logo
Орон нутгийн сонгуулийн тойрог, хэсэг байгуулахыг шаардав

Орон нутгийн сонгуулийн тойрог, хэсэг байгуулахыг шаардав

2012/03/16
УИХ дахь Ардчилсан на­мын бүлгээс Ерөнхий сайд С.Батбол­дод хандан УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиу­дыг хэрэгжүүлэхийг шаардлаа.
 Одоо мөрдөж байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүх шатны Хурал орон нутгийн хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогч­дод мэдээлэх ёстой аж.
Орон нутгийн хурлын сонгуу­лийн санал авах өдөр нь УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй нэг байх хуулийн заалтаар бол орон нутгийн хурлын сонгуулийн тойрог нь 2012 оны 1 дүгээр сарын 25-аас өмнө байгуулагдсан байх ёстой юм.
Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд орон нутгийн хурлын сонгуулийн тойрог, хэсэг байгуулагдаагүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэх талаар шаардлага хүргүүлж байгаа аж.
Уг шаардлагад, Мон­гол Улсын Ерөнхий сайд нь Үндсэн Хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрыг удирдаж, төрийн хууль бие­лүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдагийн хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиудын биелэлтэд онцгой анхаарч, хуульд заасан хугацаанд нь хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авна уу гэсэн байна.
Ш.Чимэг
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш