсан байдаг. Өнөөдөр Залуу жанжны мэндэлсний 100 жилийн ой тохионо. Энэ үеийг тохиолдуулан түүний охин Л.Лхагвадуламтай хөөрөлдлөө.

-Юуны өмнө аавын тань мэндэлсний зуун жилийн ойн мэндийг танд хүргэе. Та аав, ээж, ах дүүгийнхээ талаар яриагаа эхлүүлээч.
-Миний аав ард олондоо «Залуу жанжин» хэмээн өргөмжлөгдсөн Жамъянгийн Лхагвасүрэн 1912 онд Булган аймагт төрсөн. Харин ээж маань Цэндийн Дашцэдэн гэж хүрээний сайхан бүсгүйчүүдийн нэг байсан гэцгээдэг юм. Ээжийг хоёр настай байхад төрсөн ээж нь нутгаасаа Хүрээ орж Богдод мөргөж явахад нь Богд гэгээн «энэ хүүхэд танд төөрч төрсөн үр байна» гээд өөрийн төрсөн дүү Төрийн Чойжин лам Лувсанхайдавт өргүүлсэн юм билээ. Богдын лүндэнг зөрчих эрхгүй учир ээжийн маань хувь заяа ингэж өөрчлөгдсөн гэдэг. Би эхээс гурвуул. Ахыг Лхагва, дүүг маань Лхагважав гэдэг юм.
-Та хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан. Олон хүнтэй уулзаж танилцаж явахад генералын охин гэж арай өөр хандах байдал ажиглагддаг л байсан байх даа?
-Би Мэдээлэл радио телевизийн улсын хороонд насаараа ажилласан. Хорооны бүх салбарт, өөрөөр хэлбэл МОНЦАМЭ, Монголын радио, Монгол телевизэд. Аль алиных нь гадаад сурталчилгаанд, орос хэлээр гардаг сонин, сэтгүүлд, радио, телевизийн орос хэлний нэвтрүүлэгт сурвалжлагч, орчуулагч, хөтлөгчөөр ажиллаж байлаа. Надад генералын охин гэдэг байдлаар хүмүүс хандаж байна даа гэсэн юм мэдрэгдэж байгаагүй. Цаанаа сонждог байсан байж болох л юм. Ухаандаа энэ хүн өөрийнхөө чадлаар явж байна уу, аавынхаа нэрээр явж байна уу гэх маягаар анхаарч ажигладаг байсан байж болох. Миний бодлоор алдар нэртэй хүний хүүхэд эцгийнхээ нэрийн жинг дааж амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг. Нэг ёсондоо илүү хариуцлагатай байхыг шаарддаг гэх юм уу даа. Энэ утгаараа бид гурав аавынхаа нэрийг унагаж байгаагүй байх гэж би яг одоо бодож сууна.
-Залуу жанжны мэндэлсний 80, 90 жилийн ой гээд ер нь түүний төрсөн өдрийг нь тохиолдуулан ой болгоныг нь танай гэр бүл ах дүүс ёслон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Ялангуяа 90 жилийнх нь ойг нэлээн өргөн тэмдэглэсэн санагдана. Ахмад дайчдын хувьд Залуу жанжны мэндэлсэн ойн өдөр нэгэн томоохон тэмдэглэлт баяр нь шүү дээ.
-Тийм шүү. Ахмад дайчид маань «Жанжиндаа баатар цолыг нь өгүүлчихлээ, одоо хөшөөг нь босгох юм сан. Тэгвэл бид ялалтын баяруудаар цэцэг өргөх хөшөөтэй болох юм» гэсэн санаачилга гарган «Жанжин Лхагвасүрэн» санг байгуулсан түүхтэй юм шүү дээ. Ахмад дайчид тэтгэврийнхээ хэдээс хөшөөнд нь харамгүй хандивласан. Тэдний бүгдийнх нь нэрийг «Жанжин Лхагвасүрэн» эмхэтгэлдээ бичсэн байгаа. Аавын мэндэлсний 85 жилийн ойгоор 1997 онд хөшөөний шавыг тавьж, нээлтийг нь 2000 онд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 50 жилийн ойгоор хийсэн. 95 жилийнх нь ойгоор эрдэм шинжилгээний бага хурал, «Эх орон» сэдэвтэй уран зургийн үзэсгэлэн зохион байгуулсан.
Энэхүү 100 жилийн ойн арга хэмжээний нээлтийн үеэр аавын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно, дараа нь Тусгаар тогтнолын ордонд эрдэм шинжилгээний бага хурал болно. Ойн жилийн хүрээнд аавын минь бариулсан спортын ордонд өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөөтэй. Тэр арга хэмжээг Спортын хороо, Сайхан сумын нутгийн зөвлөл зохион байгуулна. Сайхан сумын сургууль их сайхан санаачилга дэвшүүлж энэ хавар хэрэгжүүлэх гэж байгаа. Арга хэмжээг нь орон даяар сурталчлах санаатай байна.
-Батлан хамгаалах яамны хувьд 100 жилийн ойг хамтарч зохион байгуулах болсон талаар сонирхуулаач?
-Уг нь ном ёсоороо бол түүхэн хүмүүстээ тухайн төр хэрхэн хандах нь их чухал санагддаг. Төрт ёсоороо бол бид Батлан хамгаалах яамтай биш, харин Батлан хамгаалах яам маань бидэнтэй хамтарч энэ арга хэмжээг зохион байгуулалцах ёстой байх л даа. Гэхдээ бид энэ ингэсэнгүй, тэр тэгсэнгүй гэж гомдоллож суухдаа гол биш. Аль ч аавын хүүхдүүдийн адил бид аавынхаа ойг сайхан тэмдэглэнэ, зөндөө юм хийхээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ манай аав бол зөвхөн бидний аав, бидний хүүхдүүдийн өвөө биш. Манай аавын ой бол ХХ зууны цэргийн гарамгай зүтгэлтэн, хоёр дайнд армиа командалж ялалт байгуулалцсан, Залуу жанжин гэдэг нэрээр нь одооны хүүхдүүд ч мэддэг, Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой гэдэг утгаараа томоохон тэмдэглэлт ой гэж зүй ёсоор тооцогдох ёстой.
Би аавыгаа улсын гэхээсээ илүү үндэсний баатар, ардын баатар хүн байсан гэж үздэг. Улсын баатар гэдэг цолыг төр хэзээ хойно ард түмнээрээ нэхүүлж, шаардуулж байж өөрийг нь тэнгэрт халиад долоон жил болж байхад өгсөн шүү дээ. БХЯ-ны дэд сайд ойд зориулж юм төлөвлөсөн л юм шиг байна билээ. Нэг өдөр манай хүүхдийн найз нь утасдаад «Таны аавын ойн тогтоол гарчихсан байна. Хоёр баатар генералын ой тохиож байгаа юм байна шүү дээ. Зуун жилийн ойг бас бөөнддөг юм аа» гээд инээж байсан шүү.
Аавыг минь мэддэггүй хүн бараг байдаггүй шүү дээ. Би л лав тийм хүнтэй саяхан болтол тааралдаж байгаагүй. Харин саяхан тохиолдсон нэг зүйлийн талаар яримаар санагдаад байна. Нэгэн телевизийн тухайн өдөр түүхэнд болсон үйл явдлыг товчхон дурьддаг нэвтрүүлгээр 3-р сарын 16-нд аавынхаа тухай мэдээлэл гаргуулах гээд очлоо. Хариуцдаг хүнтэй нь уулзан зорьж ирсэн хэргээ тайлбарласан чинь монгол хүний тухай тэр хуудсандаа оруулдаггүй гэнэ. Яагаад гэвэл аль нэг намын сурталчилгаа болчихно гэдэг үүднээс. Тэгээд манай аавыг намын гишүүн байсан уу гэж асуусан шүү. ХХ зуунд манай улсад ганцхан МАХН байсан гэдгийг тэр мэдэхгүй байгаа нь их сонин юм шүү.
-Тэр хүний өмнөөс танаас уучлалт гуйя. Гэхдээ хамгийн сайхан нь Залуу жанжин гэдэг алдрыг сонсож дуулаагүй, тэр хүний бахархалт гавьяаг сонсож мэдээгүй хүн ховор юм.
-Манай аав үнэхээр үндэсний хэмжээний хүн юм болохоор хүмүүс ч ой болж байгааг нь тун сайн мэдэх юм.  Хэвлэл мэдээллийнхэн ч их асууж сураглах юм. «Өнөөдөр» сонинд хоёр ч нийтлэл гарлаа, академич Ж.Болдбаатарын ярилц¬лага, зохиолч Д.Чинзоригийн  өгүүлэл нийтлэгдсэн байна билээ. «Соёмбо» сонинд сайхан өгүүлэл нийтэлсэн байсан. Харамсалтай нь нийтэлсэн хүний нэр нь байхгүй байна билээ. Түүнд талархмаар санагдсан шүү. Монголын үндэсний олон нийтийн телевиз нэвтрүүлэг, баримтат уран сайхны телекино хийнэ гэсэн. С1 телевизээр нэвтрүүлэг гаргая гэсэн. Танай МОНЦАМЭ агентлагийн «Новости Монголии», «Монгол мессенжер» сонинуудад өгүүлэл, ярилцлага нийтлэгдэж байгаа. Булган аймгийн Сайхан суман дахь аавын нэрэмжит сургуульд мөн тодорхой ажлууд хийгдсэн. Булган аймагт ойн комисс байгуулж, ойн ажлын хүрээнд цэргийн хэд хэдэн ангиар явж тойрон аялал хийсэн. Цэргийн музей, Жанжин штаб хамтраад «Миний мэдэх залуу жанжин» сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж ойн өдөр дүгнэж, шагналыг нь гардуулах юм. Бас Цэргийн сургуулийн шилдэг нэг оюутанд бид хувиасаа жил бүр аавынхаа нэрэмжит цалин, шагнал олгодог уламжлалтай. Тэрхүү нэрэмжит цалин, шагналыг авсан оюутан, офицерууд санаачлан TV-9 телевизийн АХА нэвтрүүлгийг зохион байгуулалцан оролцлоо.Тэд маань бас армийн хэмжээнд жил бүр болдог цэрэг офицеруудын хувьд чухал шалгуур нь болдог аварга шалгаруулах тэмцээнийг аавын нэрэмжит болгон өөрсдөө бай шагналыг нь хариуцъя гэсэн санаачилга гаргасан. Ахын маань хүү Л.Сэргэлэн ойд зориулсан үзэсгэлэн бэлэн болгоод байна. АНУ-д амьдарч байгаа миний дүү хоёр хүүтэйгээ дурсамж үдэшлэг зохион байгуулж, дүүгийн хүү Ч.Бадрал өвөөгийнхээ зураг, үгтэй аяга хийлгэсэн, интернэтэд кино, клип байрлуулсан гэх мэтээр бид аавынхаа дурсгалыг хүндэтгэж жилээс жилд улам олон ажил санаач¬лан хийхийг зорьж байна. Энэ бол үр хүүхэд бидний аавынхаа өмнө хүлээсэн сэтгэл зүрхний үүрэг гэж би ойлгодог юм.
-Хамгийн залуу генерал гэж түүхэнд мөнхөрсөн таны аав сэтгэлд тань ямар дүрээрээ хадгалагдан үлдсэн байдаг бол?
-Манай аав 27 насандаа генерал цолтой дүйцэх корпусын комиссар цолыг хүртэж байсан. Миний уншсанаар 27 настайдаа генерал болсон хүн Наполеон байдаг, тэгээд миний аав. Би одоо ч генералынхаа хувцастай байгаагаар нь л төсөөлдөг. Багаасаа л генерал хувцастайгаар нь харж өссөн болохоор тэр байх. Залуугаараа генерал болж насаараа цэргийн албанд ажилласан болохоор их хатуу ширүүн хүн байсан гэж боддог байх. Аав минь цэргийн хүн гэхэд их зөөлөн, аав хүн ямар байдаг билээ яг тийм л хүн байсан. Аав бидний хоорондын харилцаа нэг нь зааж захирдаг, нөгөө нь үг дуугүй үгэнд ордог маягийн харилцаа байгаагүй. Ер нь аав нэг их заагаад үглээд байдаггүй байсан. Олон юм ч яриад байхгүй. Тэгэхдээ хэлсэн бүгд нь хачин жинтэй тусдаг байлаа. Ер нь юмыг нэг л удаа хэлнэ, тэр нь огт мартагддаггүйсэн.
-Аав ээжтэйгээ хамт байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач. Эргээд бодоход сэтгэлд үлдсэн нэг их гоё дурсамжууд олон л байгаа даа?
-Мэдээж аав, ээжтэйгээ байсан цаг мөч бүхэн сайхан. Харин өөрийг чинь асуухаар нээрээ юу байсан билээ гэж бодогдож, эргэн дурсаж байна. Бага байхдаа аавтайгаа хөтлөлцөөд явж байхад их гоё байжээ. Би аавынхаа долоовор хурууг жижигхэн атгаад хамт алхдаг байсансан. Тэр нь надад түшиг тулгуур болж, зоригжуулдаг байсан ч юм шиг. Аавтай холбоотой миний хамгийн эртний дурсамж таван настай байхынх. 1951 онд аавыг Москвад академи төгсөж байхад нь ээж бид гурвыг авч очсон юм. Бид «Метрополь» зочид буудалд байрлана. Зочид буудлынхаа ха¬жуу дахь цэцэрлэгт салхилж, тоглодог байлаа. Зөвлөлтийн алдарт «Большой» театрт «Золушка», «Хунт нуур» балет үзсэнээ тод санадаг юм. Одоо бодоход аав, ээж хоёр маань бид гуравт их юм үзүүлж харуулахыг зорьдог байсан юм билээ.
Би цэвэр бичлэгийн хичээлд онц авч үзээгүй. Аав үе үе дэвтэр шалгаж үздэг байв. Нэг өдөр дэвтрийг минь үзчихээд, намайг өөдөөсөө харуулж суулгаад юм бичүүлж гарлаа. Би байдгаараа хичээж бичсэн боловч аавын шаардлагад хүрэх цэвэр нямбай болсонгүй. Тэгэхлээр нь би өөрийгөө өмөөрч «энэ үзэг их бүдүүн гараад, тэгээд цаас нь уугаад байна шүү дээ» гэхэд аав минь «үзэг, цаас чамайг мэдэх ёсгүй, чи үзэг, цаасаа мэдэх ёстой» гэж учирласан нь ер санаанаас гардаггүй юм.
Ах дүү бид гурав аавдаа зориулж хоёр эмхтгэл гаргасан. 1999 онд Халх голын 60 жилийн ойгоор «Жанжин Лхагвасүрэн» гэдэг ном хэвлүүлсэн юм. Түүнд би аавынхаа бичсэн номнуудаас, бичсэн шүлгүүдээс нь, мөн аавын тухай хэвлэлд гарсан өгүүлэл, дурсамжууд, аавд зориулсан дуу, шүлэг, найраглал, аавыг минь «Улсын баатар» цолоор шагнахыг шаардаж төр, МАХН-ын удирдлагад хандсан олон хүний захидал, хийж бүтээсэн ажил гээд маш их мэдээлэл орсон сайхан ном болсон. Дараагийн эмхэтгэлийг 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор «Олноо өргөмжлөгдсөн залуу жанжин» нэртэйгээр гаргасан. Аавтай минь холбоотой, ажил амьдралынх нь тухай дурсамж, түүхэн материал дундаршгүй их байдаг.
-Таны аав ихрийн нэг байсан гэдэг?
-Аавын ихэр Ж.Зундуй гэж бас эрэлхэг зоригтой ахмад дайчин байсан. Их сонин тохиолдол ярьж өгье. 1939 онд Маршал Х.Чойбалсан гавьяа байгуулсан дайчдад анхны шагнал гардуулахаар Халх голын фронт дээр аавтай хамт очжээ. Одонгоо гардаж авах гээд авга ах Маршалын өмнө очоод ёслоход нь Чойбалсан гуай их гайхсан гэдэг. Өмнө нь яг л аав зогсож байгаа харагдсан байх л даа. Аав ч дүүгээ байлдаж яваа, бүр гавьяа байгуулчихсан гэдгийг тэгэхэд л мэдсэн гэдэг. Авга ах маань цэргийн болон аж ахуйн салбарт олон жил ажилласан хошууч цолтой, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин хүн байсан.
-Дуртгалынхаа номын нооргон дээр үзгээ барьсаар хорвоог орхисон гэж түүхэнд бичигдсэн байдаг?
-«Сэтгэлд шингэсэн он жилүүд» номоо бичиж байгаад дуусгаж амжаагүй юм. Туслаж байсан хоёр цэргийн сэтгүүлч Да.Дамдиндорж, Б.Жанчив нар номыг нь дуусгаад хэвлүүлсэн. 4000 хувиар гараад дорхноо дууссан.
-Академич Б.Ширэндэв гуай аавыг тань хэлмэгдсэн гэж ярьсан байсан удаатай. Энэ талаар та юу ярих бол?
-Ширэндэв гуай Монгол Теле­визийн /МҮОНРТ/ «Түүхийн хоймор» нэвтрүүлгээр өгсөн нэгэн ярилцлагадаа манай аавын талаар их сайхан ярьсан байдаг юм. Тэр яриандаа «Цэрэг ардын дотор Ж.Лхагвасүрэнгийн тухай «залуу жанжин» гэж дуулдаг байсан юм. Тэр залуу жанжин бол манай ардын армийн томоохон нэртэй зүтгэлтэн хүний нэг байгаа юм. Энэ жанжин яагаад дээгүүр орох ёстой юм бэ гэвэл нэгдүгээрт боловсролоороо, хоёрдугаарт дайн байлдаанд орол¬цож явснаараа, эх оронч үйлсээрээ зүйрлэшгүй гавьяатай. Тэрбээр нийтдээ ЗО гаруй жил манай цэрэгт алба хаасан, бага тушаалаас Цэргийн яамны сайд, жанжин, генерал хүртэл явж ирсэн. Хоёр том дайнд Монгол цэргийг шууд өдөр тутам удирдаж явсан жанжин. Лхагвасүрэн жанжин дан ганц морин цэрэг биш, механикжуулсан, их буу, танкаар зэвсэглэсэн армитай болох, тэр талаар хүнээ бэлтгэх, сургах байлдааны арга барил, онолыг хэрэгжүүлэх талаар их юм хийсэн хүн. Зөвлөлтийн цэргийнхэн, жишээ нь маршал Малиновский, генерал Ковалёв, Плиев нар түүнийг цэргийн даргын хувьд их хүндэлдэг байсан юм. Түүний нэг чухал шинж чанар бол их сайн зохион байгуулагч байсан. Тэр ямар ч ажлыг зохион байгуулахдаа гарамгай, зуд болсон ч л түүнийг явуулдаг, түймэр гарсан ч, үер буусан ч зөвхөн түүнд л даалгавар өгдөг байсан.
Гэтэл Ж.Лхагвасүрэн хэлмэгд¬лээ. Батлан хамгаалах яамны сайдаас огцруулаад энгийн газар явуулсан. Их хуралд ажиллуулсан, гадаадад элчингээр явуулсан. Энэ талаар янз бүрийн л яриа байдаг. Манай монголчууд их атаархуу шүү дээ. Нэг нь нөгөөгөөсөө боловсрол, чадлаараа түрүүлбэл урдуураа гаргахгүй бодолтой. Тэр тийм байсан байж болох юм. Тэрний ард бас хүн байсан болов уу. Тэгээд л хэлмэгдлийн хэлбэрээр түүнийг тушаал бууруулсан байгаа юм. Хэлмэгдэл манайд, 37, 39 онд болсон. Тэр үед баривчлаад шууд амийг нь хороож, зовоож зүдрээдэг байлаа. Дараагийн үеийн хэлмэгдэл бол 50-60-аад оны нэр төрийг нь гутаадаг, сэтгэл санаагаар нь үхүүлдэг, олон түмний өмнө хамгийн муугаар нь дууддаг, элдвээр нэрлэдэг, ийм хэлмэгдэл байсан юм л даа» гэсэн байлаа.
Миний бодлоор сүүлд хэлмэгд¬лийн бас нэг өөр хэлбэр байсан байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл хэлмэгдүүлж байгаа хүнээ мартуулах, нэрийг нь дурсахгүй, байгуулсан гавьяаг нь дурьдахгүй, түүхийн бүтээлүүдээс хүртэл нэрийг нь хасдаг, ном, хэвлэл, кинонд гарсан байвал хасдаг аргаар хэлмэгдэл гээч юм үргэлжилж байсан. Миний аавын «Сэтгэлд шингэсэн он жилүүд» номонд Ю.Цэдэнбалын тухай орсон хэсгүүдээс хасахыг МАХН-ын Төв хорооноос шаардсан байдаг юм билээ. Энэ тухай номыг нь гүйцээж бичсэн сэтгүүлч хурандаа Да.Дамдиндорж ярьж, бичиж байсан. Аавыг минь нас барахад нам, засгаас гаргасан эмгэнэлд хоёр дайнд армиа удирдсан гэсэн баримтыг дурьдаагүй байсан нь надад тийм ч таатай санагдаагүй шүү.
-Ой тэмдэглэх их ажлын хажуугаар чин сэтгэлийн энгүүн яриа өрнүүлсэн танд баярлалаа. Залуу жанжны үр удамд хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.

С.Уянга
МОНЦАМЭ

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш